|
Шинэ мэдээ

С.Молор-Эрдэнэ: Байгалийн түүхийн музейг нураасан үйл явдал бол Монголын гамшиг

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

- Байгалийн музейг нураасанг яагаад буруутгаж байгаа вэ?

- Улс орнууд яагаад музей барьдаг, хамгаалдаг, засан сэргээж бүрэн бүтэн байлгаж сайжруулж шинэчилж явдаг вэ гэхээр музей бол тухайн ард түмний соёлын илэрхийлэл бас бүтээл. Хүүхэд залуучууд музейгээс соёлтой танилцдаг, суралцдаг. Оюутнууд музейд дипломын ажлаа судлаад байж байдаг.  Бид соёлын илэрхийллээ хуучирсан байшин нэрийн дор нураасан. Ямар ч барилга байшин хуучирдаг. Гэхдээ ямар ч барилгыг сэргээн засварлаж болдог. Энэ бол дэндүү гэнэн, бүдүүлэг шалтгаан. 

- Хүний дээрээс нурж унахаар болчихсон учраас нураахаас өөр ямар ч аргагүй гэсээр нураасан?

- Зориудаар өөрөө нуран унатал нь хуучруулсан байна. Дөнгөж хуучраад эхлэнгүүт нь засварлах ёстой. Монголчууд соёлоос хөндийрсөн, хүндлэхгүй үнэлэхгүй байгаа нь үүгээр харагдаж байна. Төр нь өөрөө соёлын үнэт зүйлийг хамгаалалтанд авна гэсэн мөртлөө нурахыг нь хүлээгээд байж байна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Соёлыг аврах биш соёлыг балгас болгодог бүдүүлэг ард түмэн. Байшинг биш соёлоо, шинжлэх ухаанаа нураачихлаа.

- Яагаад Монгол хүн соёлоос хөндийрөв? 

- Хүн төрөлхтөн соёлтой болоод амьтан чанараасаа салсан. Тэгэхээр энэ музейг нураасан явдал бол бид нар буцаад амьтанлаг чанартаа ойртож байна гэсэн үг. Соёлоос зугтаагаад байгаа юм бол тэгээд бүдүүлэг л болцгооё. Соёл бол хариуцлага, ухамсарын асуудал, хувь хүнээс, иргэнээс, төрөөс маш их юм шаарддаг зүйл. Уул уурхайтай адилхан гаргаж ирээд зарчдаг зүйл биш. Мөнгө буцаж орж ирдэггүй болохоор төр соёлд мөнгө зарах дургүй байдаг байх. Тухайн ард түмэн соёлыг хэр их хүндэтгэж байгаагаас шалтгаалаад ард түмний амьдрал хөнгөн байна. Түгжрэл утаа гээд нийгэмд тохиолдож байгаа бүх асуудлууд соёлгүйгээс л болж байгаа. Машин түгжирч байгаа юм биш. Жолооч машиныг түгжрүүлж байна. Жолооч соёлтой хүн байсан бол түгжрэл болохгүй. Бид ёс суртахуун, хүн ёсны хямралд орсон харагдаж байна. 

- Хүн ёсны хямрал гэдгийг сайн тайлбарлаж өгөөч?

- Хүн ёсны хямрал гэж юу хэлээд байна вэ гэхээр хүнд баярлаж сурах, хүний хийсэн бүтээснийг хамгаалж хүндэлж сурах, өөрсдөө чадахгүй л байгаа биз, хүн хийснийг нураагаад хаячихаж болохгүй. Эцсийн эцэст Монголыг хоёр хөрш бүтээсэн. Бидний тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн. 1949 онд Орос Хятад хоёр бид нарт туслаад та нар нэг тусгаар тогтносон улс болоод өөрсдийгөө аваад яв тэгэх үү, чадах уу гэсэн. Хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэнд хэрэгтэй гээд сургууль эмнэлэг барьж өгсөн. Инженер, эмч, хуульч хэрэгтэй бид нар сургаад өгье гэсэн. Өөрсдөө чадахгүй байж чадсан хүний юмыг нураагаад байна гэдэг чинь ямар хүн ёсны биш, хүн чанаргүй ард түмэн бэ гэдэг нь харагдаж байна. 

- Хоттой болоод 70-хан жил болж байхад музейг нь нураачих юм?

- 1989 оны Аж үйлдвэрийн нураалт

1949 оноос эсгий гэрээс гарч анх удаа Улаанбаатар руу нүүж бүгд ажилтай болсон. Соёлтой анх удаа танилцах гээд явж байтал 1989 онд Аж Үйлдвэрийн нураалт явагдаж бүх хүмүүс ажилгүй болсон. Уул нь ажил мэргэжилтэй болсон хүмүүс буцаад аймаг сумандаа очоод ажлаа хийх гэсэн ардчилсан намын ч юмуу нэг нөхөр хувьчлаад авчихсан учраас бүгд ажилгүй болсон. 1989 онд энэ ажилгүйчүүд буцаад Улаанбаатар руу нүүсэн. Эхний нүүдэл бол соёл боловсролтой болох нүүдэл, хоёрдох нь ажилгүйчүүдийн нүүдэл. 

2019 оны Соёлын нураалт

Одоо бол 2019 оны Соёлын нураалт болж байна. Энэний дараа өөр музейнууд нураана. Драмын театр, дуурийн театрийг нураана гээд яриад эхэлчихсэн байгаа. Одоо соёлыг устгах гэж байна. Ерөнхийдөө эрт эхэлчихсэн л дээ. Ард кино театр, баримтат кино театрууд банк болсон. Номын дэлгүүрүүд солонгос ресторан эсвэл баар болсон. Их Монгол гээд паб дээр үед номын дэлгүүр байсан юм. Муудсан засаад нэмэргүй гэх нэрээр соёлын устгал явагдаж байна гэж харж байна. Барилгуудыг засан сэргээдэг дэлхийн том компаниуд байж л байгаа. Яагаад музейн барилгыг сэргээдэг хүмүүсийг дуудаад авчирч ажиллуулж болохгүй гэж. Улаанбаатар соёлгүй бүдүүлэг хүмүүсийн хот болох нь. Амьтан хүн хоёрын ялгаа бол соёл. 

- Эсэргүүцсэн хүмүүс нилээн байсан, дийлсэнгүй дээ…

- Интернэтээр эсэргүүцээд яахав дээ. Байшинг нь тойроод гар гараасаа бариад зогсох ёстой биз дээ. Хамгаалах ёстой гэдгийг мэдэхгүй. Улаанбаатар хотыг босгосон Орос Хятад хоёрт баярлахгүй нурааж байна. Өөрсдөө хийгээгүй, хүч хөлсөө урсгаагүй юманд болохоор ингэж муухай хүйтэн цэвдэг ханддаг.

Түүхэндээ бид уран барилга барьж үзээгүй, хүний барьсан барилгыг л нурааж явсан. Хүний барьсан номын санг шатааж байсан түүхтэй ард түмэн. Юм бүтээсэн түүх байхгүй, соёлжиж чадаагүй ард түмэн учраас соёлын өвд ийм муухай хүйтэн цэвдэг хандаж байна. Соёлгүй ард түмний менталитет. Байгалийн музейг нурааснаар Монголчууд ямар боловсролгүй, соёлгүй доод түвшний ард түмэн гэдгээ харууллаа. Түүхгүй ард түмний гай. Хийж бүтээсэнийг түүх гэдэг болохоос морь унаж нум сум харваж явснаа түүх гэж хэлж болохгүй.

- Ямар ард түмэн байна тийм л төр байна гээд байдаг бил үү?

- Бүдүүлэг биш болох нь иргэн бүрийн ухамсарын асуудал. Төрийн энэ их бүдүүлэг болж байгааг битгий даган баясаарай. Ухамсартай байгаарай. Төрд дандаа шүүмжлэлтэй ханд, битгий хүндэтгэж шүтэж ханд. Шүүмжилж засаж залруулж байж бид олигтой төртэй болно. Тэрийг чинь л ардчилал гэж нэрлээд байгаа биш үү. Ард түмэн төрийн эрхэнд гээд байгаа шүү дээ. Тэгэхээр 2020 онд ард түмнээс маш их хариуцлага ухамсар шаардагдана. Хуучин шигээ битгий сонгуульд ороорой. Их хуралд дэвшиж байгаа хүмүүсийн мэргэжлийн боловсрол мэдлэгийг асууж лавлаарай. 

- Ерөнхийдөө ямар ард түмэн байна?

- Ерөнхийдөө эсгий гэрээс гарч ирсэн, дээл өмссөн, чингис ярьсан бүдүүлэг хар массын улс орон болох гээд байгаа юм байна. Одоо Монголд бүдүүлэг хүний л ажил бүтнэ. Сайн бүдүүлэгтэх хэрэгтэй тэгвэл ажил чинь бүтнэ. Сайн бүдүүлэгтвэл замын түгжрэлээс гарна. Боловсролыг хүндэтгэхгүй зан заншил уламжлал ярьсан мухар сүсэгтэнгүүд яаж орчин үеийн болох вэ. Төр хийж чадахгүй байгааг бид харлаа шүү дээ. Үндсэн хуулийн цэцийн дарга нь Монгол орны хамгийн бүдүүлэг хүн болж таарсан. Нэг мэдсэн аав болчихсон, нэг мэдсэн ээж болчихсон яах гэж байгаагаа мэдэхгүй хүмүүс л байна шүү дээ. Улсаараа л ийм байна. Ганц нэг гайгүйнүүд нь гараад явчихсан. Орхиод явах боломжгүй татлаа түтлээтэй хүмүүс нь явж чадахгүй. 

- Угаасаа ардчилалд шилжсэн улс орнууд ийм тийм хямралыг даван туулдаг гэх тайлбар их дуулдах юм?

- Хүмүүсийг түр тайвшруулах бас л нэг мухар сүсэг. Булчин сулруурлах тариа. Сайн муу явдаг чинь эдийн засагт л тийм юм байгаа. Ард түмэн бол үргэлж сайжрах хөгжих ёстой. Нийгэм сайжрах ёстой. Нийгэм сайн сайхны төлөө явна. Эдийн засаг унаж өсөж болно. Тогтолцоо төрийн бодлогоос л хамаарна. Бусад улсын үлгэр жишээ манайхтай ямар ч хамаагүй. Манайх шиг ийм сонин улс дэлхий дээр хаана ч байхгүй, харьцуулах боломжгүй. Би чинь эсгий гэрээс гарч ирсэн философич хүн биш шүү дээ. Би Германд очиж дэлхийн боловсролтой танилцаж философичдын номыг уншиж философийн, физикийн докторын зэрэг хамгаалаад ирсэн хүн. Ингэж хууртагдаж мэхлэгдээд, хоёр сөнөөлтөөр аж үйлдвэргүй, соёлгүй болоод яаж амьдрах гээд байгаа юм мэдэхгүй. Дандаа хоёр хөршөөсөө идэж ууж амьдрах юмуу, одоо хүртэл өөрсдийгөө авч явж чаддаггүй гуйлгачилсан хэвээрээ байна. Орос Хятад хоёр хилээ хаахад бид нар зүгээр нэг нэгнээ ална шүү дээ. 

- Яагаад музей нураасан нь газрын наймаа улс төрийн ашиг сонирхолоос  илүү хүнд юм болчихлоо?

- Ичгэвтэр л юм болж байна. Ичиж үхэхээ шахсан. Соёлоос татгалзана гэдэг чинь амьтанлаг чанар. Энэ бүдүүлэг хүмүүсийн толгой угаасаа нэг их ажиллахгүй. Нураачих уу нураачихъя гээд л нураагаад хаячихаж байна. Газрын наймаа ч байж болно. Улс төрийн ямар зорилго байгааг бид нар мэдэхгүй. Ямар ч байсан хүч түрэмгийлэн орж ирж бүдүүлгээр барилга нураалаа. Нурааж байгаа хэлбэр маягийг нь ч харлаа. Facebook дээр Хятадуудын барьсан барилгыг нураагаа л биз яадаг юм гэсэн юм явж байсан гэсэн. Хэрвээ Хятадуудын барьсан барилгыг нураавал Улаанбаатар хот байхгүй. Гандан, Богдын музей, Эрдэнэ зуу, Амарбаясгалан хийд байхгүй болно. Монголчууд зан заншил уламжлалт ёс ярьсаар байгаад хөгжих сонирхолгүй гэвэл тэрийгээ зарлах хэрэгтэй. 

- Байгалийн музейг нураасан үйл явдал юуг илэрхийлж байна вэ?

- Амьтан чихмэлүүд нь үнэр танар ороод хүн орохын аргагүй болоод илжирсэн. Манаач хийх хүн олдохоо болиод цоожлоод зугтаасан. Нурж унахыг нь хүлээгээд байж байсан чинь эхнээсээ нураад бөөн баяр болсон. Яагаад гэвэл Монгол оронд хамгийн сүүлийн боловсролыг илэрхийлсэн газар байсан. Тэрийгээ нурааж хаяад бүгдээрээ тайвширсан. Яагаад бөөн баяр байсан бэ гэвэл дотор нь сармагчин,  солир байсан. Хойд нас, хөх тэнгэр, тэнгэрийн эзэн, тэнгэр биднийг бүтээсэн гэдгийн эсрэг хоёр том баримт. Сарманчингаас үүссэн, одон орон, Дарвин, Ньютон, астрологи, шинжлэх ухаанын тухай баримтууд. Монгол улсын шинжлэх ухаанаас үлдсэн цорын ганц ёстой л нөгөө нандин эрдэнэ байсан. Дахиад л мухар сүсэг ялж боловсрол ялагджээ. Монголчууд бид нэг см урагшлаагүй байна. Мэдлэг боловсрол шинжлэх ухаанд одоо хүртэл үнэмшээгүй л байна. Мухар сүсэгтэй хэвээрээ л байна. 

- Хүүхдүүдээ дагуулаад музей явдаг соёл байдаг…

- Хүүхдүүдээ дагуулж яваад шинжлэх ухаан, амьтан судлал, богд ууланд ямар амьтад байсныг үзүүлэх байсан. Богд ууланд 60 гаруй төрлийн ан амьтан байсан. Одоо бол богд уулын ам болгонд баячууд байшин бариад амьтангууд нь зугтаад алга болсон. Гоё хувцас өмссөн ууланд идэх гэж авч явсан юмаа идээд буцдаг хэдэн нөхдүүд л явдаг болсон. Тэгэхээр одоо хүүхдүүдээ EMart дагуулж ороод л бургер авч өгдөг байхдаа. Өөр үзүүлэх юм байхгүй. 

- Дотор нь байсан үзмэрүүдийг хадгалж үлдсэн байлгүй дээ?

- Хулгайлаад л алга болж өгөө биз. Зарим нь буганы арьс үсийг нь аваад гэртээ юмуу машиндаа дэвсчихсэн биз. Амьтныг хүүхдэд тайлбарлаж өгөөд, амьтанд хайртай болгох ёстой. Гэтэл амьтныг буудаад алчдаг, элэг, бөөр, зүрхийг нь түүхийгээр нь идээд цусыг нь ховх сороод уучихдаг ард түмэн чинь музейг ёстой гоё нурааж чадаж байна. Ийм зэрлэг ард түмэн 21-р зуунд байна. Энийг чинь үзэх гэж зун болгон гадаадаас жуулчид ирж байна. Нөгөө нэг төрөл жанрын хүмүүс чинь энд байна уу, байна гээд л. Гүн психологийн асуудалтай бүгд мухар сүсэгтэй, хойд нас, сүнсэнд итгэдэг хүмүүс боловсрол, мэдлэг, шинжлэх ухаан гурвыг л нураачихлаа. Тэрийг хэн ч хамгаалсангүй. Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамгаалсангүй. 

- Цаашдаа тэгээд бид яах юм бэ?

- Хөгжил! Эцсийн эцэст бид нар ард түмнээ хөгжүүлэх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө. Манай Үндсэн Хуулинд мал төрийн хамгаалалтанд байгаа. Үндсэн хуулинд өөрчлөлт хийгээд байгаа хүмүүс соёл боловсролыг төрийн хамгаалалтанд авах юм хийгээч. Хүмүүс нь хөгжихгүй юм бол алт мөнгөөр яах юм бэ. Мөнгө олохоороо авгай хүүхдүүдээ аваад Америк явчихаж байна. Улс орныхоо мөнгийг хулгайлаад зугтааснаа мөнгө олсон гэж хэлж болохгүй. Мөнгө олоод тэрийгээ ард түмнийхээ соёл боловсрол хөгжилд зарцуулахгүй байна. Би мөнгө олоогүй хэрнээ ном бичээд болоод л байна. Мөнгөтөй болсон хойноо л ном бичнэ гээгүй.

Ж.Мандхай

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?