Туркменистан авлигачдаа шившиглэж байгаа нь арай хүнлэг юм аа

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Туркменистан гэж улс Азид бий. Авторитар дэглэмтэй. Хуучны “стан” орнуудаас нэг хүний эрхшээлд үлдсэн улсын нэг. Ерөнхийлөгч нь их сүртэй. Венесуэлийн араас орох гэж байгаа улсын төрийн тэргүүн гэмээргүй аяг ааш, үйлдэл гаргаж, тэр бүхнээрээ бахархсан шиг аж төрдөг нөхөр. Дэлхийн хамгийн өндөр шонд төрийнхөө далбааг мандуулсан, хамгийн том талбай эзэлсэн усан оргилуурыг Геннист бүртгүүлсэн гэж ирээд жагсаавал агуу сүрлэг байгууламжаараа л Туркменистаны нэр цэнхэр гаригт дуулддаг. Ерөнхийлөгч нь тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн үлгэр домог шиг мэдээ, бичлэг хөвөрч байдгаар нь Гурбангулы Бердымухамедовыг дэлхий андахгүй. Товчхондоо Гурбангулы Бердымухамедов бол дарангуйлагч, Туркменистан авторитар дэглэмийн тод жишээ болсон улс.

Саяхан энэ улс хэдэн сайд дарга нараа теле камерын өмнө зэрэгцүүлж зогсоож байгаад шившиглэсэн бичлэгийг дэлхий даяараа харлаа. Энэ улс ч гэж юу байхав, ноён удирдагчийн ааш аягт таалагдаагүй учраас сайд, дарга нар нь камерын өмнө гэмшсэн дүртэйгээр зогссон хэрэг. Телевизээр шившиглэгдэж байгаа сайд дарга нар бүгдээрээ цэвэрхэн хослол, цагаан цамц, гялгар ботинк, толийтол самнасан халимаг үстэй харагдана лээ. Хэдийгээр дарангуйлагчийнхаа хүсэл зоргоор шившиглэгдэж байгаа ч Европтой ойрхон болоод тэр үү, залуу сайд нар гаднаасаа соёлтой, аятайхан харагдаж байсан. Товчхондоо Туркменистанд цэмбийсэн дарга сайд нар эцэг удирдагчийнхаа өмнө гэмшин уйлж байна.

Гэтэл манайд эсрэгээрээ. Бүс нутагтаа ардчиллын баян бүрд гэгддэг Монгол Улсын төр авлигаар буруутгаж шийтгэгдсэн иргэдээ сэтгэл эмзэглэмээр шившиглэдэг. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулсан гэж дэлхийд тунхаглаж урагшилж яваа улс гэхэд гутмаар дүр зураг нүдний өмнө хөвөрсөөр байгаа. Хүн ихэд айж, сүрхий цочирсон үедээ жолоодлогогүй үйлдэл хийдэг. Эрүүл саруул, айвуу тайвуу амьдарч яваа хүмүүс хөндлөнгөөс нь харахад ичгэвтэр байдалд орохоор үйлдэл үзүүлдэг. Гэмт хэрэгт буруутгагдаж, төрийн хараа, хяналтад орсон иргэд цочирдохдоо элдэв үйлдэл хийж таарна. Цочирдохдоо хэн ч, ямар ч аяг гаргаж мэднэ. Магадгүй зарим тохиолдолд элдэв үйлдэл хийтэл нь цочирдуулах эх үүсгэлийг гэм хийсэн иргэнээ барьж хорьсон төр өөрөө хийдэг. Хамгийн гутмаар нь төрийн нэрийн өмнөөс ажилладаг хууль, хүчний байгууллага гэм, ялаа эдэлж хоригдож байгаа иргэдийн, хариуцлагаа хүлээж шийтгүүлсэн хүмүүсийн цочирдохдоо хийсэн элдэв үйлдлийг камераар бичиж, олонд дэлгэж шившиглэдэг. Хүний эрх талаас харахад төрийн иргэнээ шившиглэж буй энэ арга алга ташихаар зөв зүйл угаасаа биш.

