У.ХҮРЭЛСҮХ ХАМГИЙН ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

2021 оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болоход 19 хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл үндэсний аудитын газраас гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж үзлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт иргэдэд үнэ төлбөргүй, хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос болон улс, орон нутгийн төсвөөс аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй зүйл тусгахыг хориглодог.

Тиймээс нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг төрийн аудитын дээд байгууллага хянаж дүгнэлт гаргадаг юм.

У.ХҮРЭЛСҮХ ХАМГИЙН ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удааагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх зургаан жилийн хугацаанд хамгийн олон буюу 18 хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 18 хөтөлбөрөөс гадна цөөнгүй тооны санаачилга, уриалга, зорилт, хөдөлгөөн эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүний мөрийн хөтөлбөрөөс дурдвал, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана, авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах цогц төсөл санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана гэхчлэн нийгэмдээ тулгамдаж буй чухал ажлуудыг мөрийн хөтөлбөртөө боловсруулжээ.

Мөн есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж, визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлж, "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэх амлалтыг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрөөс:

- УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.
- Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.
- Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.
- Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.
- “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
- Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС  байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
- “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
- Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
- Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр нь хадгалан хэрэглэж, олон улсын болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна.
- Монгол хүний үнэ цэнэ, авьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн дээд шагналын журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
- “Өв соёлоо-Эх орондоо” уриалга гаргаж, үндэсний соёлын өв, түүхийн сурвалж, археологийн олдвор, урлагийн бүтээлийн үндсэн эх, анхдагч хуулбарыг эх орондоо авч ирэх хөтөлбөр боловсруулна. Дэлхийд тархсан болон эх орондоо байгаа өв соёлын “Бүртгэлийн нэгдсэн сан”-тай болох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
- Олон улсын монгол судлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлнэ. “Чингис судлалын олон улсын холбоо”-г санаачлан байгуулж, өв соёлоо эх орондоо төвлөрүүлэн судлах ажлыг эрчимжүүлэх чиглэл Засгийн газарт өгч, хамтран ажиллана
- Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачилга гарган, ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
- Цэрэг-иргэний хамгаалалтын болон их, дээд сургуулийн цэргийн хэргийн сургалт, бэлтгэлийн уламжлалыг сэргээж, “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” хөдөлгөөн өрнүүлнэ.
- НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Хүн төрөлхтөнд дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлаа тогтоох зорилгоор есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлнэ.
- “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэн, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
- Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана.
- Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургуулийн эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх, сайн дурын үндсэн дээр эмэгтэй оюутныг хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
- Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
- “Эх оронч гол” хөтөлбөр хэрэгжүүлэн хур тунадас, гадаргын ус хуримтлуулах томоохон усан сан, хөв, далан, дамжуулах хоолой байгуулан, тал хээр, говийн бүсийг усжуулах, гүний усаа хэмнэх бодлогыг дэмжиж ажиллана.
- Хотуудын авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах “Түгжрэлгүй хотууд” цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана.
- Хотуудын орон сууцны хотхон, гэр хорооллын гудамж талбай, орц, гарцыг чөлөөтэй нэвтэрдэг болгох, тэдгээрийн доторх замуудыг шинээр нэмж барихыг дэмжиж, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана
- Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллана.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх