Г.Тэмүүлэн: Төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүн энэ 126 дунд байхгүй

  • 0
  • 157
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Засгийн газар 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох төслөө Улсын Их Хурал(УИХ)-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. 

Улмаар УИХ ээлжит бусаар хуралдан, төсвийн тодотгол болон түүнийг дагалдсан хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2024 оны төсвийн тодотгол дагуулж, хэд хэдэн хуулийн төсөл оруулж ирсэн. Өмнөх парламентын үед төсвийн сахилга бат, хяналт хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх реформыг хоёр жилийн хугацаанд олон эрдэмтэн судлаачидтай хамтарч хийсэн. Гэтэл энэ хууль дөнгөж хэрэгжиж эхлэх гэж байхад илүү муугаар өөрчлөх гэж байна.

Бидний эхлүүлсэн төсвийн шинэчлэлтийг хуулийн хулгайгаар нураах гэж байгаа үйлдэл боллоо. Хуулийн хулгайн хор уршиг нь төсвийн хулгай, эргээд эдийн засагт хүндрэл учруулна. Үүнээс онцолж хоёр зүйлийг нь хэлье.

Төсвийн тодотголыг дагасан

  1. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
  2. Төсвийн тухай хууль.

Тендерийн тухай хууль гэхчлэн бусад хуулийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа. Би өөрийн мэдэх асуудлын хүрээнд дээрх хоёр хуулийг та бүхэнд мэдээлэл өгч байгаа юм. Энэ хоёр хуулийг өөрчилж болохгүй, хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасан.

"УИХ алдаатай шийдвэр гаргаж болохгүй"

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөхдөө олон улсад бараг хэрэглэгддэггүй, байдаггүй ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГА гэх шинэ ойлголтыг гаргаж ирлээ. Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй, үүндээ гадаад зээл, бонд, үнэт цаас гээд бүгдийг багтаадаг бол өнөөдөр хоёр юм шиг төсөвтэй болох нь. Төсвийн суурь зарлага гэдэг нэр томьёогоор зарлагаас үнэт цаас, гадаад бонд, хүүгийн зардлыг хасах гэж байна. Энэ нь улс орныг төсөв санхүүгийн эрсдэлд оруулах, өр зээлийн дарамтад оруулах эрсдэлтэй. Зарчмын асуудал учраас би хатуу байр суурьтай байгаа. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэргэжлийн судлаачид үүнийг эсэргүүцсэн зөвлөмж гаргасан. Мөн өчигдөр УИХ-ын Тамгын газраас өргөн барьсан хуулиуд нь хууль зүйн зөрчилтэй, нийцэхгүй зүйлс байна гэх асуудлыг гарган тавьсан. УИХ алдаатай шийдвэр гаргаж болохгүй" гэсэн юм. 

Түүнчлэн тэрбээр төсвийн зардал жил бүр их дүнгээр өсөхөөр байгааг танилцууллаа. Тодруулбал 2024 онд 3.1 их наяд төгрөгөөр, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 их наяд төгрөгөөр зардал нэмэгдэхээр байна. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдэгдсэн юм.

Тэрбээр "Шинэчлэлийг хийхийн өмнө жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор ирэх оных нь төсвийг өргөн барьдаг байв. Засгийн газар ёстой юм шиг, ёртой юм шиг дандаа аравдугаар сарын 1-нд өгдөг, 4-5 хоног үзсэн болоод хэлэлцүүлэг эхэлж, төсөв батлах процессод хариуцлагагүй хандаж ирсэн. Харин хуулиа шинэчлэхдээ есдүгээр сарын 1-нд өргөх барихаар болгосон байтал Засгийн газар буцаагаад аравдугаар сарын 1-нд өргөн барихаар болгож. Ингэж өөрчлөгдвөл төсвийг хянах, эрх ашгийн эрэмбээр хандсан асуудлыг гаргаж ирж засах залруулах боломжгүй болно" гэв.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд төсөв хэт тэлнэ, өрийн дарамт үүснэ. Ингэхээр төлбөрийн тэнцэл дээр хүндрэл үүсэж, залгуулаад төгрөгийн ханш суларч инфляц өсөх магадлалтай. Монгол Улсын төсөв дээр жил бүр тавигддаг өрийн төлбөр буюу зээгийн хүүгийн төлбөр нь 400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг байдаг. Тэгвэл ирэх гурван жил Монгол Улсын өр даруй хоёр дахин нэмэгдэх сөрөг үр дагавар гарна. Зээлийн хүүгийн төлбөр 2-3 дахин нэмэгдэх эрсдэлтэй.

Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй" хэмээв.

Түүнчлэн тэрбээр "Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй. 126 гишүүнтэй парламентыг байгуулахдаа илүү хяналттай, ардчилсан, нээлттэй болгоё гэсэн. Гэтэл суурь зарчмуудыг нь өөрчилж байна. Өчигдөр 00:00 цагт хуралдсан Төсвийн байнгын хорооны хурал дээр би

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах
  • Төсвийн хуулийг хууль санаачлагчид нь буцаах
  • Тендерийн хуулийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй горимын санал гаргасан.

УИХ үдээс хойш хэлэлцэнэ. УИХ үүн дээр хариуцлагатай шийдвэр гаргана гэж харж байна. Улсынхаа эдийн засгаар тоглох, хуудуутай хуулийн төслийг УИХ буцаах байх гэж найдаж байгаа" гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх