Ө.Энхтүвшин: АНУ-ын Сиэтл хот руу нислэг үйлдэж, 250-260 иргэнээ авч ирнэ

  • 0
  • 68
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Хуралдаанаар үндсэн таван асуудлыг авч хэлэлцсэн аж.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн хүний тоо 89 болсон байна. Халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. 17694 хүнийг шинжилгээнд хамруулсан. 

Нүүрс болон эрдэс баялаг гаргах ажил хэвийн явж байна. Гашуунсухайтаар өдөрт 500 орчим машин гарч байгаа. Энэ нь тавдугаар сарын дүнтэй харьцуулахад, өссөн дүн юм. Өнгөрсөн сард өдөрт тус боомтоор 190 машин нүүрсийг экспортлон, урд хөршид худалдаж байсан. КОВИД 19-ийн улмаас нүүрсний экспорт энэ оны эхний саруудад бүрэн зогссон. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллахдаа хоёр улсын гадаад худалдааны чухал гол гарц болох Гашуунсухайт-Ганц мод боомтоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн. Үүнээс хойш нүүрс тээврийн машины тоо аажмаар өссөөр байгаа. Цаашид ч нэмэгдүүлэхээр ярьж байна. 

Аж ахуйн нэгжээр зэрэгцэж хийгдэж байгаа шалгалтуудыг зогсооно. Энэ нь бизнесийн ажилд саад учруулж байгаа болохыг бизнес эрхлэгчид хэлж байна. Мөн АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж болгож голомтод ажиллаж байгаа хүмүүст хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлахаар болсон. Энэ сарын 21-ний өдөр сая ам.доллларын хэмжээний хамгаалах хэрэгслийг АНУ-д хүргэж өгнө. 

Зургадугаар сард нийт 9 нислэг хийж, 2300 орчим иргэдээ эх орондоо авч ирнэ. Үүнд:

Зургадугаар сарын 12-нд Энэтхэгрүү нислэг хийнэ. Тэндээс шашны сургуульд сурч байгаа 256 ламхай нарыг авч ирнэ. Мөн Лаос улсаас 10 иргэнийг авч ирнэ.

Зургадугаар сарын 16-нд Сөүлрүү нислэг хийж, Америк, Канад зэрэг бусад орнуудаас транзитээр ирсэн хүмүүсээ татан авна.  

Зургадугаар сарын 18-нд дахин Сөүлрүү нислэг үйлдэж, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ татан авна.

Зургадугаар сарын 19-нд Франкфуртруу нислэг үйлдэж, Европд байгаа 260 орчим иргэнээ татан авна

Зургадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу нислэг хийж америкд байгаа 250-260 иргэнийг авч ирнэ.

Зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу хийх нислэгийн боломжийг судалж байна.

Коронавирустай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай асуудлыг хэлэлцээд цаашид үргэлжлүүлэхээр боллоо. Орон сууцанд орох эрхийг авсан хүмүүс шаардлага хангасан орон сууцнуудаасаа сонголтоо хийх боломжтой. Урьдчилгаа төлбөрийн хувьд ч уян хатан хандана. Үүнд, өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хамааруулна. Эхний ээлжинд 1300-1500 айлыг орон сууцжуулах боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Зургадугаар сарын 20-ноос нийслэл дээр онлайн үзэсгэлэн гарснаар иргэд сонголтоо хийнэ. Үүний дараа НОСК болон иргэн хооронд гэрээ байгуулж ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 188-р тогтоолоор  2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст цар тахлын урьдчилан сэргийлэх журмыг батлан гаргасан. Журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд журам их зөрчигдлөө. Журмын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэдийн гомдол өдөрт 400 гаруй ирж байна. Иймд дэлхий нийтэд цар тахал эрчимтэй нэмэгдэж буй энэ үед сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад гаргасан журмыг хэрэгжүүлж, сонгуулийн суртчилгааг зохион байгуулахыг сануулж байна хэмээв. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх