Төрт ёсны дор амьдарч байгаа хүн бүрийн баримтлах онол, баримжаалах чиг шугам, эрхзүйн баримт бичиг бол Үндсэн хууль. Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар манайх парламентын засаглалтай болсон ч Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй бол гуравхан сая хүн амтай улсад улс төржилт, талцал, намчирхал их байна гэдгийг дээр дооргүй ярьсаар өнөөдрийг хүрчээ.
Гэсэн атлаа 2000 онд “эцэг” хуульд оруулсан долоон өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан, эрх мэдлийн хуваарилалт нэг талдаа гарсан, гүйцэтгэх засаглалын тэргүүн “мэдэл” муутай, парламентаас хэт хараат болсон гэх шүүмжлэлийг энэ удаагийн өөрчлөлтөөр ор мөргүй алга болгож чадахгүй нь.
Товчхондоо, Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд анх тусгагдсан байсан шиг хүчтэй өөрчлөлт хийгдэхгүй нь хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан саналуудаас тод харагдлаа. Гэхдээ мэдээж одоогийнхоос ахиц дэвшил гарч байгаа ч Ерөнхий сайдын эрх мэдэл парламентаас хараат хэвээр байх нь ээ. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд ард түмэнд маш сайн мэдээлэл өгөх ёстой. Ингэж байж бид энэ өөрчлөлтийг дэмжих эсэх сонголтоо хийнэ.
Нөгөөтээгүүр “эцэг” хуулийн энэ өөрчлөлт 18- 35 насны залуусын ирэх 20 жилд Монголд амьдрах уу, гадаад руу гарах уу гэдгийг шийдэх маш том эрх зүйн баримт бичиг.
Одоогийнхоос зарчмын хувьд сайжрахгүй бол иргэдийн төрд итгэх итгэл алдарч буй энэ цаг үед нэмэгдэхүүний байр сольсон ч нийлбэр өөрчлөгддөггүйтэй адил зүйл болно.
Харамсалтай нь, холбогдох байгууллагын судалгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь мэдэж байна гэх дүн гарчээ. Ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацаа хаяанд ирчхээд байхад эрх баригчид хэзээ, хэдий хэмжээний зардлаар санал асуулга явуулахаа шийдээгүй бүх ажил нь зуун задгай байна.
Ийм учраас бид хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх болон шүүх засаглал, нутгийн өөрөө удирдах байгууллагад ямар өөрчлөлт Үндсэн хуулиар хийгдэх вэ гэдгийг одоогийн зүйл заалттай нь харьцуулан хүргэж байгаа юм.
Үе үеийн парламентын хийхийг “мөрөөддөг” Үндсэн хуулийн өөрчлөлтийг Г.Занданшатарын ангийнхан зоригтойгоор явуулж байгаа ч улс төрийн хүрээнд гардаг саад бэрхшээлүүдтэй тулгарч байна.
Улс төрийн “тоглолт” хийж дундаас нь ашиг хонжоо харагчдын “барьцаанд” энэ удаагийн парламентын зарим гишүүн орсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах нэг шалтгаан боллоо.
Одоо МАН нэгэнт хөдөлгөсөн “эцэг” хуулийн өөрчлөлтөө явуулж, өнгөрсөн 30 орчим жилд төрд бугласан буглааг бага ч атугай арилгах зүйл заалтуудыг шингээж өгөх нь тэдний үүрэг болж байна.
Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж байж Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Гэвч Д.Лүндээжанцан нарын төсөлд Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлж, сайд нартаа хариуцлага хүлээлгэх чухал заалт байсан ч хэлэлцүүлгийн явцад унажээ.
Өнөө л нийт гишүүдийн ¼ буюу 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьдаг, гүйцэтгэх засаглалын тэргүүн сайд нараа УИХ-аас томилуулдаг байдал ч хэвээр байх нь ээ.
Одоо Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болдог хуулийн зохицуулалттай. Үүнийг болиулж Ерөнхий сайдын танхимын дөрвөөс илүүгүй сайд нь “давхар дээл”-тэй байх зохицуулалтыг төсөлд тусгаж өгсөн нь арай дээрдүүлсэн заалт.
ОДООГИЙН МӨРДӨГДӨЖ БАЙГАА ЗААЛТ
39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
39.2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын ИхХуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
З9.З. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
43.1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
43.2. Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
43.3. Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
43.4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
44.1. Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсэж Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн З дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.
ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ
39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
39.2. Улсын их хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд Улсын их хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.
39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын их хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.
43.1. Улсын их хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхыг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын тогтоол батлагдсанд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
43.2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
44.1. Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын их хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
44.2. Улсын их хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
Ерөнхий сайдыг огцруулсны дараа 30 хоногийн дотор дараагийн хүнийг томилж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараахзохицуулалттай холбосноор УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хариуцлагатай ханддаг болно гэж буй ч одоогийн мөрдөгдөж байгаа зүйл заалтаас бараг ялгарахгүй байна.
Одоо ч Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаа бий, үе үеийн эрх баригчид Засгийн газраа огцруулсны дараа аль фракцаас дараагийн хүнээ томилох вэ гэдэгт маргалдсаар арайхийн хугацаандаа амждаг жишиг тогтоод удаж буй.
Хүчтэй Ерөнхий сайдтай болох яриа замхарч, Үндсэн хуульд агуулга бус хэлбэрийн төдий л өөрчлөлт орж байна. Энэ удаа оруулсан өөрчлөлт ойрын найман жилд дахин хөндөгдөхгүй.
МАН-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан түүхэн үүрэг ногдлоо ч хангалттай хэмжээнд эрх мэдлийн хуваарилалт, хариуцлага, хяналт, тэнцлийг бий болгож чадаагүй “гай” нь ч давхар үлдэх нь ээ.
С.Батзаяа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин