Авлига хороолол балгас болох уу?

  • 0
  • 51
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Аqua Garden” буюу олны нэрлэж заншсанаар Авлига хотхон ашиглалтад орлоо ч Улсын комисс ажиллахгүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, тиймээс албан ёсны өмч болж чадахгүй гэдэг анхааруулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Ингэснээр урьдчилсан байдлаар 600 орчим иргэн захиалга өгсөн гэх Авлига хотхоны нөхцөл байдал улам хүндрэх боллоо.

Учир нь, хуулиараа зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн барилга дээр Улсын комисс ажилладаггүй зохицуулалттай тул урьдчилгаа төлсөн 600 иргэн хохирогч болох уу, аль эсвэл шүүхийн шийдвэр гартал эцсийг нь хүлээх үү гэдэг асуулттай тулж эхлээд байна.

Уг нь хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод үер буусны дараа нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар дээрх орон сууцны хорооллыг буулгана гэж мэдэгдсэн. Харин газрын зөвшөөрөл авсан “Эм Эн Жи” ХХК “Хотхоныг буулгах нэг ч хуулийн үндэслэл байхгүй. Бүх зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан тул ажлаа дуусгана” гэж тайлбар хийсэн. Тэр ч ёсоор дээрх орон сууцны хотхон баригдсаар байрных нь үнэ 1м2 нь 5.6 сая төгрөгөөр зарлагдаж, иргэд ч захиалга өгснөөр 600 давжээ.

Уг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын өгсөн анхааруулга анхных нь биш. Сүүлийн хоёр жилийн турш нийслэлээс анхааруулга өгсөөр ирсэн гэж хэлж болно. Гэвч 600 орчим иргэн урьдчилгаа төлснөөр дээрх хотхоны захиалагч болсон. Харин одоо анхааруулаад байхад захиалга өгсөн иргэдийн хохь болох уу, аль эсвэл анхнаасаа зөвшөөрөл өгсөн төрийн буруу болох уу гэдгийг шүүхээс гарах шийдвэр эцэслэх болж байна.  Гэвч эл асуудал нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр очоод гацсан.

Нийслэлийнхний зүгээс “Усны тухай хуулийг зөрчиж, Дунд гол орчимд орон сууцны хороолол барьсан нь ноцтой алдаа” гэж буруутгасаар ирсэн.

Эл асуудалд тухайн үед "Aqua Garden" хотхоны захирал А.Амарбаясгалан тайлбар хийсэн нь бий. Тэрбээр “Бид зөвхөн усан парк барих зөвшөөрөл аваагүй бөгөөд нийслэлийн удирдлагууд худал мэдээлэл нийтэд өгч байгаад харамсч байна. 2008 онд газрын гэрчилгээг авч, 2011 онд тус гэрчилгээг цуцалсан. Ажил эхлэхэд бэлэн болсон байхад тухайн үед газрын гэрчилгээг цуцалж байлаа. Тухайн үед бид хууль бус үйл ажиллагааг зогсоохоор гурван шатны шүүхэд хандсан. Улмаар 2012 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. 2013 онд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг үндэслэж орон сууцны барилга барих ажлын зөвшөөрөл гаргаж өгөх ёстой байтал 1.5 жил гацаасан. Үе, үеийн хотын захирагч нар  газрын зөвшөөрөл өгөхгүй, цуцална, ир, уулз гэдэг. Тэр үед очиж уулзаагүйгээс ногоон байгууламж болоод тухайн газар гараад ирсэн.

Та бүхний хэний ч хувийн өмчлөлийн газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхийн шийдвэр гарвал өмчлөлийн хэлбэрээр дахин гарах ёстой биз дээ. Гэтэл зориулалт нь өөрчлөгдөөд гараад ирсэн.

Бидний хувьд 2018-2020 он хүртэл төслөө өргөтгөж, тасралтгүйгээр явсан. Усан парк, спорт цогцолбор, орон сууцны төслүүдээ зургийг нь гаргаж, бараа материалыг нь татахдаа бэлдэж явсан. Энэ хугацаанд зөвшөөрөлгүйгээр төрөөс өөрчлөлт хийж бид ажлаа өөрчлөх шаардлагууд хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, нүхэн гарцын хэсгээс болж төлөвлөлт бүхэлдээ өөрчлөгдсөн. Дараагаар нь Олимпийн шинэ гүүр баригдах ажил болсон. Замын цагдаагийн призер хаах ёстой учир Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл нийтийн эрх ашгийн төлөө түр зам тавиад өгөөч гэдэг хүсэлтийг Хотын дарга тавьсан. Ингээд зам тавьж байгаагаас төлөвлөлт дахин өөрчлөгдөж, газар хуваагдсан. Энэ мэтчлэн асар их хүндрэл гарсан.

Бид 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч чадсан. Усан паркийн ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны наймдугаар сард авсан. Аваад ажлаа явуулж эхэлтэл есдүгээр сард нь Хотын даргын түр олон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан гэдэг хүн "танай газрын зөвшөөрлийг цуцалж байна. Сонгууль болж байна ойлгоорой” гэж байв. Тэр үед Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн үед хоёр үндэслэлээр газрын зөвшөөрлийг цуцалсан гэх тайлбарыг өгч байсан. Эхнийх нь үнэгүй.мн сайтад газраа зарна гэсэн. Баримтаа аваад  ир гэхэд байгаагүй. Дараагийнх нь Усны тухай хуулийг зөрчсөн буюу онцгой дэглэм тогтоосон газар гээд байгаа.

Шүүхээс Усны тухай хуулийн 22.4 дүгээр хэсэгт онцгой дэглэм тогтоох тухай асуудлыг БОАЖЯ, Барилга хот байгуулалтын яамнаас батална гэдгийг хэлсэн. Үүний дагуу 2015 онд Барилга хот байгуулалтын яам, БОАЖ-ын сайдын тогтоол гарч үерийн далантай газарт онцгой дэглэм тогтоохгүй гэсэн. Энэ хууль, журам одоо ч хэрэгжээд явж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Ийм нэг адармаатай асуудлыг тойроод 600 иргэний үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж, балгас болох уу, аль эсвэл байр хэвээрээ үлдэх үү гэдэг шүүхийн шийдвэрээс хамаарах болж хүлээж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх