|
Шинэ мэдээ

Шатахад, шалдлахад ч ШАЛТГААН бий

Шатахад, шалдлахад ч ШАЛТГААН бий

Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид өчигдөр /2019.12.09/ жагсаал зохион байгуулсан.

 Жагсагчид таван өдрийн турш эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах тухай мэдэгдээд байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу жагсаалыг хоёр хоног завсарлуулаад байна. 

Энэхүү жагсаалд 40 гаруй жолооч тээврийн хэрэгсэлтэйгээр оролцсон. Өдрийн турш үргэлжилсэн жагсаалын үеэр жагсагчид явганаар гар алдлан зам хааж, хөдөлгөөнд саад учруулсан. Нийгмийн, олон нийтийн нэг хэсэг нь авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг ийн эсэргүүцэх бол өөр нэг хэсэг нь дэмжиж байгаа. Гэтэл ийнхүү өөрийн хүслийг бусдад тулгах мэт зам хөндлөн зогсож амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулсан үйлдэл нь зүйд нийцэээгүй. Мөн жагсагчдын нэг нь нүцгэлээд амжсан. 

Гэрэл зургийг MPA.mn 

Тэгтэл өчигдөр /2019.12.10/ 11.00 цагийн орчимд Засгийн газрын ордны зүүн талд иргэн С.Мишгээ өөрийгөө шатаахыг завдсан байна. Тэрбээр Засгийн газрыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд савтай бензин бие дээрээ асгаж гал асаахыг завдав. Азаар цагдаагийн алба хаагчид уг үйлдлийг таслан зогсоожээ. 

Улмаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Иргэн С.Мишгээ өмнө нь 2017 онд Баянгол дүүргийн удирдлага захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг эсэргүүцэж  Нийслэлийн засаг захиргааны байр болох "Хангарьд” ордны гадаа нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тухайн үед тэрбээр "Би 100 хүний төлөө явж байгаа учраас юуг ч хийнэ. Хотын дарга  биднийг нэг ч удаа хүлээж авч уулзаагүй. Гудамжинд хоёр удаа уулзахад С.Одонтуяагийн шийдэх асуудал гэдэг. С.Одонтуяа нь болохоор өөрөөсөө зугтаалгадаг. Одонтуяад арга хэмжээ аваач ээ, Ерөнхий сайд Хүрэлсүх ээ” хэмээн бухимдаж байв. 

Дараа нь 2018 онд Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул өлсгөлөн зарлах болсон тухайгаа мэдэгдэж байлаа. 

Ингэхдээ "Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй Зөрчлийн тухай хуулийн золиос цагдаагийн байгууллага болсон. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчилдөөн гарсаар ирсэн. Би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна. Энэ бол бялдуучлал биш. Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Зургаан сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна” гэж байв. 

Гэрэл зургийг MPA.mn

Өөрийгөө шатаах оролдлого "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс улбаатай. Тэрбээр 2015 онд  хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "ТТ JV CO  компанид  "Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдаа  худалдсан. 33 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон нь хөдөлмөрийн хууль зөрчиж хүний эрхэнд халдсан хэрэг.  Ирэх 12 дугаар сард 200 хүн ажилгүй болох нь. Ажилчдаа өгөөш болгосон "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг огцруулъя.  "Энэ залуусын төлөө шатвал ч шатъя” хэмээгээд бензин цацаж, шүдэнз зурж нийгмийг цочроож байлаа.  

Амьдрал хүнд хэцүү, нийгэм яаж ч буруугаар эргэсэн шатахад, шалдлахад учир бий...Өвлийн хүйтэнд шалдлахаас, өөрийгөө шатаахаас өөр арга монголчуудад үлдээгүй гэж үү. Нийгэм, улстөр нэг иргэнээрээ туг тахих хүртэл доройтсон уу?!


http://www.shuud.mn/a/515078

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?