Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж буй билээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгахаас өмнө ХХЕГ-ын нэн чухал албанд ажиллаж байсан дээрх хоёр хурандаа болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм. Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгасан. Тэдэнд холбогдох хэргийг анх 2017 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хурандаа нар, тэдний өмгөөлөгч, хэргийн бусад холбогдогч давж заалдах болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг учраас улсын нууцад хамааруулж, хаалттай хэлэлцдэг, мартагдах шахсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 24-нд дахин хэлэлцээд прокурор, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн аж. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Т.Оргил-Очир эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн хянаад анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хурлаар дахин хэлэлцүүлэхээр харьяалах шүүхэд нь буцаажээ. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” хэмээн заасан ч 2017 оны болон энэ оны долдугаар сард шийдвэрлэсэн тогтоолоо Шүүхийн цахим санд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оруулаагүй, нууцалсаар байгаа юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх