УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төсөл болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Үндсэндээ УИХ-ын энэ намрын хэлэлцэх ёстой хамгийн галтай бөгөөд, гол хуулиуд эдгээр өдрүүдэд яригдах юм.
Гэтэл хуулийн төсөл хэлэлцэж буй эхний өдөр УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн сонгуультай холбоотойгоор орон нутагт ажиллаж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулав.
Тодруулбал, ирэх оны төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хамгийн чухал ажлуудын нэг болох ипотекийн зээлийн талаар гишүүд асуулт асуухад Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүйгээс яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Төмөрхүү хангалтгүй хариулж шүүмжлүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, төсөв яригдаж байгаа хугацаанд сайд нар салбарынхаа бодлогыг танилцуулж асуудлаа парламентад тавьж, хэлэлцүүлэх шаардлагатай. Гэтэл эсрэгээрээ орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим гишүүд, ЗГ-ын сайдууд орон нутагт намынхаа нэр дэвшигчдийн "автор" болж, парламентын байнгын үйл ажиллагааг тасалдуулж, улс орны хөгжлийн асуудлуудыг хэлэлцэх хуралдаан сунжирч эхлээд байна.