|
Шинэ мэдээ

Замгүйн улмаас заменд суух монгол нүүрс

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд манайхаас худалдан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж эхэлсэн хэдий ч үнэ, чанар, ложистикийн хүндрэлүүдээс шалтгаалан бид ч, тэд ч хүссэн хэмжээгээрээ өгөлцөж авалцаж чадахгүй байгаа билээ. БНХАУ-ын нүүрсний худалдааны хамгийн том таван нийлүүлэгч нь Индонези, Австрали, Орос, Монгол, Филиппин улс байдаг. Уг судалгааг БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооноос 2020 оны эхэнд гаргажээ. Хятадын нүүрсний импортыг газар зүйн байршлаар нь авч үзвэл Монгол, Индонези, ОХУ гол тоглогч Австралиас ойр, тэр дундаа Монгол улс бол Хятад дахь коксжих нүүрсний хамгийн ойрын том эх үүсвэр, гэвч бид өнгөрсөн 10 жилд ч, ирэх хэдэн жилдээ ч энэ том зах зээлд өөрийн байр сууриа бататгаж, томруулах биш харин ч хойд хөршдөө алдаж болзошгүй нөхцөлд орсон.

Хэдхэн хоногийн өмнө эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлийн бага хурал зарлаж Монгол улсын иргэн бүрийг хохироож, 10 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн хэргийн талаар мэдэгдэл хийсэн. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг 10 жил гацаасны улмаас бид улсаараа хэрхэн хохирсныг эдийн засгийн талаас нь тайлбарлаж, тоймлон тооцоолсноо дэлгэсэн. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг гацаасны үр дүн өнгөрсөн 10 жилээс гадна одоо эхлэсэн ажил нь дуустал, дууссан ч буцаад нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд хэрэгтэй тэр цаг хором, жил сар бүрийг бид мөнгө болгон алдсаар байх болно. Эдийн засагч Л.Наранбаатарын тайлбарласан жишээг одоогийн бодит байдалтай харьцуулан харуулья.

Эрдэнэс-Тавантолгой компани гэхэд Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам тавигдсан байсан бол зөвхөн 2013 онд 30 сая тонн нүүрс олборлон борлуулах боломжтой байсан. Харамсалтай нь төмөр замгүйн улмаас 7 жилийн хугацаанд ердөө 65 сая тонн нүүрс түүхийгээр нь хямд үнээр борлуулсан.

БНХАУ өнгөрсөн аравдугаар сард нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсны 3.3 сая тонн буюу 56 орчим хувийг манайхаас авчээ. БНХАУ, Монгол улс Ковид-19 цар тахалтай холбогдуулан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий ногоон гарцыг өнгөрсөн наймдугаар сард хэрэгжүүлж эхэлснээр ачаа тээврийн хүчин чадал нэмэгдсэн. Үр дүнд нь Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ нь өсч өдөрт 500-1000 ачааны машин нүүрс Хятад руу нүүрс гаргаж байсан бол наймдугаар сараас өдөрт 2000 болж өссөн. Харамсалтай нь Цар тахал болоод бусад хүчин зүйлээс үүдэн далайн тээвэрлэлт чангарснаар өртөг болоод тээвэрлэлтийн хүчин чадал нь тогтвортой Хятад- Европын ачааны галт тэрэг бүс нутгийн худалдаанд чухал үүрэг гүйцэтгэгч болгов. Үр дүнд манай улсын нүүрсний өрсөлдөх чадвар буурч эхлэв.

Монгол Улсын хувьд 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн хэдий ч эдийн засагчид энэ онд 2020 оны хэмжээнээс илүү гарахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Монголын тал БНХАУ руу хийх нүүрсний экспортод чиглэгдсэн төмөр зам, тээвэр ложистик, боомтын хүчин чадлын асуудлаа нэмэгдүүлж чадахгүй, гацаж байгаа нь манай улсын нүүрсний экспортоос олох бодит орлогын хэмжээ өсөхгүй байх гол хүчин зүйл болж байгааг Coal Mongolia-2019 худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтанд оролцогчид илтгэгч нар хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Уг нь Хятадын нүүрсний салбар бидэнд улам л ойртсоор байна. Харамсалтай нь улс төрийн үл ойлголцол, гааль, ложистикийн асуудлаа шийдэж, энэ боломжийг ашиглаж чадахгүй байгаагаас дүгнэхэд дараагийн хямрал болон одоо үүсээд буй өрсөлдөөнд бид бэлэн биш  байна гэж "Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл дүгнэсэн нь эдийн засагч Л.Наранбаатарын тооцоо судалгааг баталж буй юм.

Төмөр замаар зөөвөрлөн борлуулах байсан нүүрсний экспорт хийгдсэн бол өнөөдөр ам.доллар 2850 төгрөг биш 1550 төгрөгийн ханштай байх байлаа. Зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс гарсан хохирол асар их тоо болно. Монголын долларын нөөц 4 тэрбумаас 4 дахин их ам.доллар экспортоо даган орж ирэх байлаа.

Монгол Улсын нүүрсний салбар урд хөршийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Монгол улсад эргэлдэж буй нийт валютын 40 хувь нь нүүрсний салбарын орлого буюу Хятадын нүүрсний зах зээлээс орж ирдэг. Өөрөөр хэлбэл бидний авч буй цалин, орлогын 1000 төгрөг тутмын 400 нь нүүрснээс олсон орлого юм. Хэрэв Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам барих асуудалд зарим нэгэн эрх мэдэлтэн хувийн эрх ашиг, улс төржилтгүйгээр хандаж барьж дууссан байсан бол тоо хэд ч болж нэмэгдэж магадгүй байлаа. Хятадын Нүүрсний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн холбоо болон "Jiangsu Steel” гангийн үйлдвэрийн шинжээч Мү Веншин Монголын нүүрсний салбарын хэтийн төлөвийн талаар "Монголын нүүрсний салбарт тулгамдаад буй хамгийн том асуудал бол тээвэр, дэд бүтцийн асуудал. Жишээ нь Тавантолгойн нүүрсний уурхайгаас 270 орчим км явж боомтод хүрдэг. Боомтоос цааш дахиад маш хол зайг туулж Хятадын эцсийн хэрэглэгчид хүрдэг. Тиймээс монгол улс төмөр зам, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй тохиолдолд Хятадын зах зээлд нөлөөллөө ихэсгэнэ гэдэг боломжгүй зүйл болж байна. Хятадад 1960-аад оны үед дэлгэрсэн "Хэрэв та баян болно гэж бодож байвал эхлээд замаа тавь” гэсэн үг бий. Үүнтэй адилаар экспортын чиглэлийн замыг улам сайжруулахгүй л бол экспортын бодит хэмжээг өсгөж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдал үргэлжилсээр байх болно гэж Coal Mongolia-2019 чуулга уулзалтанд оролцохдоо хэлсэн нь эдийн засагч Л.Наранбаатарын үгийг нотолж байна.

2022 онд төмөр замаа бариад дуусахад манай улсын нүүрсээ БНХАУ-д зарж чадахгүй. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдаж буй төмөр замынхаа өртгийг нөхөж чадахгүй байдалд орно. БНХАУ-ын нүүрсний зах зээлд эзлэх хэмжээ буурч 7-8 хувь болно.

Австралид тавьсан улс төрийн хориг Хятадын коксжих нүүрсний импортын орон зайд ОХУ-аас тоглолт хийж, томоохон байр суурь олж авах хүслээ биелүүлэхэд боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Энэ орон зайд зөвхөн ОХУ-аас гадна гуравдагч орнууд орж ирэх магадлалтай. ОХУ нь Хятадын коксжих нүүрсний салбарт хүчтэй байр суурь эзлэх эрмэлзэлтэй байгаа нь улс төрийн гэхээсээ худалдааны дайны үр дүнд тэдэнд бий болсон боломж, давуу тал. Аманд нь орсон ий, сайхан шар тосыг оросууд хэлээрээ түлхэхгүй нь ойлгомжтой. Гол өрсөлдөгч болох Монголчууд өөрсдийн боомтын нэвтрэх чадвараа нэмэгдүүлж чадахгүй байгаа, үүндээ зарцуулах цаг хугацааг нь ашиглан оросууд манай коксжих нүүрсний зах зээлийг эзлэе гэж бодох нь ч ойлгомжтой. Биднийг төмөр замаа барьж дуусах хугацаанд оросууд зүгээр суухгүй нь лавтай. Тэд хэд хэдэн терминал барьж нүүрсээ хятадад нийлүүлэх бүх бэлтгэлээ хангаж бараг дууссан. "Хятад, Орос хоёр эрчим хүчний салбар, тэр дундаа нүүрсний салбарт илүү гүнзгий хамтын ажиллагааны орон зайг олох болно" гэж Шямэний Их сургуулийн Хятадын Эрчим хүчний эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Бочиан ярьжээ. Хятадын компаниуд Орос, Австралийн нүүрсний чанар, үнийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж үзэж, оросын нүүрсийг худалдан авч эхэлжээ.

Цаг хугацааны болоод одоогийн мөнгөний ирээдүйн үнэ цэн гэдэг нөхөж болдоггүй зүйлс байдгийг харуулсан тод жишээ нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын ажлыг гацаасан явдал боллоо. Улс төржилт, хувийн ашиг сонирхол гэдэг бүхэл бүтэн улсын эдийн засгийн орлогоор, иргэдийнх нь амьдралаар, хүүхдүүдийнх нь ирээдүйгээр тоглочихдог юм байжээ.

Л.Амарсанаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?