С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Философич С. Молор-Эрдэнийн “Шударга Ёс Шударга Нийгэм” шинэ номонд шудрага ёсны талаар нийгэмд ойртуулан бие хүнд буулгаж бичжээ. 

Шударга ёс гэдэг үнэнийг хэлэх болон үнэнийг илчлэх. Шударга ёстой хүн мэдээж урсгалыг сөрнө, бүлэглэж нийлсэн хүмүүстэй зөрчилдөнө. Шударга ёсны төлөө явах мэдээж дуугүй чимээгүй таарамжтай бууж өгч хүлээн зөвшөөрч явахыг хэлэхгүй. Энэ номонд бичигдсэн олон зүйлийг тунгаан бодоод ирэхээр хүн чөлөөлөгдөнө, тайвшрана, өөрийгөө ойлгоно, ойлгогдоно. Номон дээр бичигдсэн ганц нэг сэдвүүдээр хэдэн асуулт асуулаа.  

-Шударга ёс хүүхэд настай хамаатай гэж номны өмнөх үгэн дээр байсан?

-Хүүхэд төрөөд хөлд орох, өсвөр нас, идэр нас гээд энэ бүх үйл явцад гадны орчноос суралцана. Ээж аавынхаа жишээнээс суралцана. Хүүхэд байхдаа “ийм л юм байна” гэж хүлээж авч байгаа. Хүүхэд насандаа их муу юм үзэж хараад, муу юмтай танилцаад, ээж аав, багш, найз нөхдийнхөө худал хуурмагтай танилцаад, дараа нь улстөрчдийн муу муухайтай учраад, зогсоо зайгүй тойрооод худал хуурмаг байвал тийм л хүн болно.

Одоо интернэт үүсчихсэн үед худал хуурмагийн тухай ойлголт аваад үнэнийг ойлгох гэсэн, шударга болох гэсэн оролдлого явагдаж болно. Даанч компьютерээ унтраагаад гэртээ ороход муу муухай хүлээж байгаа. Орчин үеийн хүүхдүүд хоёр амьдралтай болчихоод байна. Интернэт орж анимэшн үзэж, үнэн сайхан амьдарлыг харж, тайвширч байна. Монголын нийгэм рүү орлоо муу муухай. Японы нийгэмд шударга ёс байгаа, япон ээж аавд нь шударга ёс байгаа. 

-Шударга ёс хүн чанартай хамаатай гэсэн. Ийм хүүхэд настай хүмүүс хүн чанартай болж чадах уу?

-Ийм хүмүүс хэзээ ч өөрийн тухай үнэнээ ярихгүй, сэтгээлээ нээхгүй, өөрийгөө нуусан, юунд ч үнэ өгөхгүй, юу ч тооохгүй. Яагаад гэвэл хар багаасаа ээж аавдаа гомдчихсон, гадаад явах гэсэн тийм л хүн болно. Гадны хүмүүсээр үлгэр жишээ хийсэн, шүтсэн, инстаграмын олон дагагчтай хүмүүсийг, инфлунсерүүдийг дагасан хүн болно. Манай Монгол Улсад ямар ч ач холбогдолгүй тийм хүмүүс бий болж, үүсэж байна. Аль ч улс орон залуу үеэ төр улсынхаа нийгэм, хөгжил цэцэглэлтийн төлөө өсгөж хүмүүжүүлж, сургаж боловсруулж авдаг. Гэтэл Монгол Улсад гомдсон, үзэн ядсан тийм хүмүүс үйлдвэрлэгдчихсэн байна. Энэ орноос бушуухан яв гэсэн юм шиг л залуу үедээ төр улс нь харгис хандаж байна. 

-Төр улс ч бас их хэцүү байх шиг байна даа?

-Бид өнөөдөр улс орон, нийгэм болж чадахгүй байна. Бөө рүү гүйлдэж өөрсдийгөө хайлаа. Архичин авгай, эрчүүд рүү очоод яаж архидаж солиорч байгааг хараад хамаг мөнгөө алдлаа. Буддын шашин руу яваад очсон чинь хүүхэн эргүүлсэн бүдүүн лам нар. Лам хүн гэдэг чинь туранхай цэмцгэр байх ёстой биздээ. Ховдог байна гэсэн үг. Гэтэл шашны номонд цадталаа иддэг ховдог байж болохгүй гэж байгаа шүү дээ. Зун буддын шашны уулзалт болоход гадаадын лам нар бүгд чөргөр хүмүүс байсан, манайхан л бөхчүүдээсээ бүдүүн лам нар алхалдаад байсан.

Дараа нь Чингис хааныг Монголын гарал үүсэл гээд явсан. Чингис хааны өмсөж байсан ганц цамц, ганц сандал байхгүй. Нэг зураг л байгаа. Бид одоо юу ч үгүй ард түмэн гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг болчихоод байна. Бидэнд байшин барилга, ном, ёс суртахуун, физик, математик, боловсрол, соёл урлаг хийж явсан тийм хөгжлийн түүх байхгүй. Яаж ийж байгаад хонь малтайгаа өвлийг давдаг ийм л ард түмэн байсан байна. Угаасаа ийм цаг агаарт ингэж амьдрахаас өөр аргагүй. Байшин барих, ном бичих боломжгүй. Гэхдээ бид чадахгүй байхад чаддаг хүмүүс ирж тусалсан, энэ үнэнээ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Биднийг чаддаг болгосон. Орос, Хятад хоёр ирээд ингэдэггүй юм аа, гудамж талбай, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэж байдаг юм, та нар жоохон соёлтой болооч дээ л гэсэн. Бүх юмыг энэ хоёр улс байгуулсан.

Тиймээс одоо Чингис хаан, Далай лам, бөө ярихаа болиоч ээ. Энэ салбарууд бол нийгмийн  5-10 хувь хамрагддаг л салбар. 90 хувь нь боловсролын төлөө явах ёстой. Мэдээж нийгэмд янз бүрийн хүмүүс байна. Тэрнээс биш улс орноороо хамрагдсан мухар сүсэгдэлт байж болохгүй. Бусад нь боловсрол руу яваач ээ. Анагаахад лам ороод сууж болохгүй. Лам нар та нар гандандаа л байгаа ч дээ, битгий тэндээсээ гараач. Чингисийг яриад байгаа хүмүүс түүхийн хүрээлэнд юмуу, музей дотроо бай л даа, битгий тэндээсээ гараач. 

-Яагаад Монгол хүн бид нар ихэнхдээ ийм аймхай хулчгар байдаг юм бэ?

-Амьдрал нь өөрөө аймхай болгочихсон. Дулаан гэр, илч ихтэй хоол унд хэрэгтэй учраас ямар ч хүний үгийг авч, хүнд таарч тохируулж явахаас өөр арга байхгүй. Дулаан оронд байсан бол хөөгдөөд л гараад явчих байлгүй. Энэ хүйтэнд бол дуугүй байж байсан дээр. Ээж аавдаа хичнээн уур хүрсэн ч гараад явбал хөлдөж үхнэ. Хөдөө өвөл бүр аймар хүйтэн, хүнд халтай цаг агаартай. Өвөл боллоо, бүгд атийлаа, ноосон өмднүүдээ давхарлаж өмсөөд алхана шүү дээ.  Төр нь ард түмнийхээ төлөө биш учраас нэг нэгнээсээ маш хамааралтай. Хүний ажил амьдарлын, хувь хүний орлогыг төр улс нь баталгаажуулаагүй.

Хүний орлого тухайн хүн бусад хүнээс хамааралтай байхааргүй, тийм байх ёстой байдаг. Заавал ээжээсээ ааваасаа эхнэрээсээ нөхрөөсөө илүү мөнгөтэйгээсээ хамааралтай. Тийм учраас тэдний хэлсэн мухар сүсэг, хэлсэн үгийг дагахаас өөр аргагүй, айхаас өөр аргагүй. Нийт хүн ам олигтойхон орлогогүй юм чинь аймхай хулчгар. Аль ч орон яаж ард түмнээ орлоготой байлгах вэ гэдгийг л анхаардаг. Амьдарлын баталгаа байхгүй байхад аймхай байхаас ч яахав дээ. Жишээлбэл, Герман, Скандинавийн орнууд ажилгүй байсан ч гэсэн төрөөс нь “basic income” өгч байх руу шилжих гэж байна. 2000 евро сард өгье, тэгээд одоо өөрөө мэд гэдэг рүү шилжиж байна. Сэтгэл тайван, амьдралдаа сэтгэл ханамжтай хүн хэзээ ч шашин руу явахгүй. Махан бие нь зүгээр боловч сэтгэлзүйн өвчтэй хүмүүс л шашин руу явж байгаа. 

-Зүтгэлтэй, сэрсэн, зоригтой хүмүүс яаж бий болдог вэ? 

-Айдас гэдэг бол боловсролгүй хүмүүсийн асуудал. Боловсролтой болчихвол баргийн юмнаас айхгүй. Боловсрол айдсыг багасгана. Айдасгүй хүн зоригтой байна. Хүүхэд байхад залуу насанд хүнд хүчтэй хүсэл төрдөг. Дуртай юмаа хийх гэсэн хүсэл баттай үүсчихсэн хүмүүс зоригтой байж чаддаг. Олигтойхон шиг хүсэл үүсчихсэн, тэрийг нь залуу насанд нь дараагүй, хаагаагүй, хориогүй байх юм бол хүн зоригтой байж тэр хүслийнхээ төлөө явна. Хүн хүслээ биелүүлэхээрээ л аз жаргалтай болдог. Тэрнээс зун жуулчны баазад очиж хэвтсэнээ аз жаргал гэж эндүүрч болохгүй.

Гадаадад явахааараа хүмүүс харьцуулаад атаархаад бүр аз жаргалгүй болно. Битгий илүү дутуу харьцуулалт явуулж бай л даа. Хаана ч бигтий харьцуулж бай. Хүний нөхөр элчингээр сайд болоод явчихжээ гэхээр, манай нөхөр тэгэхэд энд ингээд л. Хүний авгай гоо сайхны мэс засал хийлгээд хамар ам нь сайхан цэвэрхэн болчихож гэхээр л миний авгай гээд л. Битгий тэгж дандаа харьцуулж бай. Юу ч харьцуулахгүй, тийм юм тоохгүй байх дархлаа байхгүй байна. Харьцуулалтын дархлаа. Энэ дархлаа боловсорлоор л үүснэ. Боловсролтой болоод ирэхээр юмыг ойлгодог хүлээн зөвшөөрдөг болно. Хүн болгон ялгаатай гэдгийг боловсролтой хүн хүлээн зөвшөөрч чадна. Хорвоо ертөнцийг ойлгоогүй хүмүүс аймар амархан гэнэн харьцуулсан амьдарлаар амьдрах гээд байна. Боловсролгүй хүн гэнэн байхаас ч яахав дээ. Зориггүй байхаас ч яахав дээ. 

-Ямар хүмүүсээс зайгаа барих вэ?

-Аймхай хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Юм болгоныг харьцуулж байдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Ямар ч хүсэлгүй хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Өөрийн гэсэн хүсэл байхгүй, хэдэн төгрөгтэй, нэг ажилтай, сэлфидсэн, орой шоудсан, дуудсан, лэдийс найт, төрсөн өдөр, бүлэг болсон, групп болсон, бүлэглэсэн хүмүүсээс холдож хурдан зайгаа барих хэрэгтэй. Нэг л сэдэв ярьдаг, ахиц дэвшил байхгүй, хов живэнд дуртай хүмүүс бүлэг болдог. Тэгээд хүмүүсийг барьж аваад өөрснийхөө хажууд яг адилхан байлгаж, илүү гаргахгүй гэдэг.  Ийм хүмүүсээс холдох хэрэгтэй. Бараг л ихэр хүмүүс. Сиамын ихрүүд. Ихрүүдээс хол яв. 

-Харьцуулсаар байгаад хүмүүс сэтгэл гутралд ороод байх шиг байна?

-Би нэг ямбий машинтай, тэр хүн нэг гоё машинтай, тэр нь надад ямар хамаатай юм бэ. Би хоёр өрөөндөө тайван сайхан чөлөөтэй амьдарч байна, тэнд нэг хүн аймар лаг хаустай байна л биз дээ. Эцсийн эцэст тэрэндээ сэтгэл ханамжтай байна уу, аз жаргалтай юу гэдэг л асуудал. Инстаграм дээр хоёр хос хацраа үнсээд зургаа даруулчихсан байгаа. Зургаа даруулчихаад хэрэлдээд хоёр тийшээ салаад явчихсан бол яах вэ. Дандаа тийм юманд хууртагдана. Ийм сайхан залуутай болоод яг ингэж үнсүүлэх юмсан гээд бодоод хэвтэж байна.

Нэг нэгнээ алгадаж зодолдож байгаад, кремээр засаад зургаа авхуулчихсан бол яах уу. Ямар гоё амьдралтай жаргалтай хүмүүс вэ гээд л. Харин ч байнга тэгж зургаа авахуулдаг хүмүүс чинь хамгийн осолтой хүмүүс. Бид хоёр хоорондоо аягүй сайн шүү, битгий муу гээд ойлгочихоорой, яанаа чи бид хоёрын мууг хүмүүс мэдчихвий дээ, баригдчихвий дээ л гээд л зориудаар зургаа тавьж байгаа хүмүүс. Залуу болох гээд л зургаа дараад байгаа хүмүүс чинь жинхэнэ хөгшин хүмүүс. Туранхай болох гээд л гэдсээ татаад зураг тавиад байгаа хүмүүс чинь бүгд сэтгэл зүйн асуудалтай. Бүгдээрээ ясан хэдрэг болох гээд байвал аймар уйтгартай биз дээ. 

-Шударга явах гэхээр нэгэнт нийгэм шударга биш болохоор хүмүүс амархан бууж өгөөд шантраад байх шиг?

-Шантарч байна гэдэг чинь хөөрхий аймхай л хүн байхгүй юу. Зоригтой л байх хэрэгтэй. Тэгж байж л энэ нийгэм чинь урагшлана биз дээ. Бүгдээрээ шантарчихвал улс хөгжихгүй. Зоригтой бие даасан хүмүүс байсан л учраас, байдаг л учраас тэд нар нийгэмд үлгэр жишээ болж чадсан л учраас энэ дэлхий чинь урагшилсан байна. Энэ өндөр хөгжилтэй орнууд шууд тэнгэрээс унаж ирээгүй. Тэр ард түмэн дотор зоригтой үзэлцдэг хүмүүс байсан л учраас хөгжсөн байна. Одоо ч тэр орнуудад зоригтой хүмүүс гарч ирээд асуудлаа хэлж ярьж байна. 

-Манайд байна уу?

-Байх л ёстой. Байж л байгаа байх. Бид нарт харагдах албагүй. Зурагтаар гарах албагүй. Тийм л хүмүүсийн гэрт очиж “танайд хоноё” гэж хэлэх хэрэгтэй. Өөртэйгээ адилхан, өөрөөсөө долоон дор амьтны гэрт очиж хоноод юу гэх вэ. Философич хүн угаасаа өөдрөг, оптимист байдаг. Өөдрөг биш байсан бол ном бичиж, лекц уншиж яах вэ. Тэртээ тэргүй энэ улс орон бүтэхгүй, ном уншихгүй, ном авдаггүй гээд л шантраад яваад өгнө шүү дээ. Үүргэвч үүрээд л өөрийгөө бодоод л яваад өгнө. Сэлфи аваад, өөрийгөө харуулаад л, ямар гоё хоол идэж байгаагаа гайхуулаад, гадуур тэнээд л яваад өгчих байлгүй. Мэдээж өөдрөг байсан учраас улс орнууд хөгжсөн. Хулчийсан айсан шантарсан улс орнууд нураад алга болсон. Манай хөрш хоёр орон бидэнд ирж тусалсан, зориг гаргасан. 

-Энэ нийгэм дотор хүн чанараа гээлгүй, альваа юманд өртөхгүй шударга ёстойгоо яваа хүмүүсийн талаар…

-Энэ муу муухай худал хуурмаг дотор тэсэж үлдсэн, бөө лам руу гүйгээгүй, улс төрийн намд ороогүй гайхамшигтай хүмүүс байж л байгаа. Өнөө үеийн баатрууд. Үнэхээр гавъяатай магтамаар хүмүүс. Жинхэнэ бие даасан, насанд хүрсэн, хүн чанартай хүн гэж хэлнэ. Яагаад ийм байна гэвэл азаар гайгүй ээж аав тохиолдсон, гайгүй багш тохиолдсон, гайгүй найзтай учирсан. Интернетийн сайн талыг ашиглаад, тоглоом тоглохын оронд, өөрийгөө боловсруулаад, муу муухайгаас нь өөрийгөө дархлаатай авч яваа хүмүүс бол дархан аврагууд. 

Ерөнхий этик моралын ойлголттой, ном уншчихдаг хүмүүс. Тийм ээж аав багш найз нөхөдтэй хэдийгээр таараагүй ч гэсэн, нас нь жоохон явсан хүмүүс ийм болох боломжтой. Худал явсанаа ойлгож, янз бүрийн шашинд хууртагдсанаа ухаарч, бөө нарт залилаж мэхлүүлсэнээ мэдэж, ээж аав багшийнхаа худлааг мэдээд энэ бүхнээсээ салж мултрах боломж хэнд ч бий. Хүн байгалийнхаа дагуу боддог. Бодохгүй байх ямар ч боломж байхгүй. Зогсоо зайгүй бодно. Ингэж бодож байгаад азаар нэг зөв ном олоод уншчихсан, азаар нэг хэрэгтэй вэбсайт руу ороод өөрийгөө чөлөөлж чадсан байж болно. Дандаа айгаад байвал тэгээд хүн болохгүй. 

-Үнэнээс холдсон хуурамч хүмүүсийн талаар номондоо их бичсэн байсан. Тэр хүмүүстэй яаж харьцах ёстой вэ? 

-Тэр хүмүүсийн өөдөөс үгээ хэлээд, баяртай гэж хэлнэ. Хүн биеэ даасан, үгээ хэлчихдэг явахад тодорхой цаг хугацаанд жоохон хэцүү байна. Гэхдээ аяандаа хүмүүс хүлээн зөвшөөрнө. Сүүлдээ үлгэр жишээгээ болгоно, бууж өгдөг болно. Хүмүүстэй зөрчилдсөн тэр эвгүй хямарлын үеийг хүмүүс давж чадах хэрэгтэй. Хүмүүс тийм шинэ сонин юмыг хүлээж авах гэж удна. Дараа нь үнэхээр тийм сүрхий үгүйг чинь харна шалгана.

Намайг зөндөө янз бүрээр хэлдэг. Би ерөөсөө тоодоггүй. Миний асуудал биш. Тэр хүмүүсийн сэтгэл зүйн асуудал. Сошиал медиад юу гэнэ үү, надад ямар ч хамаагүй. Би энд кофегоо уугаад сууж байгаа. Хүмүүс муу юм бичихээр, лайк дарахгүй болохоор уйлах гээд байдаг. Тоох хэрэггүй. Тэрийг давж чадахгүй унаад өгч болохгүй. Цаг хугацаа нэг том шалгуур байдаг. Хүн тууштай байх ёстой. Олон хүнийг ардаа орхиж урагшлах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй найзууд, ажлын хүн, хамаатан садан, арван жилийн хүмүүсээ ардаа орхиод л урагшлах хэрэгтэй. Гараас чинь зуурна, цамцнаас чинь татна, одоо тэгээд ардаа орхиод л явахаас өөр замгүй. 

-Зөвлөгчдөөс хол яв гэсэн байсан? 

-Юм болгонд зөвлөдөг ах эгч нэрээр хүний хэрэгт оролцож, хүний амьдрал балладаг хүмүүсээс хол явах хэрэгтэй. Өөрсдөө тийм мундаг үлгэр жишээ болохоор юм уу? Ямар айхтар сүрхий ажил амьдралыг мэддэг, ардаа орхисон хүн бэ? Хүн болгоны явах хувь заяа тохиолдол өөр. Хүнд энэ л зам зөв гэсэн юм энэ хорвоод байхгүй. Ирээдүйд юу болохыг хэн ч яаж ч мэдэхгүй. Тийм уйтгартай юм байж болохгүй. Өөрийнхөө амьдарлыг тохиолдолд орхи. Тохиолдол аймар гоё. Тохиолдолтой учирч юм сур, тохиолдолгүй хүн юу ч сурахгүй. Тохиолдлоос өөрийгөө авч гарах чадвартай болох хэрэгтэй.

Монголчууд тохиолдолгүйгээр явах гээд ламаас асуугаад байна. Ямар хүнтэй суух вэ, ямар улсад сурах уу, ямар мэргэжилтэй болох уу ч гэх шиг. Тийм солиотой тэнэг асуултууд байж болохгүй. Жишээлбэл, далай лам их зөвөлгөө өгдөг. Далай лам хэзээ ч ажил хөдөлмөр хийж, дурлаж, хаягдаж, хүүхэд өсгөж үзээгүй, их дээд сургуульд сураагүй. Тийм хүнээс яагаад зөвөлгөө сонсоно гэж. Бүх юм нь бэлэн баян тансаг амьдарлаар амьдарсан хүн. Юу ч үзээгүй хүн яаж зөвөлгөө өгөөд байгаа юм мэдэхгүй. Хоосор, тайван бай, амар амгалан бай, битгий стрэссд гэсэн зөвөлгөө л өгнө. Далай лам завтай юм чинь бясалгахгүй яах вэ. Залхуу хойрго идэвхгүй зүгээр суусан тийм хүмүүсийг үйлдвэрлэж байгаа. Стрессдэж байж л ажил бүтнэ шүү дээ. 

-Цаг хугацааг дүүргэж амьдрана гэж?

-Наян настай мөртлөө богинохон амьдралтай хүн байж болно. Нээх удаан амьдраагүй мөртлөө маш их юм хийж бүтээж сурч мэдэж амьдарсан хүн байж болно. Тийм учраас хүн гарч орж хүмүүстэй уулзаж учирч, сурж мэдэж хуваалцаж амьдрах хэрэгтэй. Нэг л ажил хийдэг, уйтгартай хүмүүсийг яаж амьдарсан гэж хэлэх вэ. Төрийн ажил хийж байж ард түмний хүүхдүүдийг биш өөрийн дөрвөн таван хүүхдээ гадагшаа гаргачихсан, авгайгаа дагасан, авгайгынхаа таяг болоод явж байгаа хүмүүсийг яаж цаг хугацааг дүүргэж амьдарсан гэж хэлэх вэ. Тийм заваан зөвхөн өөрийнхөө хүүхдийг боддог хүмүүсийг харахаар сэжиг хүрмээр. 

