Б.Алтантулга: Хөл хорио тогтоосонтой холбогдуулан хүнсний талоны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн

  • 0
  • 159
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж,

 

хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.АЛТАНТУЛГАТАЙ ярилцлаа.
 
– COVID-19”-ийн цар тахалтай холбогдуулж Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд хатуу хөл хорио тогтоосноос хойш зорилтот бүлгийн хэчнээн айл өрхөд хүнсний талон тараасан бэ?
 
 -Улсын хэмжээнд 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Үүгээр дамжуулан улсын хэмжээнд 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм.
 
 -Хүнсний талоныг яг ямар шалгуур үзүүлэлтээр айл өрхөд олгодог юм вэ?
 
 -Улсаас нэн ядуу айл өрх, эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2009 оноос тус үйлчилгээг хэрэгжүүлж байна. Тиймээс өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд заавал хамрагдсан байх шаардлагатай.
Судалгаанд хамрагдсан өрхөд 0-1000 хүртэл оноог өгч түвшнийг тогтоодог. Ядуурлын түвшнээр нийслэлд 292.5, орон нутагт 310 буюу түүнээс доош оноотой өрхийн гишүүдэд хүнсний талоны эрхийн бичиг олгож байна. Дээрх шалгуурыг хангасан өрхийг тухайн сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Өрхийн амьжиргааны түвшнийг Үндэсний статастикийн хорооноос хоёр жил тутамд зарладаг. Үүнтэй уялдуулан мөнгөн дүн болон хамрах хүрээг нэмэгдүүлэх ёстой.
-Цар тахал гарч, хөл хорио тогтоосноор ажил, орлогогүй, өдөртөө ажил хийж, хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байсан олон өрхийн амьдрал хүндэрч байна. Хүүхэд, насанд хүрсэн хүний сард олгодог талоны мөнгөн дүн харилцан адилгүй байдаг уу?
 
 -Тухайн өрхийн насанд хүрсэн иргэн сар бүр 16 мянга, хүүхэд 8000 төгрөг авдаг байсан. Цар тахалтай холбогдуулан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас эхэлж хүүхэд 16 мянга, том хүн 32 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч байна.
 
-Хүнсний талон авдаг эмзэг бүлгийн 1000 гаруй өрхийн дансанд хүнсний талоны мөнгийг шилжүүлж байгаа гэдгийг Шадар сайд өнгөрсөн сард мэдэгдэж байсан. Энэ ажлыг хийж дууссан уу?
 
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр улсын хэмжээнд хүнсний талон авдаг бүх иргэний данс руу мөнгийг шилжүүлсэн.
 
Уг мөнгөөр мах, сүү, гурил, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус 10 төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Хүнсний талоны эрхийн бичгийн картаар тухайн дэлгүүрээс сарын хугацаанд бүтээгдэхүүн авна.
 
-Зарим дүүрэгт хэсгийн ахлагч нар нь өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүст хүнсний талон тараасан гэх мэдээлэл гарсан. Үнэхээр тийм асуудал үүссэн бол ямар хариуцлага тооцох вэ?
 
 -Хүнсний эрхийн бичиг олгох журам гэж байдаг. Тус журамд зааснаар ямар нэгэн зөрчил гаргасан нь тогтоогдвол Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай.
 
-Хүнсний талон олголтод тавих хяналтын тогтолцоо манайд хэр байдаг вэ?
 
-Тус үйлчилгээнд хамрагдах болзлыг хангасан иргэнийг тухайн сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамрагдах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн тухайн орон нутгийн нийгмийн халамжийн байгууллага, холбогдох дээд шатны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулдаг. Иргэд өөрсдөө тухайн орон нутагт хамрагдаж байгаа иргэдийн жагсаалттай танилцах, гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг.
 
-Хөл хорионы үед эмзэг бүлгийн айлуудад МУЗН тусламж хүргэхээр болсон. Нийт хэчнээн өрхөд тусламж үзүүлсэн тоон мэдээлэл яаманд ирсэн үү?
 
-Хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдийн судалгааг нийслэлийн дүүргүүдээс гаргуулж, МУЗН-тэй хамтран 4000 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдэд хүнс шаардлагатай байгаа эхний 1000 өрхөд хүнсний тусламжийг хүргээд байна.
 
 
C.Ичинхорлоо
Эх сурвалж: Монголын үнэн сонин


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх