Австралийн иргэн Люсинда Эми Скотийн монголчуудад хандаж бичсэн захидал хэдэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр газар авч тарав. "Монгол, хөдөөний малчин залуутай гэр бүл болсон Австрали улсын иргэн Люсинда Эми Скот ГИХГ-ын шахалтаар тун удахгүй нутаг буцах гэж байна. Тэрээр манай улсын иргэнтэй гэр бүл болж, хуримаа хийж багагүй хугацааг өнгөрөөжээ.
Улмаар Монголд амьдрах хугацаандаа гэр бүлтэй болсон тул манай Улсын хууль эрх зүйн хүрээнд гэр бүлийн виз (GB1) авах өргөдлөө ГИХГ-т хүлээлгэн өгчээ. Гэвч тэдгээр хосод тодорхойгүй шалтгаанаар Монголд оршин суух визний зөвшөөрөл олгоогүй байна” гэсэн захиаг та бодвол харсан л байх. Тэрээр захидалдаа, Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газар, түүний даргад хүртэл нь шэйр хийхийг хүсээд малчин залуутай гэрлэсэн хэдий ч монголд амьдрах боломжгүй боллоо хэмээн тусламж хүссэн байлаа. Тэрээр Төв аймгийн иргэн, малчин Э.Жаргалсайхантай энэ оны тавдугаар сард хуримаа хийсэн гэдэг ч тэдний гэрлэлтийн гэрчилгээ нь 6 дугаар сарын 14-нд гарсан байдаг. Харин Австралийн иргэн гэр бүлийн виз олгохыг хүссэн өргөдлөө Гадаадын иргэн харьяатын газарт 7 дугаар сарын 2-ны өдөр өгчээ. Энэ хугацаанд түүний ажил олгогч байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болж байсныг тэрээр захидалдаа дурьдсан байсан. Өөрөөр хэлбэл түүний манай улсад ажиллаж амьдрах албан ёсны зөвшөөрлийн хугацаа дуусмагц монгол залуутай гэрлэсэн байж болох талтай. Уг захидал бичсэн эмэгтэйн гэрт холбогдох албаныхан очиж шалгахад, нөхрийнх нь эд зүйл, хувцас хунар гэх нэгээхэн ч юм байхгүй байж. Энэ тухай хатагтай Люсинда, "Бид одоогоор тусдаа амьдарч байгаа болохоор” гэж тайлбарлажээ.
Нөхөр болох залуу нь англиар нэг ч үг мэдэхгүй бөгөөд яаж ойлголцдог вэ гэхэд орчуулагчаар дамжуулан ярилцдаг гэсэн аж. Ямартай ч эх сурвалжаас авсан мэдээллээр Австрали улсын иргэн Люсинда Эми Скотод GB 1 буюу гэр бүлийн ангиллын виз олгохоос татгалзсан байна. Гадаад иргэдтэй л монголчууд сууж ялангуяа БНСУ-ын иргэдтэй гэрлэж харийг зорьдог байсан бол гадаад бүсгүйчууд монгол залуучуудтай гэрлэх нь нэмэгдэж, хөдөө орон нутагт архичин залууг өөрийн болгож өөдлөн дэгжээсэн япон бүсгүйн тухай уярам түүх явж л байсан.
Тэдний нэг жишээ нь дээрх бүсгүй. Түүнд гэр бүлийн ангиллаар виз олгохоос татгалзаж өөр ангиллаар хүсэлт гаргаж болно хэмээн мэдэгдсэний дараа тэрбээр дээр өгүүлсэн захиагаа нийтэлсэн байсан. Харин уг захианы дор хуулийн дагуу чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын ажилтнуудыг дайрч доромжлон, австрали бүсгүйд виз олгохыг шаардсан, хайр бүхнийг ялна гэх үгтэй сэтгэгдлийг 1000 орчим монгол хүн бичсэн байсан юм.
Бид дээрх жишээнээс улбаалан хичнээн хүн гэр бүлийн ангиллаар виз авч амьдарч байгаа талаар тодруулсан юм. Гадаадын иргэн, харьяатын байгууллагаас өгсөн мэдээллээр 2018 онд 91 хүнд шинээр гэр бүлийн шалтгаанаар виз олгожээ. Энэ онд гэхэд 36 гадаадын иргэн аль хэдийн уг ангиллын визээр амьдрах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Монгол Улсын хэмжээнд нийт гэр бүлийн буюу GB ангиллын визтэй 1440 хүн байна. Харин HG ангиллаар буюу хөдөлмөр эрхлэх бол сар бүр улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хураамж төлөх үүрэгтэй байдаг. Төр засгийн байгууллага асуудлыг нь өөрт нь таатайгаар шийдэхгүй тохиолдолд сошиалд бичиж "олон нийтийн дэмжлэг" авч, өнөөдүүл нь асуудлыг мэдэхгүйгээр тухайн байгууллага албан тушаалтан руу сүрэглэн дайрч, гол дүрийн баатрын асуудлыг шийдүүлдэг жишээ ганц энэ биш. Монголчууд ч ялгаагүй гадаадын оронд виз авахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг тухай мэдээлэл байдаг. Бараг хоёр жилийн өмнө дөө, Швед улсад амьдардаг И.Жаргалсайхан нэртэй хүү 18 нас хүрэхэд түүнийг нутаг буцаах шийдвэр гарчээ.
Гэтэл монгол хүүг нутаг буцаахын эсрэг сургуулийнх нь 1500 орчим сурагч жагсаал хийсэн тухай мэдээлэл гарч байсан. Монгол хүү өөрийн нутагтаа очоод боловсрол олж авах нь маш хэцүү, багш нар нь зоддог хэмээн захидал бичсэн нь сургуулийнхны сэтгэлийг зовоож "Жагааг бүү буцаа” хэмээх үгтэй самбар барин жагсахад хүргэсэн байв. Гэхдээ түүнийг насанд хүрч тус улсад амьдрах эрх нь дуусгавар болсон хэмээн үзэж нутаг буцаасан байдаг.
Зөвхөн Монголд ч биш тусгаар тогтносон ямар ч улсад гадаадын иргэн амьдрах, виз олгохтой холбоотой асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж шийдэх биш тухайн хариуцсан байгууллага нь шийдвэрлэх учиртай. Чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж буй хүмүүс рүү субьетив дайралт хийх явдал хэрээс хэтэрсний энгийн нэг жишээг дурдахад ийм байна.
www.eagle.mn