Улсын гарьд Б.Гантогтох 1-р дөчин мянгатын 53-р байрны оршин суугчдын дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг “дээрэмджээ”

  • 0
  • 212
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сэтгүүлч Б.Отгон эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн дээрэм тонуултай холбоотой баримтуудыг өөрийн хувийн цахим хуудсаараа олон нийтэд хүргэдэг болсоор хэдэн жилийг ардаа орхиж байна. Түүнд ч хүмүүс хандаж, учир байдлаа тайлбарладаг болсон байна. Тэгвэл энэ удаа Улсын гарьд Б.Гантогтох дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг "дээрэмдсэн" тухай мэдээллийг хүргэсэн байна. 

Ингээд энэ талаар сэтгүүлч Б.Отгон, хохирогч Х.Эрдэнэцэцэг нарын ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе. Уншигч та бүхэн сэтгүүлч Б.Отгоны шинэ шинэ мэдээ мэдээлэл, баримтат мэдээллүүдтэй танилцахыг хүсвэл түүний Баасанжавын Отгон цахим хуудсыг нь дагах боломжтой. 

Улсын гарьд Б.Гантогтох 1-р дөчин мянгатын 53-р байрны оршин суугчдын дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг “дээрэмджээ”

Сүхбаатар дүүргийн 4-р хороо 1-р 40 мянгатын 53-р байрны оршин суугч Х. Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Тэрээр байрныхаа оршин суугчидтай нийлж, ашиглалтын хугацаа дууссан орон сууцаа шинэчлэх төлөвлөгөө хийж яваад түүнийгээ улсын гарьд Б.Гантогтоход дээрэмдүүлсэн байна.
 
Сур: Аль байрны оршин суугч билээ?
Х.Эрдэнэцэцэг: Манайх Их дэлгүүрийн замын урд, Битлзийн хөшөөний зүүн талын 53-р байр л даа. 18 айлтай манай байр Нийслэлийн дахин төлөвлөлтөд 2016 онд орсон. Оршин суугчид бид 972 м кв талбай дээрээ 12 давхар шинэ орон сууц барих зураг төсөв хийлгээд явж байсан. Гэтэл өнөөдөр энэ төслийг маань бөхчүүд хуйвалдаад дээрэмдчихлээ.
 
Сур: - Хэнд ?
Х.Эрдэнэцэцэг: Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтоход залилуулчихлаа.
 
Сур: - Тухайн үед юу болсон бэ?
Х.Эрдэнэцэцэг: Анх 2014 онд оршин суугчид байраа шинэчлэх ажлыг хөөцөлдөх үүргийг надад өгсөн. Би холбогдох бүх газруудад хандаж, 12 давхар байрны зураг төсөл хийгээд явж байлаа. Манай байрны 3-р давхарт Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав амьдардаг байсан. Тэрээр надад хамтрах санал тавьсан.Энэ дагуу түүний дүү улсын гарьд Б.Гантогтох надтай уулзаад “та маш их ядарсан байна.
 
Манай аав ээжтэй хамт Хайнань явж амар. Дүү нь энэ ажлыг хөөцөлдөж, бүтээе” гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Б.Гантогтох миний зураг төсөл болон 12 айлын гэрээг авангуутаа өөрийн “Элит констракшн”-аар бариулахаар болсон. Энэ тухай би Нийслэлийн дахин төлөвлөлтийн мэргэжилтэн Золжаргалтай уулзаж хэлэхэд: “Болж байна. Энэ тухайгаа хэнд ч хэлж болохгүй. Та хувиа тохирсон биз дээ ” гэсэн. Би тухайн үед энэ үгний учрыг олоогүй.
 
Ингээд уг асуудлыг 2019.05.07-нд Нийслэлийн “тендэрийн үнэлгээний хорооны хурал”-аар оруулахад мэргэжилтэн Золжаргал оруулж ирсэн. Тендэрийн материал задлахад оршин суугчдын сонгосон “Элит констракшн” биш. “Бүди” гэх огт танихгүй компаний нэр байсан. Би гайхсан. Маргаан өрнөх үеэр мэргэжилтэн Золжаргал дахин төлөвлөлтийн журам зөрчин, Эрх олгох захирамж гарахаас өмнө 2018 онд миний хийж өгсөн 12 айлын гэрээг ашиглан тендэр зарлуулахгүй байхаар “хуйвалдсан”-ыг мэдсэн. Оршин суугчид хотынхонтой хамтарсан хурал хийж, үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг цуцлахаар болсон.
 
Проткол дээр ч тэмдэглүүлсэн. Цуцлах шийдвэрийг хэд хоногийн дараа бичгээр аваарай гэсэн. 3 хоногийн дараа очиход “бичиг бэлэн болсон. Тамга дарах дутуу ” гээд буцаасан. Гэтэл маргааш нь нөгөөх бичиг тухайн үеийн хотын дарга С.Амарсайханы зөвлөх Батрагчаад очсон байсан. Бидэнд цуцална гэж хэлээд удаа дараа буцаасан ч бараг сарын дараа “Элит констракшн”-д дахин төлөвлөлтөд орох эрх олгох захирамжийг Хотын дарга С.Амарсайхан гаргасан байсан. Хууль ёсоороо оршин суугчдад зураг төс лөө танилцуулж, хэлэлцүүлэн, гэрээ хийх байсан ч өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаагүй. Дээр дурдсан 2018 оны гэрээг одоо хүртэл ашигласаар байна.
 
Сур: Оршин суугчид нь Б.Гантогтохын “Элит констракшн”-аар байраа бариулж болохгүй байгаа юмуу?
Х.Эрдэнэцэцэг: Энэ компани нь барилгын тусгай зөвшөөрөл байхгүй.Хөрөнгө мөнгө байхгүй. Оршин суугч бид болон барилгын компаний хооронд зуучлагч хийж,бидний газрыг зарж, дундаас нь ашиг олох л зорилготой компани. Оршин суугчдад “Газрыг чинь болон энэ төслийг зарах юм” гэж ам алдсан удаатай. Тэгээд ч манай оршин суугчид надад “Х.Баямөнхийн луйварчидтай нийлэх юм бол чамд итгэхгүй” гэдгээ хэлж байсан.
 
Сур: -Асуудал үүсснээс хойш та Б.Гантогтохтой уулзсан уу?
Х.Эрдэнэцэг: -Надтай уулзах нь бүү хэл зугтаадаг. Манай оршин суугчдын бүрдүүлсэн бичиг баримт, зураг төслийг өнөөг хүртэл өгөөгүй. Нэг удаа хотын дахин төлөвлөлтийн хэлтсийн өрөөнд мэргэжилтэн Золжаргалтай уулзаж байх үед гаднаас Б.Гантогтох ороод ирээд “Ална шүү” хэмээн заналхийж, маш муухай авир гаргасан. Би Захиргааны хэргийн шүүхэд хотын шийдвэрийг өгсөн ч гуравдагч этгээдээр Б.Гантогтох очсон. Анхан шатны шүүх манай талд шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх үүнийг нь хүчингүй болгосон. Би шүүх хурал дээр “Б.Гантогтох намайг заналхийлснийг хэлээд надад ямар нэг гэнэтийн зүйл тохиолдол Б.Гантогтох хариуцна шүү” гэдгийг хэлсэн.
 
Сур: Нэгэнт барилгын ашиглалтын хугацаа дуусч, дахин төлөвлөлтөд орсон. Үүнээс хойш 3 жил удааширчээ. Одоо цаашид яах вэ?
Х.Эрдэнэцэцэг: Манай байрны оршин суугчид өнгөрсөн оны 3-р сард болон 8 –р сард хурал хийж “Элит констракшн” –аар бариулахгүй гэж шийдсэн. Энэ компани дахин төлөвлөлтийн эрх аваад 3 жил хагасын хугацаа өнгөрлөө. Үнэхээр энд барилга барих байсан бол аль хэдийн ашиглалтад орох хугацаа шүү дээ. Тэд угаасаа барихгүй. Газрыг нь зарж дундаас нь мөнгө олох л зорилготой гэдэг нь батлагдаж байна. Хотын орлогч дарга Бум-Эрдэнэтэй иргэдийн төлөөлөл очиж уулзахад “ Б.Ганттогтохын Элит констракшнд эрх өгсөн хотын даргын захирамж дүрмээ зөрчсөн учраас цуцлагдна. Иргэд хуралдаад ир ” гэсэн. Бид хурлын проткол, оршин суугчдын саналыг хот руу явуулсан. Бид Хотын дарга Д. Сумъяабазарт удаа дараалан захирамж цуцлах шаардлага тавьж, иргэдтэй уулзаж хэлэлцүүлэг хийхийг хүссэн ч тэрээр хөдөлсөнгүй. Нэгэн үеийн бөх найз Б.Гантогтохын хууль бус ажиллагааг өөгшүүлсээр байна. Оршин суугчид бид хохирсоор байна.
 
Сур: “Элит констракшн”-ы эрхийг цуцаллаа гэхэд та нар цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Х.Эрдэнэцэцэг: Оршин суугчид бид барилгын зөвшөөрөлтэй, хөрөнгө мөнгөтэй, хариуцлагатай компанийг сонгож байрныхаа дахин төлөвлөлтийг хийж, шинэ байртай болохыг л хүсч байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх