Улсдаа хаягдсан уул уурхай

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эдийн засгийн тогтуун бус гэнэтийн өсөлтөөрөө Азийн Монгол аль хэдийнэ дэлхийд цорын ганц болж байв. ДНБ жилийн дотор 17.3 хувиар өссөн нь урьд хожид тохиогоогүй амжилт. Магадгүй дахин ийм эдийн засгийн гаргуун өсөлт бий болох эсэх нь өнөөдөр ч эргэлзээтэй хэвээр. Өмнөх амжилтаа бид дархалж чадах болов уу, одоо. Монгол Улс экспортлогчийн байр сууриндаа үлдэх үү. Эсвэл үйлдвэрлэгч орон болох уу. Урт удаан хугацаанд тогтвортой хөгжих арга замаа бид ер нь олсон уу.

Салаа замын уулзварт буй Монгол нутагт уул уурхайг дагасан Баялгийн хараал, Голланд өвчин үүрээ засаад хэзээний амжсан. Түүний анагаах аргыг бид олж мэдсэн ч хэрэгжүүлж чадахгүй өнөөдөртэй золгож байна. Уг нь эзэн нь юмаа мэддэгсэн. Гэтэл төрөлжиж чадаагүй эдийн засагт үлэмж орлого тогтохгүй нь. Үүнийг өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн бэлэн мөнгөний тараалтууд нотолно. Газрын хэвлийдээ олон төрлийн баялагтай ч гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

Манайхаас дутахгүй байгалийн баялагтай боловч сайн сайхан аж төрөөд байдаг улс орнууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Норвеги, Кувейт, Катар, Ботсванаг энд хэлж болно.  Гэтэл манайх гэдэг айл баялгийн хараалд сөгдөх үү, сөрөөд гарах уу гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулан зогсов. Байгаль цаг уур, газар орны байршлаас хамаарч хувиараа ашигт малтмал олборлох иргэдийн тоо олширсоор. Нийт 17 аймгийн 49 сум, нэг дүүргийн 107 цэгт гар аргаар ашигт малтмал олборлож байгаа гэсэн судалгаа бий.

Эдгээр хүмүүсийн 86.8 хувийг алтны үндсэн ба шороон ордын олборлогчид, 0.38 хувийг гянтболд, 0.73 хувийг жонш, 2.2 хувийг нүүрс, 0.14 хувийг цагаан тугалга, 0.04 хувийг давс, үлдсэн хувийг үнэт чулуу болон бусад ашигт малтмал олборлогчид эзэлдэг аж. Энэ он гарснаас хойш хэд хэдэн том, жижиг уурхай хаагдаж, үүнтэй холбоотойгоор уурхайчид ажлын байргүй болллоо. Төсвийн орлого, эдийн засгийн өсөлтийг бий болгох уул уурхайн салбар өнөөдөр ачааны хүндийг үүрч буй. Гэтэл улс нь үл тооно.

Уул уурхай тооны хувьд хөгжсөн хэдий ч чанарын хувьсал эдийн засагт дорвитой гарсангүй. Баяжуулах, боловсруулах үйлдвэр алга. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тулгуур болсон уул уурхай хүнийх болчихож. Товчхондоо Монголын эдийн засгийн аюулгүй байдал хазайжээ. “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн” хэмээн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлалд онцолжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх шаардлагыг хангасан бол манай эдийн засагт дайсан үгүй гэж ойлгоход буруудахгүй нь. Тэгвэл өр сэтгэл өмөрч хайлмаар Өмнийн говийн Цагаан хад, түүнээс Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх саарал тоос манарсан говь нутагт уул уурхайн түрэмгийлэл газар авчээ. Төр засаг нь муу учраас л уул уурхайн бүс нутаг ийм байдалд хүрч байна.

Ашигт малтмалын асар их нөөцтэй Монгол орныг гаднын хөрөнгө оруулагчид “Төв Азийн Кувейт” хэмээн нэрийдэх болсон. Олон арван жилийн турш гаднын хөрөнгө оруулагчид говь нутгийн баялагт харцаа унагаж өнөөг хүрсэн билээ. Тиймээс ч дэлхийд Монголыг, тодруулбал, алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш, занарын яндашгүй нөөцөөрөө нь аль хэдийнэ судлаад эхэлчихсэн. Гэтэл улс орны эдийн засгийн баталгаа болсон салбар өнөөдөр эзэнгүйджээ.

Төр нь тоохгүй, зөвхөн хувийн хэвшилд даатгаж орхино. Уг нь манай улсын ДНБ жилээс жилд өсч байгаа боловч өсөлт наалдсангүй. Зүгээр л шилний цаанаас чихэр долоолгож өнөөг хүрэв. Цалингаас цалин, талхнаас талхныхаа хооронд л амьдрал өрнөсөөр байна. Эдийн засгийн багана ганхаж, өрхийн төсөв урдуурдсаар. Халаас хөнгөрч, хэтэвч хоосорсон ирэх оны эдийн засгийн төрх нэг л ааш муутай.  Уул уурхайг үгүйсгэх тусам эдийн засаг уруудаж, хариуцлагагүй уул уурхай харин эсрэгээрээ хөгжин цэцэглэх аж.

Э.Энх-Амгалан

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх