|
Шинэ мэдээ

Хятадад сурах бичиг хэвлэсэн “Очир пресс”-т ХАРИУЦЛАГА тооцохгүй нь


Ерөнхий боловсролын сургуульд сургалтын "цөм” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурах бичгүүдийг ээлж дараагаар шинэчилж эхэлсэн байдаг. Түүнчлэн урьд нь дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан бол энэ жилээс түрээсээр авах шинэ үйлчилгээг БСШУСЯ-наас хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэтэл хичээлийн II улирал эхэлчихээд байхад хүүхдүүд сурах бичиггүй хэвээр байна. Тодруулбал, VIII-IX ангийн 85 мянган сурагч одоо болтол сурах бичгээ гар дээрээ авч чадсангүй. Харин хариуцах ёстой салбарын яамны холбогдох албан тушаалтан нь үүний бурууг өөрсдөдөө бус, бусдад тохож "Тендер оройтож зарлагдсантай холбоотой” хэмээн хээв нэг хэлж суух. Уг нь тэд хэддүгээр ангийн хэчнээн сурах бичиг хэвлэхийг урьдчилан тооцоолж, хөрөнгө мөнгөний асуудлыг эртнээс шийдэж, өмнөх оноос  нь хэвлэх ажлыг эхлүүлэх ёстой байлаа. Мөн дахин нэг асуудал үүссэн нь сурах бичиг хэвлэх эрхтэй арван компанийн нэг "Очир пресс” сурах бичгээ Хятадад хэвлэж, түүнийгээ хилээр оруулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдав. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 22-нд "Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн бичигтэй 482 хайрцаг бүхий VI ангийн англи хэл, түүхийн хичээлийн 43060 ширхэг сурах бичгийг хилээр нэвтрүүлэх гэж оролдсоныг илрүүлж, тус компанийн удирдлагыг таван сая төгрөгөөр торгосон байдаг.

 

"Очир пресс” нь VI ангийн түүх, англи хэлний сурах бичиг хэвлэх зөвшөөрөлтэй, Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт  шалгарсан компани. Хятадад сурах бичиг хэвлэсэн гэх мэдээллийн мөрөөр тус компанид хэрхэн, яаж хариуцлага тооцохыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "МХЕГ-ын Боловсролын хяналтын хэлтэст энэ талаарх мэдээллийг баримтжуулаад, албан ёсоор яаманд хүргүүлэх хүсэлт тавьсан ч хариу ирээгүй. Бүх компанийн хэвлэх үйл ажиллагааны явц, хэвлэх машины хүчин чадал, хүний нөөц зэрэгт хяналт тавьж байгаа. "Очир пресс” компани сурах бичгээ дотооддоо хэвлэж, түгээлт хийсэн. Бид хэвлэх үйл явцад хяналт хийсэн. Яг аль шатандаа ийм асуудал гаргасан нь одоогоор баттай болоогүй байна. Холбогдох байгууллагын албан ёсны мэдээлэл, баримтад үндэслэсний дараа шийдвэр гаргана. Хэрвээ Хятадад хэвлүүлсэн нь үнэн байвал уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээс өөр арга байхгүй. Хуулийн байгууллага гадаадад хэвлэснийг тогтоовол "Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулан, цаашид хамтарч ажиллахгүй. Хэвлэх үйлдвэрийн өндөр хүчин чадалтай томоохон компани байсан бол сурах бичгийг хугацаа алдалгүй, богино хугацаанд хэвлэнэ шүү дээ. Манайд ийм хүчин чадалтай компани байхгүй учир одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компанийн хэвлэх үйлдвэрийн хүчин чадалд тааруулж сурах бичгүүдийг хэд хэдэн багц болгон хувааж, хэвлэх эрх олгож байна” хэмээх тайлбар өгөв. 

Салбарын яам нь хяналт тавьсаар байтал "Очир пресс” сурах бичгээ Хятадад хэвлэчихдэг нь сонин. Мөн тус компанийг өмөөрч байгаа мэт хэвлэх үйлдвэрийн өндөр хүчин чадалтай томоохон компани алга хэмээн гомдоллох нь юуны учир вэ. Уг нь дотоодын компаниудаа дэмжих зорилгоор тэдэнд ном хэвлэх эрх өгдөг. Ингэхдээ бүр тендерийн гэрээнд "Сурах бичгийг зөвхөн Монголд хэвлэнэ” гэж заадаг аж. 

Түүнчлэн дээр өгүүлсэнчлэн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "МХЕГ-т удаа дараа бичиг явуулсан ч хариу өгөхгүй байна” гэдэг тайлбар хийсэн бол МХЕГ-ын холбогдох албан тушаалтан "Яамнаас ийм хүсэлт ирүүлээгүй” хэмээн мэдэгдлээ. Энэ бүхэн тус компанийг хамгаалах, хариуцлага тооцохгүй өнгөрөөх нууц эрх ашиг байгаа мэт харагдаж байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?