АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр мэдээлэл хийж, зартай алан хядагч асан Усама Бен Ладены хүү Хамза Бен Ладеныг устгасан гэж мэдэгдлээ. Тэрээр “Афганистанд явуулсан алан хядагчдын эсрэг ажиллагааны дүнд Усама Бен Ладены хүү Хамзаг устгаж чадлаа. Түүнийг утсгаснаар “Аль Каида” зөвхөн удирдагч, бэлгэ тэмдгээ алдсан төдийгүй цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө нь үлэмж хумигдсан хэрэг юм. Тэрээр маш олон байгууллагатай холбоо тогтоохоор төлөвлөж байсан” хэмээн хэлжээ.
АНУ-ын “Алан хядагчдын эсрэг” гэж нэрлэсэн ээлжит ажиллагаа Афганистан, Пакистаны аль, алиных нь нутагт явагдсан байна. Хамза Бен Ладеныг алагдсан тухай мэдээлэл өнгөрсөн сараас эхлэн АНУ-ын хэвлэлүүдээр цацагдсан ч албаны эх сурвалжаас огт баталгаажуулаагүй юм. Д.Трампын мэдэгдлээс үзвэл түүнийг үхсэн гэсэн баталгаатай мэдээллийг Вашингтон саяхан л хүлээж авсан бололтой хэмээн энэ талаар мэдээлсэн ВВС агентлагийн мэдээнд дурджээ.
Х.Батсайхан