Ж.Батзандан юу ярьчихав аа?!

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

-Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа-

Өнгөрсөн цагт гаргасан Ц.Элбэгдоржийн алдааг өнөө цагт Ж.Батзандан давтах нь. Тэдний ялгаатай нь нэг нь санамсаргүйгээр, нөгөө нь санаатайгаар төрийн нууц задалсан явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1992-1996 оны хооронд парламентын гишүүнээр сонгогдож ажиллаж байхдаа төрийн нууц задалсан хэрэгт холбогдож байв. Түүнийг тухайн үед төрийн нууц задалсан гэх үндэслэлээр парламентын гишүүнээс нь буулгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Мань эр хууль, хяналтын байгууллагын үүдийг багагүй хугацаанд сахиж, эрх мэдэлтэй ах нарынхаа буянаар ч гэх үү гэмгүй үлдэж эргээд бүрэн эрхээ сэргээлгэж УИХ-ын гишүүн болж байсан билээ.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн энэ алдааг өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан давтах нөхцөлийг өчигдөрхөн бүрдүүлчихлээ. Ялгаатай нь Ц.Элбэгдорж санамсаргүй, мэдэлгүйгээр төрийн нууцыг задалж байсан бол Ж.Батзандан мэдсээр байж санаатайгаар төрийн нууцыг задалж орхих нь тэр. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ” гэв.

Түүнчлэн Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” хэмээн мэдэгдлээ. Түүний ярьснаар бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүд нь төрийн нууц” гэсэн тамгатай бичгийг төрийн нууц биш гэж үзжээ. Тиймдээ ч олон нийтэд мэдээлэх ёстой гэх шийдвэрт хүрсэн байна. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэв, төрийн нууцыг ч задалж орхив. Хэдийгээр мань эр төрийн нууц биш гэж үзсэн ч агуулга, хэлбэрээс нь үл шалтгаалж төрийн нууц гэсэн тамгатай бичгийг түмэн олонд задалж байгаа нь өөрөө бултах аргагүй гэмт хэрэг юм.

Учир нь, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн тавдугаар хэсгийн 87 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлс, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол 5-8 жилийн хорих ял оноохоор зүйлчилжээ.

Харин өнгөрсөн цагт төрийн нууц задалсан гэх үндэслэлээр Ц.Элбэгдоржийг парламентын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгаж байсан бол өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түүнийх шиг хувь заяа хүлээж байна. Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа. 

Б.Төрбат 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх