|
Шинэ мэдээ

Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

 
 

 

Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 15-нд болно.  Улс төрийн намууд дотооддоо нэлээд бужигнаж, ямартай ч нэр дэвшигчдээ тодруулаад байна.  Удахгүй сонгуулийн сурталчилгаа эхэлж, Монголын улс төр нэг хэсэгтээ л ярих сэдэвтэй байна. 
Харин орон нутгийн сонгуулийг улс төрийн дээд түвшинд төдийлөн тоохгүй байгаа бололтой.   Тэнд  2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил аль хэдийнэ эхлээд байна.  Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд онцлогтой болно.  Эрх баригчид өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Ингэхдээ  Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн заалтыг нэмж оруулсан байдаг. 
 
Тухайлбал, 2021 онд сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.  Ингэхээр Ерөнхийлөгч болсон хүн 2027 он хүртэл Төрийн эрхийг барина гэсэн үг.  Энэ бол Монголын улс төрийн үйл ажиллагаанд их хугацаа байж мэднэ. Тиймээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль оршил, эхлэл, өрнөлөө эхлээд гал гарсан өрсөлдөөн болох нь тодорхой.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2021 оны сонгуулийн оршилоо аль хэдийнэ эхлүүлсэн.  Тэрээр аймгуудад биечлэн очиж, иргэдтэй уулзаж байна.  "Алдарт эх” одонг  энэ жил ээж бүрт нэг бүрчлэн гардуулж байна.   Өнгөрсөн сард говийн аймгуудад ажилласан бол энэ амралтын өдрүүдэд Увс, Завхан аймагт ажиллалаа.  Төрийн тэргүүн Завхан аймгийн иргэдтэй уулзах үеэрээ алслагдмал бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцолжээ. Тэрээр дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбоог сайжруулах талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.  Мөн энэ үеэр Завхан аймгийн 227 ээжид  "Эхийн алдар” одонг гардуулжээ. Үүний дараа  Увс аймагт очиж, "Шинэ эдийн засаг-Увс” форумд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлжээ.  Энэ үеэрээ тэрээр " Би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна.
 
 Монголчууд түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой” гэжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн орон нутаг дахь айлчлал үргэлжилж, 24-нийг хүртэл Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.  
 
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллав.  Тэрээр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж,  ургац хураалт болон иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварын ажилтай танилцлаа.  Эрх баригч намын даргын хувьд тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөртэй улстөрч.  Тиймээс  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүүлийн үеийн  үйл ажиллагаануудыг 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил гэж харахад хүрч байна.  Тухайлбал,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллахдаа Дархан хүртэл төмөр замаар зорчжээ.  Ингэхдээ автозамын ажил  гүйцэтгэгч нарт 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав.  Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллаж, "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Улмаар Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа түүнд илэрхийлсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бие хаалтаа эхлүүлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх ч Сэлэнгэ, Дарханд очсон.  Мөн Ерөнхий сайдын зүгээс сүүлийн үед иргэдийн анхаарал татсан олон асуудлыг хөндөх болов.  Доогуураа орон нутгийн сонгууль, дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?