-С.ЭРДЭНЭ "ӨРГӨН ТАЛД ТҮШИЖ ЯВААД ӨНДӨР ДЭЭРЭЭС ТҮЛХЭНЭ” ГЭДЭГ ШИГ С.БАЯРЦОГТЫГ ШАЛГАГДАЖ ХОРИГДОХООР НЬ НАМААСАА ХӨӨЧИХСӨН-
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрөгч 2018 оноос хойш намын даргынх нь хэлснээр "Ардчилсан намын бодлогын эсрэг ажиллаж” хувийн улс төрд шилжсэн. "Поп”-оороо алдаршиж буй Ж.Батзандан намынхаа даргаас чанга дуугарч энэ хэрээр түүний нэр нийгэмд хүрээгээ тэлэв. Харин эсрэгээрээ С.Эрдэнэ даргын дуу бүдгэрч, нэр төрийн хүрээ ч хумигдсан гэхэд болно. Парламентийн болон бусад хуралдаанаар С.Эрдэнэ АН-ын дарга уу, Ж.Батзандан АН-ын дарга уу гэх эргэлзээ ч төрөхөөр үе байсан байх, ард түмэнд.
Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, өдрөөс өдөрт дууг нь бүдгэрүүлж байгаа Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болдын нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хасч мулгуутсан. Угаасаа гарын арван хуруунд хүрэхгүй есхөн нөхрөөс хоёрт нь сахилгын арга хэмжээ авахаар цаадуул нь өрх тусгаарлахаа мэдэгдсэн.
Тэдний хувьд лидер биш ч гэлээ С.Эрдэнэд загнуулаад бөхөлзөх хэмжээний улстөрчид бол биш. Тиймээс Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, хийж байгаа улс төр нь ч газар авахаа больсон. Ийнхүү Ж.Батзандан нар гавьяатай гавьяагүй нөхдүүд дагуулан улс орон даяар уулзалт хөдөлгөөн өрнүүлж "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нэртэй нам байгуулахаа илэрхийлэн бадар барьсан. Олон нийтээс чамгүй дэмжлэг өгөгдөж, ташуур авсан тэд энэ эрчээрээ Улсын дээд шүүхэд өгсөн бичиг баримтаа баталгаажуулахаар хөөцөлдсөн хэрэг. Хүмүүс нь хуучиндуу попууд болохоос биш нэрийн товчлол нь хүртэл "ШИНЭ” гээд гоё, тэдэнд гялгардсан гэмээр.
С.Эрдэнэ тэднийг намаасаа хөөсөндөө цаанаа баахан харамсавч наанаа эрэлхэг зоригтой даргын дүрд доройхон тоглосоор байв. Өдгөө ч тоглосоор буй. Ардчилсан намын удирдлагууд Н.Энхбаярт МАХН-ыг өгөхгүй гацаасан шиг Ж.Батзандан нарын намыг Дээд шүүхэд бүртгүүлэхгүй байх оролдлого хийсэн ч С.Эрдэнэ жижигдсэн гэх хөндлөнгийн мэдээлэл бий. Магадгүй юм. Тэгэхээр Ж.Батзандан, Л.Болд нар Н.Энхбаярт дүйж очих улстөрчид биш учраас өнгөрөгч пүрэв гаригт "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг Дээд шүүх бүртгээд авчихлаа. Шинэ намын эзэд "Олон улсын ардчиллын өдөр”-ийг угтан намынхаа нэрийг албжуулсандаа хөөрхөн бэлгэшээж байгаа бололтой. С.Эрдэнэ хүчтэй улстөрч байсан бол "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нам төрөө ч үү, үгүй ч үү. Н.Энхбаярт МАХН-ыг өгөхгүй зовоож чадсан туршлага, схем нь энэ улс төрд бэлэн бий. С.Эрдэнэ маань энэ загвар дээр ажиллах ухаан ч байхгүй, нөлөө ч үгүй дарга юм даа. Түүнээс ямар нэгэн шалтгаан гаргаад байвал ядахад айсуй сонгууль тулгачих байхгүй юу. Санаж байгаагаар сонгууль болохоос зургаан сарын өмнө намаа байгуулж байж сонгуульд өрсөлдөх эрх нь нээгддэг. Тэгэхээр он гартал гацаахад тэднийг мухардуулж болох байлаа. Учир нь хуулиндаа "Дээд шүүхэд албан ёсоор бүртгэж авсан цагаас нам байгуулагдсан хугацааг тооцно” гээд заачихсан байгаа. Ямартай ч Монгол Улс албан ёсны бүртгэлтэй 35 намтай болж байгаа нь энэ.
"Шударга иргэдийн нэгдсэн эсвэл” намын парламентад олонхи болж, төрийн эрх бариад, хууль журам сахиулан эх орноо хөгжүүлэх тэнгэрийн санаа ч яахав. Энэ аугаа их санаархал нь тэндээ үүрд үлдэг. Гагцхүү Ардчилсан намын саналыг хуваах том бүлэглэл бий болж байгаад л хамаг учир бий. Өөрийнх нь мулгуу төлөвлөгөөнд орж ажиллаагүй, өөрөөс нь илүү сэтгэсэн гишүүдээ хөөн туусаар байгаад намаа хоосолчих шахсан С.Эрдэнэд одоо "боож үхэх бор шидмэс олдохгүй” яваа. Тэр тусмаа өөрийнх нь суудалд эргэж ноцох вий гэсэн айдас нь намаа хэд хуваачихлаа. "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”, түүнийг үүсгэн байгуулагч Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд бас чиг хэн ч танихгүй Д.Мурат биш. Нийгэмд нөлөөлөх олон поп чанартай энэ хоёр нөхрийг дагаж ирэх Ардчилсан намын гишүүн ч бий. Саналаа өгөх иргэд ч олон бий. Эх сурвалжийн хэлж байгаагаар С.Эрдэнэд хөөгдсөн хөөгдөөгүй нөхөд "ШИНЭ” нам руу айсуй гэдгийг дуулгана лээ. Уг нь Ардчилсан намын удирдлагууд Л.Болд нар хувийн улс төр хөөж байгаад сонгууль дөхөхөөр эргээд намдаа ирнэ гэсэн горьдлого байсан ч тэд ийнхүү өөрийн гэсэн оронтой болчихлоо. Одоо тэд хаашаа ч явахгүй, хэнтэй ч нэгдэхгүй нь ойлгомжтой. Олж авсан жаал карьераа дангаараа авч гарахгүй бол өөр аргагүй.
Н.АЛТАНХУЯГ ДӨВЧИГНӨСӨН Ч НАМААСАА ГАРЧ ЧАДАХГҮЙ Л БАЙНА
Нөгөө талаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Намаа цэвэрлэнэ” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч дөвчигнөсөн. Үнэн хэрэгтээ сүүлийн гучаад жил Ардчилсан намд "хог” тарилцсан хүний нэг бол яах аргагүй Н.Алтанхуяг шүү дээ. Өөрийнхөө тарьсан хогийг өөрөө цэвэрлэе гэх ухамсартай хүн бол Н.Алтанхуяг бол биш. Тэгэхээр энэ "цэвэрлэгээ” бол шуудхан хэлэхэд С.Эрдэнийг авч хаяад эргэн АН-ын даргын суудалд ноцох гэж байгаагаа хэлсэн хэрэг. Өнөөдрийн Ардчилсан нам дотор хамгийн дор, хатавчинд суудалтай байгаа нь "Алтан гадас” учраас ийнхүү бухимдсан байхыг үгүйсгэхгүй. Нөхцөл байдлаас харахад айсуй сонгуулийн мандатын тоо "Алтангадас”-т маш цөөн очно. Үүнээс үүдсэн хэрүүл гарах тул Н.Алтанхуяг ч өрх тусгаарлахаа ядахгүй. Өрх тусгаарлаад явдаггүй юм гэхэд Л.Болдтой ч нэгдэхгүй гэх газаргүй.
Уг нь хөхөө өвлийн хүйтнээр л "Би намаа цэвэрлэнэ” хэмээн халуурсан мэдэгдэл хийж байсан Н.Алтанхуяг сүүлдээ "Би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа болиод намаа цэгцлэх гэтэл намаас хаслаа гэж яриад байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж болохгүй. Намаас хасах хасахдаа яахаараа хүн гүтгэдэг юм бэ. Яршиг л байна. Өнөөдрийг хүртэл би тэр цаасыг нь ч хараагүй. Цаасны ч хэрэг байхгүй” хэмээн новширсон. Бүр сүүлдээ "АН-аас хөөсөн албан ёсны бичиг өнөөдрийг хүртэл ирээгүй, намаас хөөсөн бичигтэй бичиггүй намаасаа явахгүй” хэмээн гүрийсэн. Зөвхөн энэ жишээ л түүнийг хэн бэ гэдгийг харуулж байна. Эрх ашгийн төлөө хэнтэй ч ганзага нийлж чадах, эрх ашиг нь хөндөгдвөл хэнийг ч орхиж чадах ийм хүн.
Нөгөө талаар сүүлийн гучаад жил хөөсөрсөн Н.Алтанхуягийн насны нар ч хэлбийсэн, улс төрийн карьер ч ёроолдоо тулсан. Тиймээс Ардчилсан намын удирдлагууд түүнийг явлаа гээд нэг их харамсахгүй, шунах ч үгүй. Харин "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д бол харамсаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ л Н.Алтанхуяг нэгэн цагт хүчтэй гэж болох лидер явсан хүн. Намынхаа туурга дунд багтахгүй бол "Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр бусниулж бас чадна. Иргэд олон нийт ч "Дээлийн шинэ нь, хүний хуучин нь” гээд явчихаар Ардчилсан намд хөөрхөн гай тарих орон зай түүнд бий.
С.ЭРДЭНИЙН "ГЭРЭГЭ”-Г ЗӨРЧИГЧИД ХААЧИХ ВЭ
Үүнээс гадна С.Эрдэнийн "гэрэгэ” зөрчин хөөгдөгсөд олон бий. Тэд яах вэ. Л.Болд руу очих уу, Н.Алтанхуяг руу очих уу, өөр эсвэл өөрсдөө өрх тусгаарлах уу гэдэг асуудал ч зүй ёсоор тулгарна. Цагаан толгойт баатар "Дарангуйлагч л намын гишүүдээ хөөдөг” хэмээн С.Эрдэнэд зориулан мэдэгдэхээс эхлээд энэ намд эв нэгдэл гэж үгүй болсон. Үнэн хэрэгтээ даргыгаа эсэргүүцсэн гишүүдийн задрал л явагдаж байгааг харуулсан хэрэг. Ядахад С.Эрдэнэ "Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэнэ” гэдэг шиг С.Баярцогтыг шалгагдаж хоригдохоор нь намаасаа хөөчихсөн. Түүнийг Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад түшиж тулж явсан хүн нь ийнхүү буруутгагдахаар нь намаасаа хөөчихсөн. Уг нь С.Баярцогттой цогтгүй хангалттай бохирдсон нам шүү дээ. Түүнчлэн Дорноговь, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын үүрээс ч гишүүд намаас гарах хүсэлтээ илэрхийлсэн, мөн С.Эрдэнэ ч чамгүй олон нөхдийн тойрохыг зурсан. Энэ бүх нөхөд айсуй сонгуулиар хаана хэний төлөө явах вэ гэдэг сонин.