Улсын гуравдугаар төв эмнэлэгт өчигдөр (2024.08.28) зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгаж пейсмейкерийг суулгах мэс заслыг анх удаа хийжээ.
Анхны мэс заслыг тус эмнэлгийн харьяа Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий өөрийн баг бүрэлдэхүүнтэй хамтран гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ-ын Шанхай хотын Рүйжин эмнэлгийн Профессор Ву Ли Чунгаар ахлуулсан зочин баг хяналт тавьж хамтран ажиллав.
Бичил суулгацыг судасны өөрчлөлттэй, халдварын болон цус алдах эрсдэл өндөр зэрэг шалтгаанаар уламжлалт пейсмейкер суулгах эмчилгээ тохиромжгүй эмчлүүлэгчдэд сонгон хийдэг. Энэхүү суулгацыг цавины венийн судсаар дамжуулан зүрхний баруун ховдлын хөндийд байршуулан орхидог. Ингээд өөрийн батарейгаар 10-15 жилийн туршид зүрхний хэм цөөрөлтийг удирддаг. Уг суулгац эмчилгээ нь олон улсад 100-150 сая орчим төгрөгөөр хийгддэг өндөр өртөгт эмчилгээ юм.
Пейсмейкер гэдэг нь мэс заслын аргын тусламжтай цээжний арьсан доор байрлуулдаг, зүрхний цохилтыг удирдахад туслах жижиг төхөөрөмж юм
Анхны мэс заслыг зүрхний цохилтын тоо хэт цөөрөлттэй 57 настай иргэнд цохилтын тоог цөөрөхөөс сэргийлэх зорилгоор хэсгийн мэдээ алдуулалт дор, цавины хэсэгт 1 см жижиг зүсэж, зүрхэнд суулгацыг байршуулах хүртэл 3.5 минут зарцуулж, мэс ажиллавар нийтдээ 20 минут үргэлжилсэн. Эмчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байна.
Эмнэлэг ба хүний нөөцөд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул тус мэс засал эмчилгээг эх орондоо үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвд олон улсаас олгов.
Эх сурвалж: Улсын Гуравдугаар төв эмнэлэг