Ийм өнцөг хөндсөн хэвлэл мэдээллийг авлигачдыг өмөөрлөө гэсэн буруутгал анзаарагдаад удаж байна. Авлигачдыг өмөөрлөө гэж дүгнэж, буруутгах нь том эндүүрэл. Харин ч бид, хэвлэл мэдээллийнхэн авлигачдыг шийтгэх ёстой, авлигагүй нийгэмд амьдрахын төлөө хуулийг гууль болгохгүйгээр авлигач бүрт хариуцлага хүлээлгэх учиртай гэсэн хатуу байр суурьтайгаар үзгээ шүүрч, үгээ хэлдэг. Авлигын эсрэг тэмцдэг байгууллага гэж байгуулагдахаас өмнө бид авлигатай тэмцэж байсан. АТГ гэж байгууллага байгуулагдаж ажиллаж буй өнөө цагт ч тэднээс дутахгүйгээр авлигын эсрэг тэмцэж яваа. Тэгэхээр авлигачдыг хаацайлах гэж оролдлоо гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл, муйхар буруутгал.

Авлигачдыг илрүүлж, шийтгэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт шийтгэлээ хүлээсэн иргэнээ шившиглэх эрх төрд, төрийг төлөөлж ажиллаж байгаа АТГт байхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдлыг сөхье. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын кейсийг. Монгол даяар түүний салаавч үзүүлж элдвийг хэлж буй нүд халтирам төрхтэйгөөр харсан. Уурлаж, бухимдаж, цочирдож энэ тэр болоогүй бол Н.Энхбаяр шиг хүн тэгж аашлахгүй нь тов тодорхой. Монголын төр иргэнээ улс төрийн зорилго, ашгаар ингэж шившиглэсэн тохиолдол ганц Н.Энхбаяраар дуусаагүй. Саяхан л гэхэд АТГ бахархалтайгаар хэвлэлийн хурал зарлаж байгаад иргэдээ шившиглэсэн. Дахиад хэлье. Бид авлигатай тэмцэх ёсгүй, авлигачдыг өмгөөлөх ёстой гэж хэлээгүй, асуудлыг тэгж хараагүй. Авлигачид шийтгэлээ хүлээх ёстой, гэхдээ улс төрийн жижиг сонирхлоор шившиглэгдэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийг уландаа гишгэсэн, үл тоосон ийм хандлагыг төр нь, төрийг төлөөлсөн байгууллага нь иргэддээ гаргаж болохгүй. Тэр дундаа ардчиллын замаар алхаж яваа Азийн Монголд байж боломгүй үзэгдэл.

Монголд хүний эрхийг хамгаалах чигийн олон байгууллага ажилладаг. Энд болж байгаа элдэв хэрэгт санаа оноогоо хэлж, мэдэгдэл гаргадаг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч цөөнгүй. Хүний эрх ярьж, хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд яг өдийд уг нь энэ зүгт анхаарлаа хандуулчихсан явах учиртай. Гэтэл хүний эрхийн төлөө ажилладаг ганц ч байгууллага иргэнээ шившиглэж, хувь хүний эрхэнд нь халдаж байгаа төрийг, төр төлөөлж ажилладаг байгууллагыг шүүмжилсэн мэдэгдэл байтугай, байр суурь ч илэрхийлэхгүй юм.

Хуучин нийгмийн үед, өнгөрсөн зууны гуч, дөчөөд онд л аавыг нь буудаж хөнөөчихөөд, хүүхдийг нь сургууль дээр нь шившиглэж хөөж, хэлмэгдүүлж хөнөөсөн иргэнийхээ гэр бүлийг гишгэх газаргүй болгодог байсан. Тэр цагийн иргэдээ шившиглэдэг хандлага энэ цагт тод илрээд байгаа нь гашуунаар хэлэхэд Монголын эмгэнэл. Үндсэн хуульдаа хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол Улсад аль тэртээ тэр үеийн хар арга дэлгэрч байгаа нь яаж ч бодсон хүлээн зөвшөөрөхөөр жишиг биш. Үндсэн хуульт ардчилсан улсад бүх зүйл хуулийн дагуу өрнөх учиртай. Дахин давтаад хэлэхэд Монголын төр, АТГ авлигачдаа хуулийн дагуу шийтгэх ёстой.

Иргэнийхээ эрхэд халдаж шившиглэснээр авлига зогсохгүй л дээ. Ингэж шившиглэснээ авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил хийж байна гэж сэтгэж суугаа бол тэрэн шиг том эндүүрэл байхгүй. Иргэдээ шившиглэж авлигын эсрэг тэмцдэг улс Хятад, манай хоёроос өөр үлдээгүй байх шүү, цэнхэр гаригт.

Ц.Баасансүрэн     

Эх сурвалж: Өдрийн сонин 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх