Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Инфляц 2016 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 8.9 хувьд хүрч, төв банкны зорилтот түвшнээс давжээ. Үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс ийнхүү огцом өндөлзөх магадлалтай харагдана. Тухайлбал, махны үнэ энэ оны наймдугаар сарынинфляцынөсөлтөд дангаараа 32 хувийг бүрдүүлжээ. Дээрх өсөлтийн гуравны нэг нь 66.4 сая толгой малтай оронд махны үнээс болсон гэхээр илүүтэй анхаарал татна. Хачирхалтай санагдаж байгаа биз. Сүүлийн хоёр улирал дараалан махны үнэ тэнгэрт хадаж,  монгол хүн махаа идэж чадахгүйд хүрч байна.

Цэвэр нийлүүлэлтийн шинж чанартай, бараа бүтээгдэхүүний өсөлт гэж үүнийг эдийн засагчид үзэж буй. Гэтэл Засгийн газрын түвшинд дорвитой арга хэмжээ авалгүй явсаар намрын сартай золгочихлоо. Ерөнхий сайд махны үнэ анх цойлж байх үед л танхимын сайддаа үүрэг өгч, нийлүүлэлтийн чанартай үнийн өсөлтийг анхааруулсан боловч нөхцөл байдал сайжирсангүй. Харин ч өнгөрсөн хугацаанд улам дордсоныг инфляцын 8.9 хувийн өсөлт илтгэнэ. Тусгай ажиллагаа хүртэл явуулж, махны хэд хэдэн үйлдвэрт тагнуулынхан гэнэтийн шалгалт хийгээд ч зах зээлд махны хямдарч өгсөнгүй. Монгол хүн шинэ шөл ууна гэдэг улам хэцүү болох шинжтэй.

Бороо хур элбэг, өвс ногоо халиурсан дэлгэр сайхан зун цаг болсон ч урин цагаа дагаа хямдардаг жамтай. Харамсалтай нь энэ жилийн хувьд махны үнэ өндөр үнээ хадгалсан хэвээр. Үнэ эрэлтээс хамаардаг нь зах зээлийн хууль. Эрэлтийг хангалттай нийлүүлэлтээр хангаж байж сая үнэ тогтвортой түвшинд байна. Гэвч хөдөө аж ахуйн салбарын бодлого алдагдаж, сайд нь ажилттайгаа танилцах хооронд махны үнэ талийж өглөө. Засаг төргүй юм шиг махны нийлүүлэлт тасалдлаа. Монгол Улс гурван сая хүнийхээ махныхаа хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрсэн нь угтаа цэвэр зохицуулагч яамны бодлогогүй байдлын уршиг гэлтэй. Өөрөөр хэлбэл, манай улсад нийлүүлэлтийн сүлжээ алга.

Экспорт гэж хэт нэг тал руу хошуурсан нь 8.9 хувийн инфляцын үзүүлэлтээр илэрч байна. Тодруулбал, махны экспорт өслөө гэж хөөрцөглөх зуур махны үнэ магнаг болов. Дан ганц мах ч биш өдийд хямд шинэ хүнсний ногоо хэрэглэдэг цаг. Гэтэл төмс, хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй угтлаа. Өрхийн төсөв мах, хүнсний ногооноос болж хямарч байна Эзэгтэй нар бухимдалтай байх нь аргагүй. Ургац хураалт, тээвэрлэлтийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлт бий болсон гэж ногоочид өөрсдөө хүртэл үүнийг тайлбарлах аж.

Ургац хураалтын байдлаас үзэхэд л төмс 30.1 хувиар, хүнсий ногоо 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дархан Улаанбаатарын авто замын урагшгүй засвар ч зардал нэмжээ. Намрын налгар цагаар хямд ногоо хэрэглэх хөг нь өнгөрч байгаа бололтой. Эндээс үзэхэд, манай улсад гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой барихад нийлүүлэлтийн шинжтэй зохицуулалтын бодлого нэн тэргүүнд үгүйлэгдэх аж. Засгийн газрын ажлын үзүүлэлт иргэдэд үнийн өсөлт болон бууж байна. Иргэдийн амьжиргааны зардал нэмэгдэж, тэр хэрээр өрхүүд өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрүүлэхэд хүрлээ.

Б.Самган

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх