Б.Баасанцогтын сүлжээг шалгах Ажлын хэсэг байгуулаач, Ерөнхий прокурор оо!

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Б.Баасанцогтын сүлжээг шалгах Ажлын хэсэг байгуулаач, Ерөнхий прокурор оо!

 

Сүүлийн сар гаруйхны хугацаанд нэг хүнийг тойрсон маш олон мэдээлэл, дуулиан тарьсан олон баримтууд ил боллоо. Өмгөөлөгч Б.Баасанцогт гэхээр хүн бүр мэддэг болсон.

Хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард орон сууцны нэгэн хороололд томоохон шүүгчид, АТГ-ын ажилтнуудтай наргисан бичлэг ил болж, тун удалгүй араас нь цахилгаан шатан доторх бичлэг нь задарсан. Дуулиан ингээд тасраагүй. Б.Баасанцогтыг шалгах явцад томоохон хэргүүдийг зурсан” баримт олдсон талаар Монголын өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдэл нийтэлж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Хар” хэмээх Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг, С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг, Б.Хурц нарт холбогдох хэрэг, Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг, 60 тэрбумын хэрэг, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хуралтай холбоотой төлөвлөгөөг гаргасан байдаг аж.

Эдгээр баримтын араас шүүгч, шүүхийн ажилтнууд руу шилжүүлсэн мөнгөний жагсаалт ил болов. Нийт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар Б.Баасанцогт 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.

Б.Баасанцогт зөвхөн шүүхийн ажилтнуудад мөнгө шилжүүлээд зогсохгүй АТГ, прокурор, ЭЦА-ны ажилтнууд гээд хөвөрч байгаа юм. Тодруулбал:

-НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид 2019 оны зургадугаар сарын 20-нд 500 мянган төгрөг, 2019 оны наймдугаар сарын 12-нд 110 мянган төгрөг, нийт 610 мянган төгрөг

-ННБ дүүргийн прокуророор 2018-2019 онд ажиллаж байсан Д.Гантулга /”Уулс заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал/-д 2020 оны гуравдугаар сарын 25-нд 6 сая төгрөг, 2021 оны нэгдүгээр сарын 3-нд 10 сая төгрөг, нийт 16 сая төгрөг

-ЭЦА-ны ЭЗГХТГ-ын МШХ-ийн дарга Б.Оргилд 2019 оны долдугаар сарын 19-нд 2 сая төгрөг, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд 10 сая төгрөг, 2020 оны тавдугаар сарын 1-нд 100 мянган төгрөг, нийт 12.1 сая төгрөг

-Төмөр зам дахь Цагдаагийн газрын МСА мэргэжилтэн Д.Өнөртөгсөд 2021 оны хоёрдугаар сарын 3-нд 1 сая төгрөг

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч С.Гүндноровт 2019 оны есдүгээр сарын 15-нд 1 сая төгрөг

-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч С.Мөнхнайрамдалд 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд 1 сая төгрөг

-ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Г.Энх-Амгаланд 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 200 мянган төгрөг

-ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Б.Энхбатад 2019 оны есдүгээр сарын 13-нд 150 мянган төгрөг

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Б.Бат-Эрдэнэд 2017 оны наймдугаар сарын 23-нд 50 мянган төгрөг

-ТЕГ-ын аюулгүй байдал хариуцсан ажилтан Н.Агваанд 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд 75 мянган төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 25-нд 70 мянган төгрөг, 2020 оны хоёрдугаар сарын 21-нд 75 мянган төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 25-нд 60 700 төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 26-нд 500 мянган төгрөг, нийт 780 700 төгрөг

-АТГ-ын ОНХ Зөвлөлийн гишүүн Г.Баасанд 2019 оны есдүгээр сарын 6-нд 1.5 сая төгрөг

-Нийт 33 040 700 төгрөгийг шилжүүлжээ.

Түүнээс гадна Б.Баасанцогт Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төв аймгийн Зуунмод сум Баруун зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км автозамын ажлын сонгон шалгаруулалтын явцад Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгагдсан Зам тээврийн сайд асан Д.Ганбат хууль бус үйлдлээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор 5 тэрбум төгрөгийн хахуулийг авсан гэх мэдээлэл ч бий. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж холбогдон дамжуулсан гэх ноцтой асуудал мэдээлэгдсэн байна.

Эдүгээ олны анхаарлыг татаж байгаа бас нэг том хэрэг бий. Тэр бол Ариг банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой схем. Б.Эрдэнэбат, Номин холдингийн Ш.Баярсайхан нарын дунд өрнөсөн хувьцаа эзэмшлийн маргааныг зохион байгуулагч, зохицуулагч нь өнөө л өмгөөлөгч Б.Баасанцогт байсан баримтыг өдөр тутмын сонинууд ил болгоод байна.

Б.Баасанцогтын өөрийнх нь ил болон далд хөрөнгө ч эдгээр холбогдсон хэрэг шигээ толгой эргэм их хэмжээтэй гэгддэг. Үүнийг ч баталсан жагсаалт олон нийтэд ил болсон.

Монголын хууль хяналт, шүүхийн байгууллага ялзарсан, хараат болсон, мөнгө  хөрөнгөтэй хүний талд хууль үйлчилдэг гэх барим тавим мэдээлэл ар араасаа хөвөрч  л байдаг. Монголчууд зарим нь итгэдэг, зарим нь итгэдэггүй.

Харин Б.Баасанцогттой холбоотой эдгээр олон баримт манай хууль, шүүх дээр холбогдсон бүхий л байгууллагын үнэн нүүр царайг илчилсэн явдал болж байна. Гагцхүү ийм завхрал алдаа бугшсан явдал эцсийн дүндээ энгийн ард түмний амьдралд хамгийн хортой болсоор байгаа юм.

Одоогоор Б.Баасанцогтын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл гараад унтарсан. УИХ-ын нэр бүхий цөөн гишүүд шалгах ёстой гэхээс гавихгүй байна. Угтаа ийм ноцтой баримтууд ил болсны дараа Монголын хуулийн том баг бүрдэж энэ хэргийг шалгаж эхлэх ёстой. Үүнийг хариуцах хүн бол Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан юм. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх