|
Шинэ мэдээ

Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

 

 

 

 

Шинэ парламентын нэг суудал эзэнгүй үлдлээ. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, санал хураалт болж, "ангийнхан” нь Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж, тангараг өргөж суудлаа эзлэх бүхий л хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хоригдож байв. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж явахад нь баривчилсан. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байхад нь цагдан хорьсон. Түүнийг хоригдож байх хугацаанд сонгууль болж, сэлэнгэчүүд Ж.Эрдэнэбатыг төрд төлөөллөө болгож сонгосон байдаг. Гэтэл сонгуулийн дараахан шүүх хурал нь болж Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж шүүхийн шийдвэрээр зургаан жилийн ял биеэр эдлэх, гарч ирээд нийтийн албанд зургаан жил ажиллах эрхгүй болголоо.
Ж.Эрдэнэбатын оронд нөхөн сонгууль явуулах, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Эндээс харвал, бүрэн эрхтэйгээ хоригдож, сонгуулийн дүнгээр халдашгүй байдал нь баталгаажсан парламентын гишүүн ял аваад явсан нь Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүй онцгой тохиолдол юм. Энэ дунд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад нь СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгосон ч цагдан хориход нь нэг ч тайлбар хэлээгүй. Сонгуулийн дүнгээр дахин УИХ-ын гишүүн болсныг нь СЕХ, Ерөнхийлөгч баталгаажуулсан гээд тун сонин процесс болж өнгөрлөө. 
Харин том зургаар нь харвал Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хууль шүүх, парламентын өрнөл зөвхөн түүнд хамаараад өнгөрөх хэрэг биш боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалт биш нэр төдий зүйл үү гэх зэргээр тодруулж цэгцлэх асуудал ургаж байна. Дараагийн удаа Ж.Эрдэнэбатынхтай адил парламентын гишүүний бүрэн эрхтэйгээ байхад нь баривчилбал яах вэ.
Дахин сонгогдож халдаш­гүй байдлыг нь батал­гаажуулсан тохиолдолд СЕХ, Халдашгүй байдлын дэд хороо, парламент хэрхэн ажиллах ёстой. Нэг ёсондоо, Ж.Эрдэнэбатын хэрэг парламентын түүхэнд ямар жишиг тогтоох бол гэдгийг бодолцох шаардлага гарлаа. Уг нь Д.Лүндээжанцан нарын улс төрийн хашир туршлагатай гишүүд "Энэ удаагийн үйлдэл ийм жишиг болж үлдлээ. Дараагийн удаад ингэж шийдвэрлэх ёстой” гэж байнга ярьдаг. Тэгвэл тэдний хэлдгээр дараагийн удаа Ж.Эрдэнэбатынх шиг хэрэг хэн нэгэнд нь тохиолдвол энэ удаагийнх шиг дуугүй харж суусаар ял авах замыг нь нээж, нөхөн сонгууль зарлаад явах уу. 
"УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдлыг зөрчиж шүүн таслах ажиллагаа явуулж байгаа явдал ирээдүйд халдашгүй байдал нь баталгаажсан бусад субъект руу халдах буруу жишиг тогтоож магадгүй байна. Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай" гэдгийг түүний өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн. Тэрээр "Сонгуулийн дүн гарснаар Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь баталгаажсан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. Халдашгүй байдал нь баталгаажсан УИХ-ын гишүүн гэж үзнэ.
Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрын хууль зүйн үр дагавар, агуулгыг арай буруугаар ойлгож яриад байх шиг байгаа юм. Тангараг өргөөд бүрэн эрх нь хэрэгжсэн тохиолдолд хууль санаачлах, чуулган, байнгын хорооны хуралд оролцох, үг хэлэх эрх нь үүсдэг. Халдашгүй байдлын тухайд сонгуулиар ялсан дүнг СЕХ баталгаажуулснаар үүсдэг.
Тэгэхээр энэ удаагийн явдал шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй байдалд халдаад байгаа мэт боловч үндсэндээ Үндсэн хуулийн маш том зөрчил болж байна. Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн эрх үүрэг,  харилцан хяналттай байх зарчмуудыг тогтоож өгсөн. Гэтэл шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрхэнд Үндсэн хууль зөрчсөн байдлаар халдаж эхэлж байгаа нь Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд ноцтой зөрчил авчирч байна.
Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан зургаан субъект бий. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол шууд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулж бичсэн байдаг. Бид УИХ-д хандсан.
Намынх нь анхан шатны байгууллагаас нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан юм билээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа. Үндсэн хуулийн цэцэд манай үйлчлүүлэгч хүний үндсэн эрхийг зөрчсөн асуудлаар нь гомдол гаргасан байгаа. Бид мөн халдашгүй байдалтай нь холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа.
Зохих газруудад гомдлоо гаргаад, эцсийг нь хүртэл явна. Үр дүн ямар байхыг одоо таашгүй. Цэц гэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлыг цэцийн аль нэг гишүүнд хуваарилах ёстой атал Цэцийн Тамгын газрын даргад өгчихсөн. Цэцийн Тамгын газрын дарга нь эргээд бичгээр хариу өгчихсөн. Тэр нь хуульд нийцэхгүй байна гээд эргээд Цэцэд хандсан байдалтай л байна” гэлээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?