Наймаалж 3 зүрхтэй

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Наймаалж ухаантай амьтан болохыг нотолсон баримт, бичлэг олон байдаг. Тиймдээ ч эрдэмтэд түүнийг сонирхон судалсаар өнөөдрийг хүрсэн нь дамжиггүй юм. Халуун орны тэнгис, далайд дураараа сэлгүүцэх энэ амьтныг хүн төрөлхтөн "зөнч"-өөр хүртэл өргөмжилж байсныг та бүхэн санаж буй биз ээ. 

Африк тивд анх удаа болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олны анхаарлыг татсан найман тоглолтын дүнг таасан Паул наймаалж хөлбөмбөгийн "Алтан од" хэмээгдэж байв. Паул наймаалжийг 2018 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний тоглолтуудыг таалгахаар албан ёсоор урьсан ч биологийн наслалтын хувьд боломжгүй болсон байжээ. Паул наймаалж хоёр нас хүрээд "таалал төгссөн" байдаг.

Оберхаусен дахь далайн амьтны хүрээлэнгийн ерөнхий менежер Стефан Форволл Паул наймаалжийг "Тэр үнэхээр зөнч, гайхалтай наймаалж байсан. Бид түүнийг санагалзах болно” хэмээн дурсан ярьсан байдаг юм.

Тухайн үед түүнийг алж идэх, тэжээх, түрээслэх зэрэг олон янзын хүсэлт дэлхийн өнцөг булан бүрээс ирж байжээ. ОХУ-ын нэгэн компани Паул наймаалжийг сарын 5000 ам.доллараар түрээслэх саналыг ч ирүүлж байсан аж. Мөн 100 мянган еврогоор худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн хүн ч гарчээ.

Бартаа саадтай газраас гарц олох, хэд хэдэн даалгаврыг биелүүлэх нь наймаалжид төвөг учруулдаггүй гэнэ. Наймаалж маш богино хугацаанд сэтгэх чадвартай, удаан хугацаанд тогтоох ойтой амьтан ажээ. Наймаалж лааз хялбархан онгойлгож, нарийн зайгаар амархан багтан, улмаар нэвтрэх чадвартай. Тэднийг мөн янз бүрийн геометрийн дүрс, хээг ялгахад сургаж болдог байна. Зарим наймаалж хүүхдийн тоглоомоор хүртэл тоглож чаддаг байна. Энэ нь түүний хэр ухаантайг илтгэнэ. Аюул тохиолдсон үед наймаалж бараан өнгөтэй шингэн ялгаруулж усыг булингартуулаад зугтааж амждаг ажээ.

Наймаалжны найман тэмтрүүлийн зургаа нь гар, хоёр нь хөлийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хос гурван тэмтрүүлээрээ янз бүрийн биетийг барьдаг байна. Эрдэмтэд Европын 16 далайд 2000 гаруй удаагийн ажиглалт хийсний дүнд ийм дүгнэлтийг хийжээ. Наймаалжинд зүүн болон баруун гэсэн ойлголт байхгүйгээрээ хүн болон бусад амьтдаас ялгаатайг олж тогтоожээ. Энэ нь түүнд харааны хувьд асуудал үүсгэдэг байж магадгүй гэж эрдэмтэд үзсэн байна.

Наймаалжны тухай бас нэг сонирхолтой баримтыг энд дурдъя. АНУ-ын Калифорни дахь "Монтерей Бэй” /MBARI/ аквариумын судлаачид наймаалж дөрвөн жилийн турш өндгөө дардаг гэдгийг олж тогтоожээ. Тэд анх 2007 онд нэгэн наймаалжийг өндөглөснийх нь дараагаас ажиглаж эхэлсэн байна. Эрдэмтэд 2011 оны аравдугаар сард очиход наймаалж байсан газраасаа явсан байжээ.

Эх наймаалж дөрвөн жил хагас хугацааны турш нэг л газраа байж өндөгнүүдээ хамгаалж байсан учраас турж, арьс нь унжиж, цонхигор болсон байсан гэнэ. Тэрбээр өндөгнөөсөө нэг ч удаа холдож, хоол хүнс эрээгүй аж. Түүний байсан газар хагарсан өндөгний үлдэц л байсан бөгөөд судлаачид тэнд 160 өндөг байсан гэдгийг олж мэдсэн байдаг. Уг наймаалж далайн түвшнээс доош 1400 метрт өндгөө дарж байсан бөгөөд судлаачид дөрвөн жил гаруйн хугацаанд 18 удаа очиж, шалгаж байжээ. 

Наймаалж ухаантай амьтан болохыг нотолсон бас нэг баримтыг энд өгүүлье. "Далайн эргийн охин" нэрээр олонд танигдсан Хятадын блог хөтлөгч бүсгүй ээлжит бичлэгээ хийж байхдаа наймаалжийн дайралтад өртсөн нь цахим ертөнцөөр шуугиан тарьж байсан билээ. Далайн хоол идэх дуртай гэдгээрээ алдартай тэр бүсгүй рүү идэхээр зэхэж байсан наймаалж нь дайрсан юм. Мэдээж, ийм ухаантай амьтан идүүлэхээ хүлээгээд зүгээр байна гэж юу байх билээ дээ.

MNB.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх