Алтгүй ирлээ жудо, аштай юу даа

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод болж өндөрлөлөө. Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ч гавьяат тамирчин М.Уранцэцэг л ганцаараа хүрэл медаль хүртлээ. Аштай юу даа, амар амар. Тамирчдыг олимп, дэлхийн аварга болохоос нь айдаг болсон байна.

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болсон залуу 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно гэсэн үг. Олимпийн аварга болчихвол сар бүр дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Эд нарт мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм хаана байна вэ. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг матарлаж байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон байна. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг огтлоход ойрхон болжээ. Сая чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх хэл ам, хэрүүл шуугиан үүнийг харуулж байна.

Хамгийн гайтай нь тамирчид зодог тайлсныхаа дараа улс төр лүү зүтгэж айлгадаг боллоо. А.Сүхбат гэж улс төрд орсон дархан аварга байна. Эд нарыг барилдахдаа л сайн гэснээс биш, удирдах ухаантай гэж хэн ч хэлээгүй. Уран хурц барилдааныг нь л хүндэлдэг. Энэ хүндлэлийг нь далимдуулаад “Та нарыг удирдана, захирна” гэж давхиад байдаг нь аюултай. Улс төр лүү бөх, дуучин улсыг хавьтуулмааргүй юм билээ.

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх