УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын гэх тодотголтой бичлэг анхлан сошиал орчинд цацагдсан билээ. Бичлэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн А.Ганбаатар нарын төрийн албыг хэрхэн арилжиж, мөнгө олох тухай ярилцдаг юм.
Улс төрийн туршлага багатай, ер нь хувь хүнийхээ хувьд ч хий ихтэй Ц.Сандуй энэ өдрүүдэд буюу 2016 оны 6 сарын 24-нд МАН-ын төв байрны гадна талбайд сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ ...Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна.. хэмээн үнэнээ өчсөн билээ.
Харин М.Энхболдын хувьд анхлан цацагдсан богино бичлэг мөн 2017 оны 05 сарын 06-нд олон нийтэд дэлгэгдсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нарын уулзалтын 90 минутын бичлэг ил болсны дараа, тэр бүү хэл Ц.Сандуй, А.Ганбаатар нар хэргээ хүлээсний дараа ч Энэ бол эвлүүлэг хэмээн мэдэгдсээр байсан юм.
Үүнээс хойш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах тэмцлийг эхлүүлэн улмаар 2018 оны 12 сарын 27-нд, 2019 оны 1 сарын 4-нд тус тус Сүхбаатарын талбайд ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэж батлах гэх мэтээр үйл явдал хурдацтай өрнөн, эцэст нь буюу 2019 оны 01 сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2% -ийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Энэ үеэр буюу 2018 оны 11 сарын 23-нд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийн, Газрын наймаа, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос шаардсан. “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш. Гол нь хэрэгжүүлсэн эсэхийг нь би мэдэхгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага тогтоох ёстой. хэмээсэн юм.
Гэвч М.Энхболд УИХ-ын даргаас огцорсон төдийгөөр л хариуцлага тооцох явдал нь хязгаарлагдсан бөгөөд тэр бүү хэл Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарсны дараа ч Г.Доржзодовын адил ямар ч ял шийтгэл хүлээгээгүй л байна.
Яахав, хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх мэдээж Ерөнхий Сайдад үгүй байх. Гэхдээ намын даргын хувьд Миеэгомбын Энхболдолд ёс зүйн хариуцлага тооцох бүрэн эрх У.Хүрэлсүхэд бий.
Саяхан МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн МАН-ын Ёс зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлж, улмаар Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл олон нийтийн газар зүй зохисгүй авирлах нь байтугай шүүхээр үнэн бодит болох нь тогтоогдсон Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах хэрэгт оролцож, бэлтгэсэн төлөвлөгөөг нь сонсож суусан М.Энхболдыг нэн даруй Монгол Ардын Намаас гарсанд тооцчих шийдвэр гаргах цаг хугацаа хангалттай л болсон баймаар.
Эсвэл МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бага залуугийн найз Миеэгомбын Энхболдыг намаасаа хөөчих эр зориг дутаад байна уу?
Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn