АВТОБУСНЫ ЖОЛООЧИД 500 ТӨГРӨГ ӨГӨХГҮЙ

  • 0
  • 5295
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийтийн тээврийн салбар нэг л биш ээ. Намайг хүүхэд байхад л автобусанд суухад "алаантай" байдаг байсан. Одоо ч хэвээрээ. Өөрчлөгддөггүй салбар гэж бас байдаг юм байна аа. Өвлийн хүйтэнд хүүхэд хөгшид хөлдөж үхтлээ автобус хүлээх, ирэнгүүт нь шахцалдаж орох, орлоо гэхэд халаасны хулгайчаас цүнх, халаасаа хамгаалах гээд үеийн үед мөнхийн айдастай үйлчлүүлэх юм. Хоёр зүйлийг анзаарлаа.
 
Нэгдүгээрт, нийтийн тээврийн салбар шинэчлэгдэх парк шинэчлэл хийх цаг нь хэдийнэ болсон байна. Өвөл автобус аймаар хүйтэн шүү дээ. Дороосоо хайрна, дээрээсээ цантуулна, олон хүн үйлчлүүлдэг болохоор үнэр танар аймаар, ковидын үед маск зүүсэн ч хэн нэгэн чихэн дээр амьсгалаастай.
 
Аргагүй ш ачаалал нь хэтэрсэн. Холын зайнд автобус ирдэгтэй холбоотой. Их сонин нэг чиглэлийн автобус ар араасаа ирэх ч өөр чиглэлийн автобусууд нь бараг ирэхгүй. Хүлээгээд л байна. Ирээд зорчигчид суулаа гэхэд бүгд картаа уншуулах боломжгүй. Байнгын чихцэлдээстэй. Карт уншигч нь зорчигчдоо дугаарлачихнаа.
 
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИГЧ: Энэ нэр томьёонд багтагсад нь хөгжлийн бэрхшээлтэй болон группэд байдаг хүмүүс хамрагдана. Үүнийг заавал автобус дүүрэн чанга яригчаар зарлах шаардлага байхгүй. Хүний хувийн эрүүл мэндийн нууц гэж бий. Харин манайд бол эсрэгээрээ. Автобус дүүрэн зарлана.
 
АХМАД НАСТАН: Ямар ч хүн өөрийгөө хөгшин гэж хэлүүлэх дургүй. Ялангуяа тэтгэвэрт гарсан ахмад настнуудын сэтгэл зүй маш эмзэг байдаг гэж нэгэн сэтгэл зүйчийн ярианаас олж уншиж байв. Харин манайд энэ бол эсрэгээрээ үйлчилдэг. Нэг талаараа хүндлээд байгаа мэт боловч нөгөө талаараа хүний насыг шууд зарлаад байгаа мэдрэмж төрүүлдэг.
 
ОЮУТАН: Энэ нэршил тийм ч гүнзгий сэтгэгдэл төрүүлдэггүй. Угаасаа оюутнууд мөнгө муутай явдаг , бодлогоор тэднийг дэмжиж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Зарим тохиолдолд оюутан царайгүй хүмүүс үйлчлүүлдгийг эс тооцвол.
 
ДАМЖИН СУУЛАА: Энэ одоо яг ямар учиртай тодорхойлолт юм бол бүү мэд. Автобусаар хэсэгч гээд байгаа юм уу, тэнэмэл гээд байгаа юм уу чөтгөр бүү мэд. Дамжин суухаар 100 төгрөг хасагддаг ч гээд байдаг бил үү. Би энэ төрөлд нь багтаад байх шиг. За ямар ч байсан ийм тодорхойлолт нэршилтэйгээр бид нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Хоёрдугаарт, манай зорчигчдод бас учир байна. Автобусаар үйлчлүүлэх гэж байгаа бол картаа цэнэглэж бай.
 
Жолоочид 500 төгрөг сарвайх юм. Өнөөх нь авч байх юм. Авахгүй гэлтэй биш. Нэгэнт ороод ирсэн хүнийг хөөгөөд буулгалтай биш. Хөөе гэсэн ч хүчрэхгүй бөөндөөд ороод ирдэг. Өнөөдөр гэхэд автобусны буудал дээр хоёр эмэгтэй заа карт цэнэглэе, цэнэглэе гээд явж байхийн. Уг нь энэ бол илүү ажил ш дээ. Иргэд өөрсдөө ухамсраараа картаа цэнэглээд уншуулчих хэрэгтэй. Нэг үе микроныхон орилдог байсан бол одоо карт цэнэглэе гээд зогсч байгаа нь нийтийн тээврийн шинэчлэл үү???
 
 
 
Сэтгүүлч В.САРАНТУЯА
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх