-Ёс зүйгүй гэдгээ парламентад нялзааж байна-
УИХ-ын чадамжгүйг баталж, өдгөө гишүүд тарах асуудлаа хэлэлцэхээр гарын үсэг цуглуулж байна. Одоогоор 40 гаруй гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсгээ зурсан гэх мэдээлэл бий. Гэхдээ тэд өөрсдийн хүслээр бус МАН-ын генсекийн шантаажинд орж, ЖДҮ, тендерийн асуудлаас болж “дээл”-ээ нөмөрчихгүйн тулд гарын үсгээ зурсан гэж байгаа.
Үндсэндээ төрийн түшээ боллоо гээд улс, иргэдийнхээ төлөө бус зөвхөн өөрсдийгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхэд багтаахаар улайран зүтгэгчдийн хувьд гарын үсэг зурах нь гарцаагүй байдалд орсных. Юутай ч парламентын хувьд хэдий нэг нам үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай ч аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэд хуваагдаж, дотооддоо ч үг, хэлээ ойлголцож чадахгүй хоёр жил гаруйн хугацааг үдсэн. Үүнийг нь анх Ерөнхийлөгч олон нийтэд зарлаж, чадамжгүй учраас ядаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийчихээд тар гэж “уриалсан”.
Харамсалтай нь парламент нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийнхээ явцад ухарч, гэнэт ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Энэ нь ч одоогийн парламентын эргэж, буцдаг ээлжит “шоу” тоглолт байлаа. Ард нийтийн санал асуулга нь эцэстээ ээлжит бус сонгуулийн дуулиан болж, гарын үсэг цуглуулахад нь тулгасан. Гэхдээ үнэхээр чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв үү, эсвэл эрх баригчид ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэг, 60 тэрбумын хэрэг, авлига албан тушаал, концесс гээд гялайж, гялтайх зүйлгүйдээ бантав уу.
Учир нь, нэгэнт парламент бүхэлдээ эрхзүйн чадамжгүй болсон гээд тарчихвал эрх баригчдад хариуцлага хүлээлгэх бус ээлжит бус сонгуулийн дуулиан, шуугиан болж, хариуцлагын асуудал орхигдоно. Харин үнэмлэхүй олонх болж өнөөгийн УИХ-д суугаа хүмүүс нэр цэвэр үлдэнэ.
Тэгэхээр үүн дээр л олон нийт хариуцлагын тогтолцоо, хандлагыг бий болгох учиртай. Нэгэнт дээр дурдсанчлан “дээл”-ээ нөмөрчихгүйн тулд гарын үсэг зурж байгаа. Мэдээж дараагийн удаа мөн л хуулийн хамгаалалтад байлгах ямар нэгэн тохироо хийх нь ойлгомжтой. Намынхаа удирдлагуудад дахин парламентад орох, нэр дэвших болзолыг тавих нь гарцаагүй. Өөрсдийн буруу үйлдлээ халхавч санаархал л яваад байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч тохироо хийсэн байлаа гэхэд тэдэнд хариуцлагын тогтолцоо бий гэдгийг бататган харуулах нэг алхам бол олон нийтийн сонголт.
Тэгэхээр өөрсдийн буруугаа бусдад чихдэг, хариуцлагаас бултаж, хуулиар халхавчилдаг хүмүүс ээлжит бус сонгууль зохион байгуулсан тохиолдолд дахиад л нэр дэвшинэ. Учир нь тэдэнд ичих булчирхай, ёс зүй гээч зүйл өчүүхөн ч үгүй.
Тиймээс олон нийт, сонсогчид тэдэнд хариуцлагын тогтолцоо байдгийг ойлгуулах боломж бий болж буй хэрэг. Сонгогчдын хувьд туршлагатай хэмээн хууль зөрчиж, хувиа хичээдэг улстөрчдийг сонгохгүй байх нь өөрөө тэдэнд оноож буй хариуцлаа, ёс зүйн зарчмын үндэс болох юм.
Ингэж л парламентад нэр дэвшигчид ядаж, тодорхой шүүлтүүрээр сонгогдож, цаашид ч хариуцлагатай ажиллах нөхцөл бага ч болов тогтох биз ээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn