"Шилэн Цогоо": Миний хийж буй хяналтыг уг нь УИХ хийх ёстой

  • 0
  • 163
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Шилэн Цогоо буюу МАН-ын Бага Хурлын гишүүн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


Та сүүлийн үед Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, шилэн дансны цэс дээр мэдээллээ нээлттэй тавихгүй байгаа төрийн байгууллагуудад анхааруулга өгөх боллоо. Өөрөөр хэлбэл, Шилэн Цогоо” эргэн ирж байна гэж дүгнэж болох байх.Шилэн Цогоо” эргэн ирэх болсон шалтгаан нь юу вэ?

 

Нэг их сүртэй шалтгаан гээд байх зүйл байхгүй шүү дээ. Би завтай байна. Завтай байх хугацаандаа иргэдэд төлсөн татвартаа яаж хяналт тавих вэ гэдгийг заах буюу мөн өөрөө иргэдийн өмнөөс тэдний төлсөн, татварт нь хяналт тавьж байна. Өмнө нь хийж байсан л  ажил учраас зав зайтай байгаа дээрээ нэг ч гэсэн хүнд тус дэм болдог юм бил үү? гэж л бодсон хэрэг.

 

Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих явдал бол төрийн байгууллагуудын үндсэн үүрэг. Таны хувьд бол иргэн хүнийхээ хувьд хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтанд хяналт тавьж байна. Яг энэ чиглэлээр АТГ гэдэг ч юм уу, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллахаар холбогдсон уу? 

Эхнээсээ холбогдоод л явж байна.Өмнө нь идэвхтэй шилэн дансны хяналт тавьдаг байсан үе шигээ хамтын ажиллагаагаа сэргээх санаатай ярилцаж байна. Шилэн Дансны Тухай Хууль”-ийн хүрээнд Авлигатай Тэмцэх Газар, Прокурор, Шүүх, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Үндэсний Аудитын Газар гээд их олон байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай болдог. 

 

Төрийн байгууллагуудын хэмжээнд шилэн дансаа огт  хөтлөхгүй байгаа буюу алдаг оног муу хөтөлж байгаа яг ямар байгууллагууд байна вэ?

 Шилэн данс хөтлөлтийг өнөөдрийн байдлаар би  зуун хувь бүрэн дүүрэн үзэж дуусаагүй л байна. Яг үзэж судалсаныхаа хэмжээнд ярихад Шилэн дансны тухай хууль”-ийг үлгэр жишээчээр хэрэгжүүлж, шилэн дансаа маш сайн хөтөлж буй байгууллагууд цөөнгүй байна.Жишээ нь : Төрийн Орон Сууцны корпораци ч гэдэг юм уу? Ж.Хичээнгүй захиралтай тус байгууллага бүр мянган төгрөгийн гүйлгээгээ хүртэл бичиж, шилэн дансаа хөтөлж байна. Энэ бол маш сайн. Муугийн жишээнүүд гэвэл Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газрууд, компаниуд. Тэд таван саяас дээш гүйлгээнүүдийг хаасан  тохиолдлууд гарч байна. Шилэн дансны тухай хууль”-аар иргэн тухайн төрийн байгууллагад сануулга өгч болдог. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын талаар гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргаж болно.

Монгол улсад үйлчилж байгаа авлигын эсрэг хууль, болон бусад холбогдох хуулиудад заасанчилан тухайн иргэний гомдлыг  хүлээж авч,  шалгах  зүйл заалт  хангалттай байгаа. Энэ хүрээндээ би тодорхой хугацаатай үүрэг эхлээд өгчихөж байгаа юм. Аль болох хууль хяналтын байгууллагад очиж, одоо сайн муугаа дуудалцахаасаа өмнө ийм алдаа байна.

Үүнийг залруулъя гэдэг байдлаар хандаж байна. Тухайн байгууллагуудын хувьд хүртэл шүүх, цагдаагийн байгууллагад очиж байснаас алдаагаа засаад, жижиг сажиг бичилтийн алдаагаа засаж, шилэн дансаа хөтөлчихсөн нь амар.

Жишээ нь: Төрийн банк, Эрдэнэс Монгол компанид шилэн дансаа хөтөлж эхлэх  гурваас дөрөв хоногийн хугацаа өгөхөд л алдаагаа засчихсан гэх мэт.Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл сая намайг twitter-т ганцхан жиргээ хийхэд л алдаагаа засчихаж байх жишээтэй. Гансүх дарга за юуны эрдэнэ, таван толгой, төрийн банк энэ тэр гэх зэрэг байгууллагууд бол жишээ нь засаж байх жишээтэй. Бас л нэг гурав, дөрөв хонож л байна.Нөгөөтэйгүүр миний одоо хувьд ердийн л иргэн хүн шүү дээ. Тиймээс ч  өдөржин шөнөжин энийг чинь үзээд суучхаж чадахгүй. Хүүхдийн  цэцэрлэг, сургууль гээд ажлынхаа завсраар л хараад л хийчихэж байгаа хэрэг. 

 

Ер нь таны хувьд зарим төрийн байгууллагуудаас нь илүү үр дүнтэй ажиллаж байгаа гэж ажиглагдаад байгаа. Тэгэхээр шилэн данс хөтлөлттэй холбоотой хамгийн ноцтой зөрчил одоогоор ажиглагдаж байна?

 Одоогийн байдлаар бол аймшигтай том зөрчил алга. Өмнөх 2012-2016 оны хоорон дахь үеийг бодвол харьцангуй гайгүй одоо арван хоёроос хоёр мянга, хоёр мянга арван зургаан оны хоорондохыг бодох юм бол харьцангуй гайгүй. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол банкин дээр зөрчил байна. Жишээ нь  тус банк 107 сая төгрөгөөр байгууллагынхаа тэргүүний ажилтанг тодрууллаа ч гэдэг юм уу?

Энэ үнийн дүн  бол бас л бодит амьдралаас их л хол зөрүүтэй үнийн дүн. УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын одоогийн дарга Г.Занданшатар нар цахимаар мэндчилгээ явуулъя, шинэ жил, наадам, цагаан сар зэрэг өргөн олон нийтийг хамруулсан үйл ажиллагаанд төр төсвийн мөнгийг зарцуулахгүй байя аа гэдэг уриалгыг гаргаж байсан. Хэрэв өөрөө санаж байвал Ж.Эрдэнэбат Ерөнхий Сайд байхдаа төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг хориглож байсан тохиолдол ч бий. Тэгвэл 107 сая төгрөгөөр Монголбанк шилдэг ажилтан тодруулж байгаа нь яах аргагүй хардлага төрүүлж байна. Эцсийн бүлэгт Монгол банкны мөнгө гэж байхгүй шүү дээ. Чи бид нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, орлогын албан татвар энэ бүгд төрийн аль нэг санд байршаад явж байгаа. Энэ байршиж байгаа мөнгөнүүд маань зөв зүйлд зарцуулагдаж байна уу гэдгийг хянаад үзэнгүүт л ийм зөрчил харагдаж байна.Яг үнэндээ бол Монгол Улсад эргэлдэж байгаа энэ их тоотой мөнгөний хажууд 107 сая төгрөг гэдэг бага мөнгө байх л даа.

Гэхдээ өнөөдөр бодит амьдрал дээр  жишээ нь миний унаж байгаа приус машинд энэ мөнгө хэдэн литр бензин болох билээ? Миний эсвэл өөрийн чинь одоо гар утасны хувьд хэдэн сарын төлбөр төлөх мөнгө вэ? гээд тооцоод үзэхээр маш их хэмжээний мөнгө болчихож байгаа юм. Ийм учраас  энэ бол яах аргагүй  их ноцтой  зөрчил. Ялангуяа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хуулийн заалтуудаар бол ихэвчлэн арван саяас дээш үнийн дүнтэй бол онц их хэмжээний хохирол болчихож байгаа. Тиймээс ч энэ асуудлыг холбогдох хуулийн байгууллагад өгч шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

 

Иргэдийн зүгээс хамгийн их харддаг байгууллагууд бол төрийн өмчит компаниуд байдаг шүү дээ. Төрийн өмчит томоохон компаниудад шахаа хийлээ гэдэг асуудлууд байдаг. Нэг ширхэг боолтыг гэхэд л зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр авсан байх жишээтэй?

 

Төрийн өмчит компаниуд хуулийн дагуу таван сая төгрөгнөөс дээш гүйлгээ цэсийг заавал байршуулах ёстой.Өөрөөр хэлбэл таван сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийж байгаа бол 72  цагийн дотор  уг цэсдээ шивж оруулах  үүрэгтэй. За энэ дээр бол хоёр янзын одоо тэмдэглэгээ хийгдэх ёстой. Гэтэл таван сая төгрөгнөөс  дээших үнийн дүнтэй гүйлгээний цэсийг хаагдуулсан хаасан тохиолдлууд  гарч ирж байгаа юм. Гэхдээ үүнийг засаж залруулж болох учраас дийлэнх нь залруулаад явж байна. Жишээ нь Төрийн банк, Эрдэнэс Монгол” хоёрыг жишээ нь би хугацаатай үүрэг өгөөд нээлгэсэн. Нөгөөтэйгүүр Шилэн дансны тухай хууль” 2014 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж байна гэхээр бараг 6 жилийн хугацаатай бүх таван саяас дээш үнэтэй гүйлгээнүүдээ буцаагаад шивж оруулах хэрэг гарна аа даа. Тиймээс нэг сарын хугацаа өгчихөж байгаа юм. Мэдээж 6 жилийн хугацаан дахь  таван саяас дээшхи үнийн дүнтэй бүх гүйлгээ гэхээр чинь бас л овоо их юм болно.Мэдээж физический нэг хүн тэнд  шивж нэг бүрчлэн оруулна.Дээр нь хийсэн гэрээ баримтын хуулбар зэргийг бүгдийг нь PDF файл болгож оруулах ёстой. Энэ бүх ажил нь дууссаны дараа мөнгөний баримтуудыг дахиад үзнэ.Хэн авсан юм, хааш нь шилжүүлсэн юм, яг тэр энэ хуульд нийцэж үү, нийцээгүй юм уу гээд дахиад дараагийн асуудлууд яригдана.

 

Монгол Ардын Намаас таны хийж үйлдэлд  ямар реакц үзүүлж байна? Цогоо битгий ийм юм хийгээд  намаасаа томилогдсон хүмүүсийг шүүмжлээд бай” гэдэг ч юм уу? 

Тийм зүйл байхгүй ээ байхгүй.Харин ч эсрэгээрээ манай нам ч байна уу?Ардчилсан нам нь ч байна уу, ХҮН нам нь ч байна уу, хамгийн гол нь жирийн иргэд дэмжиж байгаагаа л их илэрхийлж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших магадлал их өндөртэй байсан кандитатуудын нэг нь бол та байсан. Би буруу санаагүй бол та МАН-ын бага хурлын үеэр нэрээ татчих шиг болсон. Тэгэхээр ер нь УИХ-ын 2020 оны хоёр сонгуульд нэр дэвшээгүй юм бэ. 

Энэ чинь тэгээд шилэн данстай ямар холбоотой юм бэ? 

Тантай уулзсаных, далимдаа асуучихъя гэж бодсон л юм?


Тийм ээ, тийм.Нэг тийм үйл явдал л болсон.Сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн квотыг их өндөр зааж өгсөн байдаг. Тэгээд манай аймагт хоёр эмэгтэй нэр дэвшиж таарсан. Эмэгтэйчүүдийн квот хуульд заасан хэмжээнд байх ёстой учраас зарим эрэгтэйчүүдэд боломж гараагүй. Тэдний нэг нь л би .

 

Ярилцлагаа шилэн дансны тухай хуультай холбоотойгоор төрийн байгууллагууд, тэдгээрийн удирдлагуудад  хандаж хэлэх таны үгээр өндөрлөе. Танд хэлэх ямар нэгэн санал, зөвлөгөө, шүүмж, анхааруулга шаардлага юу байна?

Яг үнэндээ Шилэн дансны тухай хууль”-ин дээр Б.Цогтгэрэл гэдэг нэр байхгүй шүү дээ. Иргэн болгон төлж байгаа татварынхаа мөнгөнд хяналт тавих боломж байна. Үүнийг нь л зүгээр нэг дугаар хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Цогтгэрэл гэдэг нөхөр завтай байгаа хугацаагаа ашиглан хийгээд олон нийтэд гаргаж байгаа юм. Хэдий чинээ олон хүн үзнэ, төдий чинээ хуулийн биелэлт хэрэгжилт сайн болно. Энэ бүхний цаана ямар ч улс төр байхгүй. Үүний цаана ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо ч юм у? Эсвэл хэн нэгнийг дарамтлаад байгаа зүйлогт байхгүй. Зөвхөн хүн хуулийн хэрэглээнд хяналт тавиад, төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөөд тэр нь бодит амьдрал дээр биелээд явах боломжтой байдаг юм байна гэдгийг л би зүгээр харуулж байгаа  юм.

Би өнөөдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Даргатай уулзана. Энэ үеэрээ Төрийн Өмчит Үйлдвэрийн Газруудад бүгдийг нь таван сая төгрөгнөөс дээшхи үнийн дүнтэй гүйлгээнүүдээ хөтөлчих гэдэг шаардлага тавина. Би одоо хаа хүртэл явж чадах нь уу болох нь уу? Үүнийг л бүгдээрээ үзчихье. Яг үнэндээ өнөөдөр  хүчтэй сөрөг хүчин байсан бол их хүчтэй хяналт тавих байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ манай МАН бол 99 жилийн түүхтэй, том  эрх барих хүчин.

Тиймээс ч ийм том байгууллагад өөрөө өөрийгөө  хянадаг, идээ бээрээ шахдаг цэвэрлэдэг, авлигаас, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж чаддаг бүтэц тодорхой хэмжээгээр төлөвшчихжээ.Төсвийн захиран зарцуулагч та шилэн дансыг сайн хөтөлж чадах юм бол маш олон  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс өөрсдийгөө хамгаалж чадна.Хэрвээ хөтлөхгүй зугтаад байвал асуудал үүснэ. Өнөөдөр Б.Цогтгэрэлээс зугтааж болно л доо.Маргааш харин хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүснэ шүү. Нэгэнт одоо энэ сөрөг хүчин  гэх Ардчилсан Намаас юу хүлээх шаардлагагүй байна.Тийм учраас  Цогоо нь ажлаа хийгээд,  шилэн дансаа хяная.Та бүхэн МАН-даа итгээд явж байж болно оо. МАН өөрөө өөрийгөө хянаад, гарч ирсэн буруу зүйлтэйгээ өөрсдөө дотроосоо тэмцээд, идээ бээрээ шахаад явах  бүрэн боломжтой учраас эргэлзэх тээнэгэлзэх хэрэггүй ээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол одоо өнөөдөр миний энэ хийгээд байгаа ажлыг УИХ хийх ёстой. Миний  сонссоноор бол нэг их удахгүй УИХ-д  хяналтын функцүүд байгуулагдах юм билээ. Шилэн данс гэдэг чинь ердөө  нэг л хууль шүү дээ. Яг үүн шиг хэдэн мянган хууль тогтоомж, дүрэм журам байгаа. 

 

Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

Баярлалаа.

 

Ч.Явуухүү

sonin.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх