|
Шинэ мэдээ

О.Боргилыг цагдан хорьсон ҮНДЭСЛЭЛ нь юу байв

 

О.Боргилыг цагдан хорьсон ҮНДЭСЛЭЛ нь юу байв

 


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй. 

Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. 

Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. 

Харин энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт О.Боргилыг цагдаагийн байгууллагаас 1 сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Чухам ямар учир хэрэг гарснаас хойш сарын дараа, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа ийнхүү цагдан хорих болов. Магадгүй шүүх эмнэлгийн дүгнэлтээс шалтгаалж цагдан хорьчихов уу гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд бичигдэж байна. 

Мөн талийгаачийн төрсөн эгч С.Тунгалагмөрөн "О.Боргилыг БЗД-ийн цагдаагаас баривчилж саатуулсан. Миний дүүг хөнөөсөн нь тодорхой болчихсон болоод хорьсон гэж ойлгож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Тэгвэл О.Боргилыг яагаад цагдан хорих болов. Үндэслэл нь юу байв. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хэрэгт түүний найз залуу болох О.Боргилыг цагдан хорьсон. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэж үзээд цагдан хорьсон" гэх мэдээллийг өгөв. 

Талийгаач Ц нь хүчирхийлэлд өртөж байсан тухай түүний аав Д.Сүхжаргал "О.Боргил миний охиныг өмнө нь дөрвөн удаа зодсон байгаа юм. Хэрэг гарахаас гурван өдрийн өмнө зодуулсан болов уу гэмээр цээж хэсэг нь хөх няц болчихсон байсан. Дараа нь уруулыг нь сэтэлчихсэн. Өөрөө орон дээр суугаад хөнжил даавуу нь цус болчихсон тийм зургаа амьд байхдаа найз руугаа явуулж байсан байна лээ. Боргилд харуулж болохгүй, утсан дээрээсээ устгалаа, та нарт байж байг хэрэг болж магадгүй гээд явуулсан байсан. Тэр бичлэгүүдийг би цагдаад өгчихсөн" байгаа хэмээн мэдээлж байв. 

Харин шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг ар гэрийнхэнд нь мэдэгдсэн эсэхэд "Охиныг маань өндрөөс унаж амиа алдсан нь үнэн. Хувцас нь тэдэн см урагдсан байна гэсэн мэдээллүүдийг л өглөө. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс гадны нөлөөтэй эсэх асуудлыг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн" гэлээ. 

Юутай ч хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Анир 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?