-Шударга бус хорвоо гэж?

-Хүн зөндөө бүтэлгүйтэл асуудалд орно. Зөндөө зөрчил хэрүүл болно. Сална сууна үзэн ядуулна бүх л юм болно. Тэрийг чинь л амьдрал гэж нэрлэж байгаа. Өлсөх, ядрах, уурлах, гомдох, эмгэнэх, гашуудах, ойрын хүн үхэх, хэн нэгэн хорт хавдар тусах. Энийг л амьдрал гэж нэрлэж байгаа. Энийг ойлгохгүй хүмүүс аргалах гэж оролдоод зугатаагаад лам дээр очоод байна. Залуучууд нь хар тамхи татаад байна. Эсвэл гадаад руу аялаад, ууланд гараад, бясалгаад байна. Амьдарлыг амьдарлаар нь хүлээж ав. Үргэлж л гоё байлгах гээд, үргэлж гоё юм авах гээд байх юм. Муухайг хүлээж авч сур. Гутрах хэрэггүй. Сайхан бол битгий хөөр. Хорвоо шударга бус. Хүмүүс янз бүр. Янз бүрийн юм янз бүрийн хүнд тохиолдоно. 

-Хорвоогийн шударга бусыг хүлээн зөвшөөрөөд, нийгмийн шурдага бусын төлөө тэмцээч гэж байна тийм үү?

-Хорвоод хачин хачин юм тохиолдоно. Тэрэнд гомдоод аргалах гээд байх хэрэггүй. Харин нийгмийн шударга бустай зогсоо зайгүй тэмцэх хэрэгтэй. Сэргэг цовоо байх хэрэгтэй, чих үргэлж сортойж явах хэрэгтэй, хаа нэг газар, гэр бүлд байна уу, найз нөхдийн дунд байна уу шударга бус явдал гарахад тэр даруйд нь тас цохиж байх хэрэгтэй. Хулчгар аймхай битгий бай. 

-Шударга ёсны мэргэжлийг эзэмшсэн манай Монгол хүмүүс ийм хулчгар байгаад байдаг нь юунаас үүдэлтэй юм бэ?

-Эмч, хуульч, сэтгүүлч, улс төрч, социологч гэх мэт шударга ёсны мэргэжлийг эзэмшсэн хүмүүс гэр бүл, найз нөхдийн шударга ёсноос гадна мэргэжлийн шударга ёстой байх хэрэгтэй. Жишээлбэл, манайд жинхэнэ сэтгүүлч байхгүй. Бүгд улс төрчдийн ПРчид болчихсон. Яагаад хулчгар вэ гэхээр, ээж аав багад нь хүүхдийг хүмүүжүүлэхдээ тийм сайхан бие даасан, эрх чөлөөтэй, зоригтой, өөрийнхөө хийе гэснийг хийдэг тийм сайн иж бүрэн хүн болгож хүмүүжүүлж чадаагүй. Зүгээр хоол унд, хувцас хунар л ярина уу гэхээс. Ерөнхийдөө монголчууд ээж аавгүй өнчин хүмүүс. Хүүхдүүдээ мөнгө олж ир гээд дарамтлаад байгаа. Улс орныг баллаж байгаа улс төрчид бол өнчин дээрээ олигтой асрамжын газар олоогүй хүмүүс гэсэн үг. Хүүхэд нас нь аймшигтай өнгөрсөн учраас ийм хулгайч луйварчин байна шүү дээ. Сэтгэлзүйн хувьд гүн гүнзгий асуудалтай учраас хүүхэд насны уйлсан гомдсон дутуугаа нөхөж өшөөгөө авч байна. 

Ж.Мандхай

Эх сурвалж: ikon.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх