Б.Баярмагнай: Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа

  • 0
  • 150
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.
Энэ удаагийн сонгууль хамгийн олон бие даагчид нэр дэвшиж буйгаараа онцлогтой. Тодруулбал, нийслэлийн 9, аймгийн 20 тойрогт 76 мандатын төлөө 14 нам, эвсэл 121 бие даагч буюу нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Иргэд сонгогчдын зүгээс ч энэ удаад бие даагчдыг, ялангуяа чадварлаг, мэргэжлийн, туршлагатай нэр дэвшигчдийг эрэлхийлж байгаа хандлага нэлээд ажиглагдаж байна. Ингээд бид БЗД-ийн 23-р тойрогт бие даан нэр дэвшигч Бямбасүрэнгийн Баярмагнайгийн сэтгэгдлийг сонслоо.
-Та дөнгөж сая 2020 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Яг энэ мөчид танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Нийт Баянзүрхчүүдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр шийдвэрлэсэн маань их онцлогтой. Би 2015 оны төгсгөлөөр 25 жил тасралтгүй ажилласан цэргийн жинхэнэ албанаасаа бэлтгэлээр халагдаж, Монголын ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулъя, Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө энэ алхмыг хийсэн. Генерал гэдэг хүн 62 нас хүртлээ төрдөө алба хаагаад зүтгэх эрх нь нээлттэй. Мөн НҮБ-ын төлөөгчийн газарт, Нью-Йорк хотод цэргийн зөвлөхөөр томилогдох байсан ч би үүнээс татгалзаад 25 жил төрд, Монгол Улсдаа үнэнчийн баталгаа болсон тангарагаа өргөөд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энэ албаа цэвэр ариунаар нь хаая, цаашдаа улс орноо зөв замд нь оруулахад өөрийн хувь нэмрээ оруулъя гэж өнөөдрийн шийдвэрээ гаргаад явж байна.
-Таны хувьд тэр сайхан боломжийг орхиод өнөөдрийн энэ сонголтоо хийхэд хүргэсэн зүйл чухам юу байв?
-Монгол Улс маань төрийн тогтолцооны хямрал гажуудалд орж, төрийн алба ялзарч, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд эрх баригчдын гарт орсон цаг үед энэ бүгдийг би тэвчиж сууж чадаагүй юм. Ер нь үүнийг засах ёстой, мэргэжлийн хүний хувьд хууль тогтоох дээд байгууллагад орох ёстой юм байна, мэргэжлийн хүн л тухайн салбар чиглэлийнхээ хуулийг санаачилж байж алба хаагчдынхаа амь амьдралын төлөө зүтгэхгүй бол хэн нэгэн улс төрч, хэн нэгэн бизнесмэн бусдын төлөө зүтгэхгүй юм байна гэдгийг би олж харсан.
Мэргэжлийн засгийн газар, шинэчлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газар гэж байлаа. Нэг нь ч шийдээгүй, шинэчлээгүй, мэргэжлийн байгаагүй. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн тангараг өргөөд, үг хэлэх эрх нь хязгаарлагдсан байдаг. Тийм учраас би тэдний дуу хоолой болох гэж өнөөдөр энд байгаа юм. Би бэлтгэл генерал офицер хүн.
Хоёрдугаарт би жинхэнэ албанаасаа чөлөөлөгдсөн жирийн л иргэн хүн, Монголын ард түмний төлөөлөл. Тэгэхээр би ард түмнийхээ дуу хоолой болохын тулд бие дааж байгаа юм. Хэрэв би аль нэг намд орвол тэр намын дуу хоолой болно. Өнөөдөр төрийн дээр нам гарчихсан. Зөвхөн намын даргынхаа шийдвэрийг дагадаг, намдаа баригдаад ард түмэндээ үйлчилдэггүй. Энэ байдлыг халъя, ард түмний үгийг дамжуулъя, ард түмэн өөрсдөдөө ээлтэй ямар хууль санаачилмаар байна, тэр төсөл, саналаа надад өг, би санаачилж ажиллая гэж байгаа юм. Өнөөдөр надад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 20 орчим хуулийн төсөл бэлэн байна. Дээрээс нь ард түмэн ямар хуулийн төслүүд хүсч байна, түүнийг нь би эрхийнхээ дагуу санаачилж ажиллах болно.
-Бие даагчид УИХ-д ганцаардаж, хүчин мөхөсддөг гэх. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа. Энэ бол өмнө нь бие даан гарч ирсэн хүмүүсийн чадваргүйтэй холбоотой. Тэднээс болж бие даагчдын нэр хүнд унасан. УИХ-ын гишүүн гэдэг бол 27 эрхтэй. Хууль санаачлах эрх жирийн хүнд байдаггүй. Энэ эрх УИХ-д, Засгийн газар гэсэн бүхэл бүтэн институцид бий. Тэгэхээр бүх шатанд хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах эрхтэй. Мөн Их хурлын гишүүд ажлаа тасалдаг, хуралдаа суудаггүй, хуулиа санаачилдаггүй, энэ үлбэгэр, сулбагар, арчаагүй байдлаас болж УИХ-ын гишүүдийн нэр хүнд унасан. Бас гишүүд маш их хуулийн хамгаалалтанд орсон байна. Хамгийн сүүлд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татна гэсэн хуулийн төсөл санаачилж оруулсан, уналаа. Би дахиад санаачилна. Би зэвсэгт хүчинд 25 жил тасралтгүй зүтгэхдээ нэг ч өдөр ажил таслах байтугай, хоцорч үзээгүй. Тийм учраас би хэрэв энэ сонгуульд сонгогдвол үүргээ бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Тантай мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа нэр дэвшигчдэд болон нийт сонгогчиддоо хандаж сонгуулийн сурталчилгааны хугацаанд ямар уриалгыг дэвшүүлмээр байна?
-Миний хувьд бодлогоор өрсөлдөхийг л уриалж байна. Хэн нэгнийгээ харлуулах, муулах байдлаар бүү өрсөлдөөсэй. Надаас бол тийм юм гарахгүй. Би тийм ажил хийж байгаагүй. Монголын төрдөө цэвэр ариунаар зүтгэж ирсэн хүн. Намуудаас гарч байгаа, манай монголын хар тактик дэлхийд байхгүй хар пиарууд байдаг. Мэдлэгээрээ, бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө цэвэр өрсөлдөе гэж уриалах байна.
-Та мөрийн хөтөлбөрөө товч танилцуулж болох уу?
- БЗД бол цэргийн гэр бүлийн тойрог. Би Баянзүрхчүүдийнхээ амьдралыг сайн мэднэ. Би мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх 4 чиглэл, нийслэл хотынхоо хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, БЗД-ийн хэмжээнд хэрэгжүүлэх 3 чиглэл, 23-р тойрогт багтаж байгаа 17-н хороондоо хэрэгжүүлэх 3 асуудал, нийт 14 багц асуудлаар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Энэ 14 багц асуудал нь Монгол Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай шийдвэрлэх ажлууд гэж ойлгож болно. Олон шинэ санаачлагуудыг оруулсан. Мэдээж би үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах чиглэлийн салбартай миний амьдрал холбоотой учраас энэ талын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхүү оролцоно гэсэн бодолтой явна даа.
Ингээд бэлтгэлд байгаа нийт офицер, ахлагч, зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад алба хаасан нийт бие бүрэлдэхүүнд хандан төрийн генералаа дэмжээрэй гэж уриалж байна. Генерал нь итгэл алдахгүй шүү. Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэе.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Я.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх