Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна
Д.МӨНГӨНДАЛАЙ
Гаваагийн Батхүү агсны хүү хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн залуу ирж уулзсан юм. Нэрийг нь Ц.Равдандаш гэдэг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та чухам юуны учир сэтгүүлчид хандъя гэж шийдэв. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Равдандаш гэдэг. Миний овог Цэгмид. Энэ хүн маань миний хойд эцэг. Ухаан орсноосоо хойш энэ хүнийг миний аав л гэж боддог байсан. Ингээд 1998 онд аравдугаар ангиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон. Нэг өдөр ээж маань намайг дагуулаад нэг тийшээ явсан. Тэр үед би 18 настай байсан л даа. Нэг л сонин санагдаад дагаад явсан. Одоогийн Байгаль орчны яамны байранд тухайн үед Дэд бүтцийн яам байсан. Тийшээ ортол харуулын тэнд нь нэг хүнтэй тааралдсан. Нэг их том биетэй хүн За дээшээ оръё” гэсэн. Хойноос нь дагаад явж байтал шат алгасаад л алхаад байсан. Би хойноос нь дагаж явахдаа гайхаад л явлаа. Тэгтэл Зам тээврийн газрын дарга гэсэн өрөө рүү орчихдог юм. Тэгтэл ээж Энэ бол чиний хүү” гэж тэр хүнд хэлсэн. Би бүр гайхчихсан.
-Өөрийн чинь талаар тэр хүн мэдчихсэн байж уу, эсвэл ээжийг тань хэлэхээр л мэдсэн хэрэг үү?
-Мэдэж байсан юм билээ л дээ. Ээжтэй хамт сурч байсан Өлзий гээд эмэгтэй бий. Өлзий эгч ерөнхийд нь аавд хэлээд уулзуулахаар ярьсан юм билээ. Тэгээд л ээж дагуулж очсон хэрэг. Аав намайг хараад Арван найман нас хүрээд их, дээд сургуульд орсон том эр болсон байна” гээд надад нэг цаг бэлэглээд, инээмсэглээд хажуудаа зогсоосон. Надаас жаахан өндөр хүн байсан. Ингэж анх танилцаж байсан.
-Та тэр мөчид яг юу бодож байв?
-Шоконд орсон. Тухайн үед би Г.Батхүү гэж энэ хүн миний аав гэж үү” гээд маш том шоконд ороод шокноосоо гарч чадахгүй байлаа. Тухайн үед миний хүү” гээд байхаар нь л үнэн юм байна гэж бодсон. Миний хойд эцэг Цэгмид гэж хүнээс намайг есөн настай байхад ээж минь салсан. Би жинхэнэ аавтайгаа уулзах хүртлээ Цэгмид гэж аавтай л гэж бодож явлаа. Тиймээс тэр үйл явдал үнэхээр сонин, зүүдлээд ч байгаа юм шиг. Гайхаад… Гэхдээ ээж надад Чамайг нэг хүнтэй уулзуулна гэж хэлэхэд яагаад ч юм совин татсан. Юу билээ гээд л… Тэгтэл яг тэр үйл явдал болсон л доо. Аав минь ийм мундаг хүн байдаг юм чинь хичээх ёстой шүү гэсэн боддог. Би айлын том хүүхэд дороо гурван эмэгтэй дүүтэй. Бид ингэж уулзалдсаны дараа С.Зориг агсан өнгөрөөд, аав маань Дэд бүтцийн сайд болоод аавдаа утсаар баяр хүргэж байсан.
-Аав нь чамайг нэрээр нь дуудаг байсан уу?
-Ер нь бол хүү минь, миний хүү л гэдэг байсан. Миний нэр Равдандаш гэдэг төвд нэр л дээ. Манай өвөө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соном гэдэг хүн байсан. Монголын анхны тээвэрчдийн нэг. Ээж минь 1980 онд сургуулиа төгсөж ирээд өвөл Ховдод очиж өвөөгийнд намайг төрүүлсэн байдаг. Би Ховдод өссөн. Тухайн үед Тээврийн сайд Равдандаш гэж хүн байсан юм билээ. Тэгээд өвөө маань ийм нэр өгсөн гэдэг. Жаахан байхад хүүхдүүд хөгшин нэртэй гээд шоолдог байсан. Уг нь өвөө маань сайд хүн болоорой л гэж билэгшээж өгсөн нэр юм.
-Аавтайгаа уулзсан цагаас хойш юу болсныг яриач….
Тэрнээс хойш аавтайгаа харилцаатай байсан л даа. Аав сайд болоод их ажилтай болж, би ч сураад завгүй байсан. Ингээд 1999 онд надад АНУ-д сурах боломж гарсан.
-АНУ явахад аав нь тусалсан юм уу?
-Би АНУ-д суралцах бичгээ авчихаад ээжид хэлсэн л дээ. Одоо яах вэ. Виз гарахад маш хэцүү. Маш их бичиг баримт болно” гээд. Тэгээд ааваасаа туслалцаа хүсэхээр шийдсэн. АНУ миний мөрөөдөл байсан. Тэгээд аавтай ээж минь очиж уулзсан. Аав Би тусална. Бичиг баримтаа ном журмын дагуу бүрдүүлээрэй” гэж хэллээ. Ингээд АНУ-ын элчинд ороод визээ авсны дараа ээж очиж уулзсан. Яагаад гэхээр аав тухайн үед сайд байсан болохоор би нэр төрийг нь бодоод байнга очиж уулзаад байх дэмий байх гэж бодсон. Би өөрөө тухайн үед ааваараа бахархаад л байдаг байлаа. Ээж болохоор Миний хүү аав чинь нэртэй төртэй, гэр бүлтэй хүн учраас энэ тухайгаа хүнд хэлж болохгүй” гэж захидаг байсан. Ингээд би хэнд ч хэлдэггүй. Зурагтаар гарахыг нь хараад догдлоод, баярлаад л….
-Ерөөсөө хэнд ч хэлээгүй юу?
-Багаасаа үерхсэн дотны найздаа нэг удаа хэлж байсан. Бид хоёр амь нэг учраас нууц гадагшаа задраагүй. Тэгээд аавтай ээж очиж уулзахад надад 2000 ам.доллар өгч явуулсан байсан. Хүүд өгөөрэй” гээд. Би маш их баярласан. Ингээд АНУ-д 2000 онд очоод хэлний бэлтгэлд суугаад бакалавраа төгсөөд, гэр бүл зохиогоод хүүхэдтэй болсон.
-Тэр үед аавтайгаа харилцаатай байсан уу?
-Хааяа нэг имэйл бичнэ. Утсаар ярина. Тухайн үед аавын карьер улам өсөөд сайд, УИХ-ын гишүүн болоод улам л завгүй болсон. Миний хувьд аав минь надад сурахад тусалсан учраас өөрөө хөлөө олох ёстой гэж боддог. Тийм учраас ямар нэгэн байдлаар санхүүгийн туслалцаа хүсдэггүй байлаа. Би сурахынхаахажуугаар ажиллаад л амьдралаа болгодог байсан юм. Ингээд 2012 онд Бизнесийн удирдлагаар магистраа төгссөн. Манай гэр бүлийн хүн анагаахын чиглэлээр сургуулиа төгсөөд одоо яах билээ гэсэн сонголттой бид нүүр тулсан. АНУ-д очоод 12 жил болчихсон. Манай найзууд нутаг буцаад эхэлсэн. Зарим нь буцаж ирээд л Монголд онцгүй байна” гээд би яахаа мэдэхээ больсон. Ингээд аавтай утсаар ярьсан. Тэр жил сонгуулийн жил байсан л даа. Таны сонгуулийн ажил сайн уу. Би энд ирээд 12 жил боллоо. Би одоо төлөвших насан дээрээ энд амьдрах нь зөв үү, нутаг буцах нь зөв үү гээд асуусан. Гэтэл аав ер нь ирэх цаг чинь болчихсон гээд өөртөө мэйлбичээрэй” гэж хэлсэн. Би өөрийнхөө амьдрал, аж байдал, боловсролын талаар аавдаа дэлгэрэнгүй бичсэн.
-Та хоёр хамт зургаа авахуулж байсан уу?
-Авахуулж байгаагүй. Яагаад гэхээр энэ бол маш эмзэг сэдэв байхгүй юу. Учир нь тэр хүн чинь гэр бүлтэй. Гэтэл би хувь заяагаа сонгож төрөөгүй. Миний хорвоод мэндлэх болсон ньаавыг гэр бүл болохоос өмнөх асуудал. Яагаад гэхээр тухайн үед аав дөнгөж нэгдүгээр курст оччихсон байсан. Ээж төгсөх курсын оюутан байсан юм билээ. Хоёулаа ЗХУ-д сурч байсан байхгүй юу. Тэнд би бий болж л дээ. Тухайн үед үр хөндүүлэх асуудал хориотой байсан учраас төрүүлэхээс өөр сонголт байгаагүй байх. Манай ээж бас төрсөн ааваасаа өөр ааваар овоглодог. Яг л миний амьдрал давтагдаад байна уу гэж надад хэлж байсан.
-Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан юм бэ?
– 2019 оны дөрөвдүгээр сард уулзахаар ярьж байсан. Аав маань тавдугаар сарын 17-нд өнгөрсөн. Уулзанаа гээд л ерөөсөө боломж болохгүй байсан. Занабазарын музейн тэнд МоАН гээд холбоо байгаа. Тэнд оффистэй. Нөгөө газраа л байна” гэдэгсэн. ОХУ-д докторын зэргээ хамгаалахаар сурч байсан. Гадаадад байгаа учраас уулзаж чаддаггүй. Уулзмаар санагдах үе олон байсан ч яг уулзах гэхээр л аав ажилтай болчихоод байдаг.
-Та хэзээ Монголдоо ирсэн юм?
-2012 онд хоёр хүүхдээ аваад эхнэрээ үлдээгээд АНУ-аас ирэх болсон. Монголд ирэхээр надад амьдрах орон байр хэрэгтэй болсон. Ингээд аавд орон байрны хэрэгцээ байгаагаа хэлсэн. Асуудалгүй ээ, 11 дүгээр хороололд хоёр өрөө байр байгаа. Чамайг ирэхэд орон байр бэлэн” гэж аав надад мэйлээр бичсэн. Ирэхэд ээжид түлхүүрийг нь өгчихсөн байлаа. Би ирээд тэр байранд нүүж ороодгэрээ хийх хэрэгтэй болсон. Над руу аав утасдаад Чамтай нэг хүн холбогдоно” гэсэн.
Би наадмын дараахан ирсэн л дээ. Ингээд аавтайгаа Их Монголд уулзаж байсан. Уулзаад ямар зорилготой байгаа талаар минь асуусан. Би чинь төрийн хүн болох хүсэлтэй ирлээ. Гэтэл хөрсөн дээрээ буутал хэцүү. Гэтэл аав туслана аа” гэсэн. Тэгээд дээрх байрны асуудлаар Хандаа гэж залуу нэг өдөр яриад Тантай бэлэглэлийн гэрээ хийх ёстой” гэлээ. Тэр байр Б.Батчимэг гээд төрсөн дүүгийнх нь нэр дээр байсан. Бэлэглэлийн гэрээ хийж, нэр шилжүүлээдтэр байранд орлоо. Дараа нь тэр байраа сайжруулаад өөр байранд орсон л доо. Хүүхдүүд том болсон учраас томруулах шаардлага тулгарсан.
Тухайн үед аав УИХ-ын гишүүн болж чадаагүй шүүхдээд яваад байсан үе л дээ. Ингээд 10,11 сар боллоо. Би чинь гэртээ хэвтээд байж болдоггүй. Намайг аав Байж бай. Шүүх энэ тэр гээд асуудалтай байна” гэсэн. Тэгээд 12 сард над руу яриад Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгаа. Тухайн үед Фортуна Батбаяр толгойлж байсан. Тэнд очоод Болор гэдэг хүнтэй уулз гэсэн. Яваад очсон чинь Батбаяр гуай Аан хэлсэн, хэлсэн. Чи бичиг баримтаа авч ирээд өгчих. Төрийн албан хаагчийн анкетийн хамт гэсэн. Би шаардагдах бичиг баримтуудаа өгөөд хэсэг байж байгаад нэгдүгээр сард мэргэжилтнээр орж байлаа. Тухайн үед Азийн хөгжлийн банкны монгол дахь бүх асуудлыг нь хариуцсан мэргэжилтэн болсон. Ингээд байж байтал Төрийн албан хаагчийн шалгалт өгөх болоод. Би учрыг нь мэдэхгүй юм чинь ахиад аавтай уулзсан. Намайг ёс дүрмийн дагуу бэлд гэсэн. Тухайн үед Спорт, аялал жуулчлалын сайдаар Оюунгэрэл ажиллаж байсан. Тэнд төрийн албан хаагчийн шалгалт зарлагдсан. Тухайн үед шалгалт өгч байхад Барилгын яам дээр нэг хүнтэй уулзаадах гэж аав хэллээ.Яваад очтолнэг биерхүү залуу сууж байсан. Би ч нэг их юм бодоогүй. Тэгээд нөгөө газрын даргатай уулзаад та хоёр зүгээр очоод уулзчих гэсэн. Би чинь угаасаа бүртгүүлчихсэн байсан. Нөгөө залуутай хамт явах болчихгүй юу. Чи яасан шалгуулах гэж байгаа юм уу.Хоёулаа алахаад явчих уу” гэсэн чинь Гадаа миний машин байгаа машинаар явъя гэж байна.Бид хоёр жолоочтой 570-д сууж аваад явсан. Тэгээд нөгөө залуу бид хоёр найзалчихгүй юу. Нэрийг нь Ганбат гэдэг. Гэтэл тэр миний дүү байгаа байхгүй юу. Бид хоёр чинь хамт зэрэгцээд Тэнгисийн хажуу талын Төрийн албаны зөвлөл рүү явсан. Замдаа танилцаад,Чи Америкт байсан юм уу, би Америкт байсан гээд л ярилаа. Тухайн үед Аав би нэг нууц хүүхэдтэй гээд хэлсэн. Бид нар бас мэддэг” гээд ярьж байсан. Тэгээд би овгийг нь харахгүй юу. Тэгтэл Батхүүгийн гэж байна. Ингээд л би хүүхэд нь гэж мэдсэн. Өөрөөр хэлбэл миний дүү гэж мэдсэн хэрэг. Тэгээд хамт шалгалтаа өгөөд хоёулаа тэнцээд тухайн үед хүүхдийн 100-д IV гээд ресторанд хоол унд идээд тооцоогоо хийх гэсэн чинь Хэрэггүй, хэрэггүй” гээд гарын үсэг зурчихаад л гараад явчихгүй юу. Тэр аавын мэдлийн ресторан байсан юм билээ.
Эдийн засгийн хөгжлийн яам чинь Сангийн яамны хажууд байдаг. Ганбат болохоор Сангийн яаманд Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байсан. Заримдаа гадаа тамхилах үедээ дайралдаад мэнд устай найз болчихсон. Би түүнийг дүүгээ гэж мэдсэн ч өөрт нь хэлээгүй. Амьдрал ямар баян юм бэ гэж бодоод л өнгөрсөн.
-Та тэгээд юунаас болж шүүхэд хандах болсон юм бэ?
-Би аавыг өнгөрдөг өдөр буюу түрүү жилийн тавдугаар сарын 17-нд фитнессдээ явчихаад орой гэртээ орж ирсэн чинь төрийн ордонд хүн өнгөрсөн байна гэсэн мэдээ гарчихсан байна. Гүйлгээд харж байсан чинь аавын нэр гараад ирэхгүй юу. Тэгээд би сандраад ээж рүү яриад Ээж арай үгүй байлгүй дээ” гэсэн. Манай хүр дүү цагдаагийн байгууллагад ажилладаг. Тэрнээс Ордонд юу болов оо” гээд асуусан чинь энэ хүн өнгөрчихсөн байна гэсэн. Палхийгээд лявчихлаа. Өнөөх багийн найзыгаа дуудаад бид хоёр ордны гадаа алхаж ирээд харсан чинь олон хүн цугларчихсан хүүхдүүд нь харагдаад. Ардчилсан намынхан ирчихсэн байсан. Би итгэж өгөхгүй л байлаа. Угаасаа итгэхийг хүсээгүй. Яагаад гэхээр миний тулж түших, хамгийн их хайрлаж хүндэлдэг хүн шүү дээ. Цаг үргэлж би тэр хүний тухай сонсож, цаг үргэлж тэр хүний тухай боддог байсан. Тэгсэн чинь түргэний машин ордны хашаанаас гараад явсан. Бид хоёр бас хойноос нь явтал түргэний машин Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр очсон. Тэгэхэд л би итгэсэн. Үнэхээр ийм юм болчихсон юм байна гээд.Тэрнээс хойш шоконд орчихсон. Би ээжид очоод Ийм юм болчихсон байна. Одоо яах вэ” гэтэл Чи ямар ч байсан бүх ажил явдалд нь оролцохыг бод” гэсэн.
-Аав нь захиж хэлсэн үг бий юу?
-Намайг хүүгээ гэж хүлээн зөвшөөрсөн боловч тэр хүний нэр хүнд гэдэг зүйл хэцүү. Аав надад Чи зөв яв. Өөрийнхөөрөө зүтгэ, битгий залхуур” гэдэг байсан. Надад 500 мянган төгрөгийн цалинтай төрийн ажил хийх хэцүү байна” гэхэд Чи тэгээд яах гээд байгаа юм. Багаас нь эхлээд яв. Шууд дарга болно гэж бодоод байгаа юм уу” гэж зэмлэж байсан. Аавыг өөд болсны дараа гэрт нь хүмүүс очиж хүндэтгэл үзүүлж байхад би бас очсон. Цэлмэг гээд бага охин нь байсан. Ахын дүү сэтгэлээ сайн бариарай” гээд мөрөнд нь хүрээд аавынхаа зурганд нь хүндэтгэл үзүүлээд гарсан.
-Тэр үед таныг хүү нь гэдгийг хэн ч мэдэхгүй болохоор хэцүү байсан уу?
-Хэн ч мэдээгүй. Тэгээд би бодсон. Би энэ хүний хүүхэд. Бүх зүйлд нь би оролцмоор байсан ч би хөндлөнгийн хүн гэдэг үүднээс чадахгүй. Энэ л аймаар хэцүү байсан. Тэгээд би энэ хүний хүүхэд гэдгээ хэлэх ёстой юм байна гэж тэр үед л бодсон. Би чинь өөр овогтой. Би тэр хүний хүүхэд гэдгээ батлахын тулд шүүхээр нотлох ёстой гэж бодсон. Гэр бүлд нь очоод Би ийм учиртай хүн” гэдгээ баталж хэлсэн ч гэсэн Өө тийм үү” гээд хүлээж авсан ч шүүхээр шийдэх нь зөв гэж үзсэн л дээ. Яагаад гэхээр би өөрийнхөө аавд гашуудлаа гүйцэд илэрхийлж чадаагүй. Би тэр дотор гэр бүлийнхэнтэй хамт гашуудах байтал чадаагүй. Тиймээс би анх өмгөөлөгчтэйгөө танилцаад ийм учиртай гэдгээ хэлсэн. Нинжбат өмгөөлөгч логик сайтайхүн шиг санагддаг. Ингээд ийм ийм нотлох баримт байна. Миний эцэг гэдгийг тогтоож өгөөч ээ гэж би ДНК-ийн шинжилгээ өгсөн. Миний талийгаач эцгийн цус бүх зүйл нь шүүхийн шинжилгээний хүрээлэнд хадгалагдаж байгаа. Монгол Улсад зөвхөн шүүх эмнэлэг л эцэг тогтоох шинжилгээ хийдэг. Тэгээд бүх хүсэлтээ өгсөн. Тухайн үед Хишигбат гээд шүүгч дээр миний хэрэг очсон. Тэр шүүгч захирамж гаргасан. Тэнд хадгалагдаж байгаа талийгаачийн цус, эдээс ДНК-ийн шинжилгээ авч болно” гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед одоо ингээд болох юм байна гээд баярлаж байсан. Тэгмэгцшүүх өөрөө Цэлмэг гэж охиныг нь гуравдагч этгээдээр татаад итгэмжилсэн хүн гаргана гэсэн. Гэтэл нөгөө талаас гомдол гаргасан. ДНК-ийн шинжилгээ авч болохгүй ээ” гээд зөвшөөрөхгүй гэсэн.Болохгүй гэсэн заалт хуулиндаа байхгүй юм билээ. Тэгээд хоёр шалтгаанаар шүүгчээс татгалзаад СБД-ийн иргэний хэргийн ерөнхий шүүгч Амгаланбат, Оюунтуяа гэж хүн шүүгчээр томилогдсон. Ингээд тэдний гэр бүлийн гомдлыг ёсоор болгоод өмнөх шүүгчийн гаргасан захирамжийг хүчингүй болгосон.Тэгэнгүүт бид бас Оюунтуяа шүүгчээс татгалзсан.
-Одоо асуудал ямар шатандаа яваа юм?
-Шийдвэр гараагүй. Юу ярих гээд байна гэхээр бид хүсэлт тавьчихсан байхад хоёр шүүгчээсээ татгалзаад хүлээж аваагүй. Манай ээж болон хамт сурч байсан Өлзийбаяр гээд эмэгтэйгээс мэдүүлэг аваад процесс явагдаж байгаа юм. Бид хүсэлт гаргахаар ерөөсөө хүлээж авдаггүй. Нөгөө тал хүсэлт гаргахаар ок” гээд яваад байгаа. Тэдний зүгээс хүсэлт гаргахдаа Хэн нэгний шуналыг гүйцээх гэж нас барсан хүнээс шинжилгээ авах ямарч үндэслэл байхгүй” гэж байгаа юм. Би өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч нэхээгүй. Мөнгөний төлөө яваагүй. Би өнөөдөр төрсөн эцгээ үнэн зөвөөр тогтоолгохыг хүссэн. Би хүүхэдтэй. Хүүхдүүд минь хүүхэдтэй болно. Магадгүй мэдэхгүй цус ойртвол яах вэ. Би хүүхдүүддээ өвөө чинь ийм хүн байсан гээд аавынхаа түүхийг бахархалтай яримаар байна. Ийм учиртай шүү гээд… Надад ч гэсэн хэцүү байгаа.
-Хүмүүс Г.Батхүү агсны хүү гэдгээ нотлох гээд байгааг шууд хөрөнгийн асуудалтай холбоод хардаж байгаа байх л даа. Таныг хүү нь мөн байна гэсэн дүгнэлт гаргалаа гэж бодъё. Түүний дараа ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн маргаан үүсгэх үү?
-Ерөнхийдөө би хүүхэд нь бол Ганбат, Цэлмэг хэн байдаг юм яг л тэд нартай адилхан эрхтэй. Үнэндээ би 12 жил гадаадад амьдарсан болохоор хууль шүүхийн байгууллага хэрхэн ажилладгийг мэдэхгүй. Одоо л мэдэрч эхэлж байна. Шүүх үнэхээр шударга биш юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм учраас би үүнийг яримаар санагдсан. Тэгээд сэтгүүлч танд хандлаа. Аав минь амьд сэрүүндээ намайг ордонд дуудаад уулзаж байсан. Чамаар кино хийх гээд байна. Тангарагийн буг” гэж намайг чичилсэн нэвтрүүлгийнхээ хоёрдугаар ангийг нь хийх гээд чамайг хайгаад явж байна. Чамайг ямар нэгэн байдлаар мэдсэн байна” гэж хэлж билээ. Надад аавыгаа олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулж өрсөлдөгч байдаг юм уу тэр хүмүүст мэдэгдэхийг хүсээгүй. Би амаа хамхиад л явж байсан. Энэ бол хүндлэл. Аавыгаа хайрласан хайр. Би хэлмээр л байсан. Нээрээ шүү. Энэ хүн миний аав гээд хэлмээр байсан. Угаасаа миний аав бид хоёр мэдэж байгаа юм чинь үүнийг зарлаад явах шаардлагагүй гээд тэвчээртэй хүлээсэн.
-Одоо яг сонгуулийн цаг үе таарчихлаа л даа. Аавын тань дүү Батчимэг, бас Ганхөлөг нэр дэвшиж байгаа болохоор ямар нэг зорилготойгоор таныг гэнэт гараад ирлээ гэж хардаж магадгүй л дээ. Үүн дээр ямар нэгэн тайлбар хэлэх үү?
-Энэ бол цаг хугацаа нь ингэж таарч байгаа асуудал. Шүүхэд өгсөнөөс хойш явсаар байгаад өнөөдрийг хүрсэн асуудал. 10 дугаар сараас хойш сунжраад байгаа асуудал. Миний хувьд тэр хүмүүст муу муухай санаж, рейтингийг нь унагаах, эсрэг талд нь ажиллаж тэр хүмүүсийг унагаах зорилго байхгүй. Тэр хүмүүсийн асуудал тэр хүмүүсийнх. Энэ миний асуудал. Би жирийн хүн байна. Жирийн хүний асуудлыг Дон Кихотсалхин тээрэмтэй байлддаг шиг хүчгүйдэж байна. Үүнийг би мэдрээд байгаа. Түүнийг мэдэрч байгаа учраас энэ асуудлыг ярьж байгаа юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж үг байдаг. Үүнийг мэдэрч байна. Яагаад гэхээр надад гэрч байна. Бүх баримт ньбайна. Бүр итгэхгүй бол миний цусыг шинжил. Би үүнийг л хүсч байгаа.
-Та талийгаачтай нэлээд төстэй юмаа….
– Манай ээж ч гэсэн хэлдэг л дээ. Аавтайгаа их адилхан гэж. Энэ бол сонгуультай цаг хугацааны хувьд таарчихлаа. Мөн нөгөө талаас шүүхэд нөлөөлөөд байгаа. Тэгэхээр би өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй биз дээ. Одоо ингээд шүүх хурал нь хаалтай болохоор зарлачихсан байна. Тэгэх юм бол би ярьж чадахгүй. Миний амыг барьж байгаад алх цохиод явчихна.
-Шүүх өөрийн чинь талд шийдвэр гаргалаа гэхэд та нар чинь мах цусны тасархайнууд болно. Нөхцөл байдал яах бол. Одоо хоорондоо шүүхдэлцээд байхаар сонин харагдах байх л даа?
-Би шүүхдэлцээгүй байхгүй юу. Би тэр хүмүүсээс нэхэмжлээгүй.Энэ асуудлыг Иргэний бүртгэлийн газар шийддэг байсан бол би тэнд очоод хүсэлтээ гаргана. Гэтэл тийм биш. Үүнийг шийддэг газар нь Иргэний хэрэг хянан шийдэх байгууллага байгаа юм. Тиймээс л бишүүхдэлцээд байна. Түүнээс биш би гэмт хэрэгт гүтгээгүй. Хуулийн дагуу ханддаг байгууллагад нь хандаад явж байгаа. Түүнээс биш шүүхээр тэр хүмүүсийн мууг үзэх гээд байгаа юм биш. Тэр хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас миний эсрэг хуулийн фирм хөлслөөд явж байгаа. Энэ бүхэн миний хувьд аягүй хэцүү хувь тавилан байхгүй юу.
Миний хувьд төрийн тэргүүн байна уу, гудамжны архичин байна уу энэ чиний аав гээд заагаад өгөхөөр тэр хүнийг ааваа л гэж хүлээж авна. Түүнээс биш мундаг нэр төртэй хүндээ биш.Гаваагийн Батхүү гэж хүн жирийн нэг албан хаагч байсан ч би ааваа л гэж хандана. Яагаад гэхээр миний аав. Би аавтай гэдгээ баталгаажуулах гэж байна. Тэр хүн хэн ч байсан би ийм аавын хүү гэдгээ баталгаажуулах гэж байна. Зорилго нь тэр байхгүй юу. Түүнээс биш тэр хүн хөрөнгөтэй мундаг хүн байна. Би захиалаад тэр хүний хүүхэд болж төрөөгүй. Энэ бол цаанаасаа тохиолдлоор бий болсон. Сонгуулийн үе таарсан нь ч тохиолдол.
-Та одоо юу хийдэг вэ?
-Би 2016 онд төрийн албанаас гарсан. Өмнө нь хэлсэнчлэн яаманд ажиллаж байгаад манай яам татан буугдаад Аж үйлдвэрийн яаманд ажилд орсон. Би бизнесийн удирдлагаар төгссөн. 2017 оноос хойш Энэтхэгийн эмнэлгүүдэд албан ёсны төлөөлөгчийн газар ажиллуулж эхэлсэн. Манай улсад хамгийн ихээр тохиолддог элэгний хорт хавдрыг 100 сая төгрөгөөр эмчлүүлэх боломжоор хангасан. Өнөөдрийг хүртэл 200 хүнийг зуучилж эрүүл саруул болгосон байна. Би юу хийдэг вэ гэхээр эхлээд эмч рүү холбож өгөөд боломж байгаа эсэхийг асууна. Боломжтой бол ийм ийм зардал мөнгө гарах нь гэдгийг нь хандсан хүмүүст хэлдэг. Ингээд урилгыг нь авч өгч, визэнд орох анкетыг нь бөглөж өгөөд юу авч явахыг нь зааж өгдөг. Нэг ёсондоо эндээ шаардлагатай бүх бичиг баримтыг нь цэгцэлж өгдөг гэсэн үг. Хамгийн хямд зардлаар эрүүл болох замыг нь зааж өгдөг гэсэн үг л дээ. Гэхдээ миний ганц бахархдаг юм. Нэг эхнэрийн минь ээжийн элэг өвдөөд. 200 мянган доллар яаж олох вэ гэдэг асуудалтай тулгарч байлаа. Охиныхоо эмээг яаж аврах вэ гэж бодож байсан. Эхнэр бид хоёр зэрэг сурдаг байсан болохоор тийм их мөнгө хуримтлуулж чадахгүй шүү дээ. Надад ерөөсөө л 50 мянган доллар байсан. Түүнийгээ авч ирээд үүгээр эмчлүүлээрэй. Миний хийж чадах юм энэ шүү гэсэн. Ингээд хадам ээжийгээ эмчлүүлээд одоо найман жилийн нүүрийг үзэж байна. Тэрнээс үүдэлтэй л Энэтхэгт хямдаар эмчлүүлэх боломж байгааг хүмүүст хүргэж, тусалдаг болсон. Миний туслалцаа үзүүлсэн хүмүүс бүгдээрээ сайхан амьдарч байна. Энэ тэнд таарахаараа сүйд болно.
-Зуучлалын хөлс авдаг уу?
-Би цаад эмнэлгээсээ төсвийн цалин авдаг. Эндээс маш хүнд байдалтай явсан хүмүүс сарын дараа эрүүл болоод ирэхдээ танд баярлалаа гэж хэлэх л хамгийн сайхан мэдрэмж байдаг.
-Өөрийн чинь амьдрал тэгвэл одоо боломжийн түвшинд байгаа гэж ойлгох нь зөв үү?
– Одоо надад дутагдаж гачигдаад байсан зүйл байхгүй. Хоёр охин, эхнэртэйгээ сайхан л амьдарч байна. Би АНУ-д сурахынхаа хажуугаар зочид буудалд менежер хийдэг байсан. Үүдний угтагчаас ажлын гараагаа эхлүүлж байсан. Ахисаар байгаад ерөнхий менежер болсон. Далай эрэг дээр 200 өрөөтэй зочид буудлыг хариуцдаг байсан. Тэндээс олон зүйл сурсан. Сурч байсан чиглэл маань хүртэл ажилтай маань холбоотой байсан учраас тэндээс сурсан чадварууд маань Монголд ирээд их хэрэг болсон. Ерөнхийдөө би хувийн бизнес хийгээгүй. Төрд ажиллаж байсан. 2016 оноос төрийн бус байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн. Энэтхэгээс гэрээний дагуу цалин орж ирдэг. Түүнээс биш монгол хүнээс нэг ч төгрөг авч байгаагүй.
-Одоо энэ шүүхийн асуудлаа цаашид яах бол бодож байна?
-Ерөнхийдөө бол би болон миний өмгөөлөгч энэ асуудал дээр хүчин мөхөсдөж байгаа. Хүнд ямарваа нэгэн зүйлд дийлдээд ирэх мэдрэмж байдаг шүү дээ. Тэмцэлдээгүй ч гэсэн таагүй мэдрэмж. Би өнөөдөр инээж ханиагаад аз жаргалтайгаар шүүхээр яваагүй. Надад маш хүнд байгаа. Юмыг өөр өнцгөөс харвал өөр харагдана. Гэтэл нөгөө өнцгөөс харахаар жирийн нэг хүн үнэн зөвийг тогтоолгох гээд л явж байна. Тэгэнгүүт надад шударга бус хандаж байна.Хэрэв ДНК-ийн шинжилгээгээр биш гээд тогтоогдчихвол уучлаарайминий ээж болон би буруу бодож явжээ гээд л болоо. Тэгвэл бүх асуудал шийдэгдэнэ. Тэр хүмүүс намайг худал мэдээлэл тараасан гэвэл би бүх хариуцлагаа хүлээнэ.
-Та надад зургаа өгөх үү?
-Зураггүй байсан нь дээр байх аа. Харин зохих баримтуудыг бол өгч болноо. Надад бол айгаад байх зүйл байхгүй л дээ. Гэхдээ би од болж, нэрд гарч өөрийгөө харуулах гээгүй. Би өөртөө өөрийгөө батлахыг л хүссэн. Би жирийн амьдрахыг л хүсдэг.
Эх сурвалж: baabar.mn