Хятадын иргэн 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх валют нууж орж ирэхийг завджээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрээн-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор өнгөрсөн даваа гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан БНХАУ-ын иргэн C гар тээшиндээ их хэмжээний валют оруулж ирж байсныг Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан илрүүлжээ. Улмаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт заасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргаагүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгааг Гаалийн ерөнхий газрынхан мэдээллээ.

Өмнөд хөршийн иргэн C өнөөдрийн зах зээлийн ханшаар 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг гар тээшин дэх эд зүйлийнхээ дотор нуусан байсан гэнэ. Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан өнгөрсөн долоо хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ОХУ-ын иргэн Г.В гар тээшиндээ 150 мянган ам.доллар буюу 400 сая гаруй төгрөгтэй тэнцэх валют бэлнээр оруулах гэж байсан үйлдлийг илрүүлсэн билээ. Гаалийн тухай хуульд зааснаар гадаад, дотоодын иргэн хэн ч байсан Монгол Улсын хилээр таван сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг гаалийн байгууллагад заавал мэдүүлэх үүрэгтэй.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх