У.Хүрэлсүх: Монголчууд бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголчууд эрт дээр үеэс эрчүүдээ өрхийн тэргүүн, гэрийн эзэн хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай.

Монгол хүнийг дэлхийн тавцанд таниулсан бахдам түүх, баатарлаг гавьяатай эрчүүд билээ. Уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтай Эх хүнд элбэрэлтэй, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг эр хүн хэмээн өргөмжилж ирсэн. Одоо бид энэ уламжлалаа хэрхэн авч яваа талаар тунгаан бодох цаг иржээ.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх чиглэлд идэвхтэй явуулах шаардлагатай. Эрэгтэйчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж эх хүнийг эрхэмлэн дээдлэх учиртай. Эцэг хүн уур омог хэл ам хэрүүлээс ангид байж уул шиг түшигтэй, тэнгэр шиг тэнүүн байх учиртай. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж бэлэвсэн эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь эрчүүд хариуцлагаа ухамсарлаагүй байгаагийн жишээ.

Монголчууд бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт юм. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи биднийг ууж байна. Эх орны минь хөгжилд чөдөр болж байна. Өнөөдрөөс эхлэн Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө Эрүүл хүн - Архигүй монгол үндэсний хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Эх орон, гэр бүлээ гэсэн сэтгэл байдаг бол архинаас татгалзъя эрчүүд ээ. Бид хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон байна. Өнөөдрийн чуулганаар эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэж ажил хэрэгч олон санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан санааг бүрэн дэмжинэ." хэмээв.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх