Д.Амарбаясгалан: БНСУ Монгол хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоох ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын дарга БНСУ-д зорчихоор виз авсан Монгол иргэд тус улсын хил дээрээс олноороо буцаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар хөндлөө.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Визээ гаргуулж зардал гаргаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу БНСУ руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ. Нэг л зарчим. Яах гэж виз өгсөн юм, визээ аваад яваад очихоор оруулахгүй, хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа асуудал дээр Гадаад харилцааны яам иргэдийнхээ эрхийг хамагаалах асуудал дээр ямар ажил хийж байна вэ. Иргэд энэ асуудлаар төрдөө хандаж, хэвлэлийн хурал ч хийж байна. Жижиг асуудал биш, нөгөө талын асуудал гээд орхих асуудал ч биш. Нэг л зарчим, виз өгсөн юм бол яагаад хил рүүгээ оруулдаггүй юм?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Сүүлийн үед зөрчил гаргах тоо нэмэгдсэн. Covid-19 цар тахлаас хойш БНСУ-руу зорчих хөдөлгөөн маш их нэмэгдсэн. БНСУ-д одоогоор Монгол Улсын 60 мянга орчим хүн ажиллаж, сурч байгаа. БНСУ хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг буцаах компанит ажлыг сүүлийн хоёр жил хийж байна. Энэнтэй холбоотой манай талын иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй байна, бөглөсөн материалаасаа өөр зүйл ярих, очих хаягаа мэдэхгүй, буцах хаягаа мэдэхгүй гэх мэт өөрийнх нь хууль дүрэмд нийцэхгүй, шаардлага хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал байгаа. 2025 он гарснаас хойш манай яаманд албан ёсоор гомдлоо гаргасан гурван иргэн бий. Энэ гурван иргэний асуудлыг Солонгосын талд тавихад манай консулын хэлтсийн ажилтныг дуудаад тухайн нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж, эрх нь зөрчигдсөн эсэх дээр хоёр талтай зүйл ярьж байгаа. Бид нарт мэдээлэгдэж байгаа нь Солонгосын талаас зөрүүтэй байх.
Жишээ нь, өөрсдөө зөрчил гаргасан түүнийгээ мэдүүлээгүй байх. Утсаа үзүүлье гээд гарын үсэг зурсан, утсыг нь үзсэн, үзүүлэхгүй байх нь өөрийнх нь эрхийн асуудал.
Өмнө нь зөрчил гаргаад худлаа материал бүрдүүлээд мэдээлэл өгсөн байна гэдэг асуудал. Айлын тал сөргүүлээд мэдээллийг нь өгч байгаа. Энийг ганц талын асуудал гэж хэлж болохгүй. Иргэдээ мэдээлэлжүүлэх. Иргэдийн визний материал бүрдүүлж өгч байгаа 14 компани бий. Визний мэдүүлгийг нь бөглөж өгдөг компаниудтай ярилцах, БНСУ-ын Элчин сайдын яаманд энэ хүсэлтээ удаа дараа тавьсан. Иргэдийн гомдол ирсэн даруйд БНСУ- ын талаас нотлох баримттай өгөөч ээ, сошиалд тавьсан материалд хариулт өгөх нь учир дутагдалтай байна гэдэг асуудал тавьсан. УИХ-ын даргын урилгаар саяхан Монгол Улсад айлчилсан БНСУ-ын парламентын даргын төвшинд ч ярьсан.
Хууль бусаар иргэдийг буцааж байгаа иргэдийн асуудал зөвхөн Монголын асуудал биш.
Зүүн өмнөд Ази, Төв Азийн иргэдийг адилхан буцаадаг гэдэг асуудлыг айлын тал тайлбарладаг.
УИХ ын дарга Д.Амарбаясгалан:
-Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч монгол иргэний эрх хаана ч очсон зөрчигддөггүй байх ёстой. Бид бусад улсын зочид, жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрэм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцол үүсгэхгүй байх үндсэн бодлогыг Монолын төр баримталж ажилладаг.
Монголтой дипломат харилцаатай улс орон Монголын ард иргэдэд тэр зарчмаар адил төвшинд хүндэтгэлтэй хандах ёстой.
Монгол хүний эрхийг хамгаалах асуудалд Гадаад харилцааны яам онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Салбар дундын асуудал болгож, хаядгаа болих хэрэгтэй. Яамдууд хоорондоо бие бие рүүгээ түлхээд орхиж болохгүй. Сүүлийн 5-6 жил яригдаж байгаа асуудал, таслан зогсоох ёстой.