МАН татан буулгасан агентлагаа дахин байгуулна

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АН засгийн эрхийг барьж байх үед буюу 2012-2016 онд төрийн бүх тендерийг хариуцсан Худалдан авах ажиллагааны газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. “Яам болгон өөрийнхөө салбарын тендерийг хариуцаж байгаа нь төрийн худалдан авах үйл ажиллагааны бодлогыг алдагдуулж байна. Тиймээс нэгдсэн бодлоготой, хариуцах эзэн нь тодорхой байх шаардлагатай” гэж үзэн Худалдан авах ажиллагааны газрыг байгуулж байв.  Гэвч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахдаа Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан юм. Ингэснээр төрийн худалдан авалт хуучин хэлбэртээ орж тендертэй холбоотой хардлага нэмэгдсэн. Олон нийт тендерийн цаана авлига байна гэж үздэг. Мөн тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл байдаг гэх нь ч бий. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог гэдгийг зарим УИХ-ын гишүүн хэлж байсан удаатай.

Мөн тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцох нь тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулиас тендерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан гэх мэт алдаа дутагдалтай үед тендерийг хэн дуртай нь зохион байгуулж байгаа нь буруу гэж үзсэн бололтой. Тендер хариуцсан агентлагыг дахин байгуулахдаа Шадар сайдын бус Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрхлэх асуудлын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар  нэртэйгээр 2019 оны батлагдсан төсөв, орон тоонд багтаан байгуулах юм байна. Тодруулбал, УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Уг тогтоол нь Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан тогтоол юм. Засгийн газар уг тогтоолд өөрчлөлт оруулах саналаа өнгөрсөн зургадугаар сарын 14-нд УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцээд завгүй байсан учраас ийнхүү энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг нь МАН-ынхан Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь алдаа байсан гэдгээ аль эрт хүлээн зөвшөөрөөд байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн хоёрдугаар сард “Яамд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдад нь хариуцуулсан. Өөрөөр хэлбэл, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь алдаа болсон. Тендерийг төрийн захиргааны байгууллага нь дагнан гүйцэтгэж байх нь зүйтэй” гэж байлаа.

С.Шийлэгтөмөр 

Эх сурвалж: eagle.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх