Монголын түүх: Ордосын Хутагтай Сэцэн хунтайж /1540-1586/

  • 0
  • 149
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сэцэн хунтайж бол Монголын төр, цэргийн гарамгай зүтгэлтэн, тухайн үеийнхээ сэхээтэн хүн байлаа. Тэрбээр 1540 онд Батмөнх Даян хааны гуравдугаар хөвүүн Барсболд жононгийн угсааны Зүрхэн цогцосынд мэндэлжээ.
Хутагтай Сэцэн бол цэрэг дайны болон эрдэм боловсролын хувьд тухайн үеийн Зүүн Монголын зүүн түмэнд байтугай бүх Монголд алдартай байжээ. Түүний хожмын үр ачийнх нь нэг болох Саган сэцэн ч гэсэн Монгол улсын түүхэнд томоохон ул мөрөө үлдээсэн нэгэн болохыг бид мэдэх билээ. /Саган Сэцэний “Эрдэнийн товч” хэмээх Монголын түүхийн зохиолыг бичсэн юм. Энэхүү зохиол бол Монголын түүхийн сурвалж бичгийн хувьд жил ирэх бүр үнэ цэнэ нь нэмэгдсээр буй юм/.
Хутагтай Сэцэн хунтайж өөрийн авга ах Түмэдийн Алтан хан, Их хаан Түмэн Засагт нарын хамт монголыг нэгтгэх, түүний тулд улс даяар шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж байсан юм.
Түмэдийн Алтан хан /150721582/ бол Барсболд жононгийн хоёрдугаар хөвүүн билээ. Тэрбээр Түмэдийн хан болоод хүчирхэгжин гарч иржээ. Үүнд Хутагтай сэцэн ч бас өөрийн үүргийг гүйцэтгэсэн юм. Тухайлахад Алтан ханы зарлигаар Сэцэн хунтайж 1562 онд Дөрвөн Ойрадын нэг болох торгуудыг цэрэглэн дарж Эрчис мөрөн хүртэл нэхэн хөөж байсан ба дараа жил нь мөн Цорос, Баатууд гэх зэрэг аймгуудыг довтлон цохижээ.
Мөн 1574 онд тэрбээр дахин цэрэглэж цорос, баатуул аймгуудыг довтлон эрхэндээ оруулжээ.
1559 онд Алтан хан Хөхнуур, Дээд Монголд цэргийн хүчээр довьлон эзлээд хүү Бинтээр захируулан суулгасан нь Төвдийг нөлөөндөө оруулах боломжийг олгожээ.
Ингээд 1566 онд Хутагтай сэцэн хунтайж цэрэг авч Төвдийг довтлон буулгаж авчээ.
1557 онд Дарайсун гүдэн хаан нас барж дараа жил нь Түмэн Засагт хаан /1558-1593/ залгамжлан Их хааны ор суусан. Түмэн хаан болмогцоо урьдын хаадын хүчээр эрхэндээ барих бодлогоос татгалзан, эв найрамдлаар улсаа нэгтгэхийг зорьсон байдаг.
Тухайн үед буюу XVI зуун дунд үед Монгол улс нь урьдын Батмөн Даян хааны үеийн нэгдмэл байдлаа алдаад зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдан олон жижиг хаад, ноёд хоорондоо тэмцэлдэн байлаа.
Мөн Зүүн Монгол нь дотроо зүүн, баруунд хуваагдан Цахар, Халх, Урианхай, Ордос, Түмэд, Еншөөбүү гэсэн зургаан түмэн болж байжээ. Ийм л цаг үед Түмэн Засагт хаан Зүүн гурван түмний Амутай буюу Номудай хунтайж, Халхын Субухай үйзэн, баруун гурван түмний Ордосын Хутагтай Сэцэн хунтайж, Асудын Умдара бую Номдар Хулажи ноён нарын нөлөө бүхий томоохон ноёдыг оролцуулан Төв Засгийн газар байгуулжээ.
Ингээд засаг хуулиа чангатган Хятадын Мин улс зэрэг гадаад улстай эрх тэгш харилцаж эхэлсэн. Тиймээс ч Түмэн хааныг Засагт хаан хэмээн өргөмжлөн цолложээ.
Энэ хаандтухайн үеийн хүч нөлөө ихтэй байсан Түмэдийн Адтан хан, Халхын Абтай нар түр зуур ч болов захирагдаж байжээ.Түмэн засагт хааны авч явуулсан энэ бодлого Монгол улсаа нэгтгэх гэсэн сүүлчийн зөв бодлого байсан нь харамсалтай юм.
Энэ өгүүлснээс гадна Монгол улсад шашин дэлгэрүүлж, түүгээр дамжуулан улсаа нэгтгэхийг хаад, ноёд бодож эхэлсэн байна.
Үүнд Түмэн Засагт хаан Төвдийн улаан малгайтан буюуГарамын шашны илд зангидагч лам Гармааг 1576 онд залан ирүүлж, багш, шавь барилдан шашин дэлгэрүүлэх болсон. Мөн үүнтэй өхсөлдөн Түмэдийн Алтан хан, Ордосын Сэцэн хунтайжийн хамт, Төвдийн
Шарын шашны лам Содномжамцыг 1577 онд залан ирүүлж Түмэд, Ордосыг шарын шашинд оруулан, бөө мөргөлийг халан төрийн их ёсолоыг хийсэн байна. Энд Содномжамц /1542-1588/-ыг шарын шашны тэргүүн Далай лам гэж өргөмжилжээ. Содномжамц хариуд нь Алтан ханыг Хубилай хааны бүх цолыг хэрэглэж болохыг зөвшөөрчээ. Эндээс шарын шашныг дэлгэрүүлэх явдлыг хүчтэй болгох шийдвэр гарчээ. Сэцэн хунтайжид шашин хууль цаазыг тусгайлан боловсруулан гаргах ажлыг даалгажээ.
Ингээд Сэцэн хунтайж уг цааз хуулийг зохиохдоо урьдын Юант гүрний үеийн уламжлалт харилцаанд /Төвд-Монголын/ тулгуурлан Хубилай хааны үед зохи огдсон “Арван буянт номын цагаан түүх” зохиолыг ашиглажээ. Энэ тухай ач Саган сэцний зохиолд тодорхой дүрсэлжээ.
Уг цаазанд:
-Үхэгсдээ оршуулахдаа тэмээ, морь алж хойлго хийх явдлыг цаазлах,
-Жил ба сар тутамд амьтан малын амь таслахыг тэвчих мацаг барьж байх,
-Цоржийг хунтайжтай, Рабжамба гавьжийг тайж нартай, гэлэнг тавнан хонжинтой, тойн, шимнац, убаши, убсанз нарыг онигуд /бага тайж/ нартай адил эрхтэй байлгах буюу болгох. Хэрэв тэдэнд энгийн ард халдвал эсвэл үг хэлээр доромжлон дайрвал хунтайж нарыг чингэсэнтэй адилд үзэн шийтгэх,
-Лам нар хэрэв номын ёсоо умартан гэргий явбаас сүм хийдээс үлдэн хөөх, убаши, убсанз нар амьтан нядалбал сахилыг эвдэж хар болгох, тойн, убаши нар архи дарс уувал хамаг юмыг нь хураан хамж авах зэргээр заасан байна.
Тухайн үеийн Монголын сэхээтэн ихэс дээдсүүд харийн шашныг яг хуулбарлан авах бус монгол уламжлал, хуучны бөө мөргөлтэйгээ эвцэлдүүлэн нийлүүлэх замаар авсан нь ч бас тодорхой.
Мөн яг тэр 1577 онд Халхын Абтай хан Хөх хотод ирж Далай лам Содномжамцтай уулзан Халхад шарын шашин дэлгэрүүлэх тухай тохиролцсон ба Түшээт хан хэмээх цолыг олсон юм.
Эдгээрээс дүгнэлт хийхэд тухайн үеийн хаад ноёд шашныг өөрийн нөлөөтэй байх явдалдаа ашиглаж, нэг нь нөгөөтэйгээ далдуур тэмцэж байсныг харуулна. Энэ тэмцэлд Хутагтай сэцэн хунтайж өөрийн авга Түмэдийн Алтан ханыг дэмжиж байсныг түүхэн сурвалжын мэдээнүүдээс тодорхой харагддаг.
Энд өгүүлэх бас нэг сонирхолтой зүйл нь Алтан хан Содномжамцыг Цавчаал боомтод байгуулсан шинэ сүмд буулгаад ёслол хийх үед Сэцэн хунтайжийн хэлсэн үг юм. Тэрбээр “…Ухаант Сэцэн хаан /Хубилай/- аас нааш шашин төр хоёр өчүүхэн цөлийдснөөр үйлдрүүн, нүгэл хилэнцийг үйлдэн идрийн мах, цусаар эдлэн амуй бид. Эдүгээ энэ өдөр тэмцэхүй цагийн Шигимунь богд лам /Содномжамц/ энэ газрын хурмаст их хүчит хаан /Алтан хан/ учирсан. Ийм өлзийт сайн өдөр эхлэн, цусан давалгаа хөдөлсөн их мөрнийг сүүгээр үйлдсэн тунамал далай болгон урвуулж урьд Богдсын /Хубилай, Пагва лам хоёр/ гаргасан тэрхүү номын цагаан замыг гаргаваас хаан лам хоёрыг түшсэний минь ач тэр буюу” хэмээсэн байдаг.
Энэ хэлсэн үгэнд нь ч гэсэн түүний дайн дажих хөл үймээнийг жигшин, хямралаас залхан шашин төрийн нэгдмэл хүчээр тайвнаар амьдрах гэсэн үзэл бодол нь илрэн гарч байна. Мөн энэ үгэнд өөрийн авга болох Түмэдийн Алтан ханыг өргөмжлөн магтсан санаа илт байна. Энд өгүүлэхэд Сэцэн хунтайийн өөрийнх нь амьдрал авга болох Түмэдийн Алтан ханы амьдралтай салшгүй холбоотой байсан нь тодорхой байна.
Хутагтай Сэцэн хунтайж нь бичгийн өндөр боловсролтой хүн байсан учир 13 лугаар зууны сүүл, 14 дүгээр зууны эхээр зохиогдсон “Арван буянт номын цагаан түүх” хэмээх зохиолыг сэлбэн засварлаж, ахин редакторложээ. Уг зохиол нь Сэцэн хунтайжийн редакторлосноор өнөөгийн бидний үед уламжлагдан ирсэн гэдгийг судлаач эрдэмтэд тогтоожээ. Ингэж уг зохиолыг редакторлохдоо зарим нэг зүйл дээр алдсан явдал ч гаргажээ.
Энэ тухай ач Саган сэцэн нь “Эрдэнийн товч” зохиолдоо өгүүлсэн. Үүнд: 9 өрлөг гэсэн байсныг 9 эрлэг гэх мэтээр ташаарчээ. Үүнийг Саган Сэцэн нарын хойч үеийнх нь засан залруулсан байна.
Хутагтай Сэцэн хунтайж “Арван буянт номын цагаан түүх” зохиолыг Хубилай хаан өөрөө зохиосон гэж тэмдэглэжээ. Үүнийг хятадын эрдэмтэн Лю Жэнсо зөвшөөрсөн байдаг. /Лю Жэнсо “Цагаан түүх”-ийг 1981 онд тайлбах хийн Хөх хотод Өвөр монголын Ардын хэвлэх хороонд хэвлүүлсэн байна/.
Дүгнэлт:
Дээр өгүүлсэн бүхнээс дүгнэхэд XVI зууны үеийн Монгол улсын нэгэн том түмний /аймгийн/ тэргүүлэгч байсан Хутагтай Сэцэн хунтайж бол төрийн нэрт зүтгэлтэн, шашныг дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулсан цэргийн жанжин, сэхээтэн хүн байсан ажээ. Түүний хувийн амьдрал нь төр, шашин, цэрэг, монголын түүх бичлэгт хийсэн зарим нэг зүйлс л бидэнд мэдэгдэж байгаа юм. Хутагтай Сэцэн хунтайж нь төрийн хэрэгт өөрийн авга Алтан ханы зарлиг заавраар оролцож явсан нь тодорхой байдаг юм. Түүний бичиг соёлын өндөр боловсролтой байсан явдал нь бидэнд түүхийн нэгэн том сурвалжийг дамжн ирэх нэг гол нөхцлийг бүрдүүлсэн. Мөн түүний үр ач нарыг төр, цэрэг, бичгийн өндөр мэдлэгтэй, боловсролтой болсныг түүнтэй өөртэй нь холбон ойлгож болох байна.
‎Фэйсбүүк: Хөх Ноён ОН ЦАГИЙН ТОЛЬ
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх