Мягмар гарагт орон нутагт иргэдтэйгээ уулзаж явсан Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроныг нэг этгээд алгадсан хэрэг гарсан билээ. Уг халдлагыг үйлдсэн 28 настай Дамиен Тарел гэгчийг цагдаа нар баривчлан шалгаж эхэлсэн юм. Өчигдөр Францын зүүн өмнөд бүсийн Валенс хотын шүүх түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдсан хэргээр яллаж, дөрвөн сар хорих шийтгэл, нэмэлт 14 сарын тэнсэн харгалзах шийтгэл оноожээ. Үүнээс гадна таван жилийн хугацаанд зэвсэг эзэмших эрхийг нь хасаж, насан туршид нь төрийн албанд ажиллах эрхгүй болгосон байна. Тарел өөрийгөө хэт үндсэрхэг үзэлтэн, засгийн газрын эсрэг тэмцдэг “шар хантаазтан” хөдөлгөөний гишүүн гэж мэдүүлжээ. “Би ерөнхийлөгчтэй нүүр тулахдаа түүний худалч царайг хараад гэнэт уур хүрч, цохимоор санагдсан. Энэ бол гэнэтийн үйлдэл байсан. Дараа нь би хийсэн зүйлдээ өөрөө ч итгээгүй” гэж тэр шүүхэд мэдүүлсэн байна. Тарел эхлээд ерөнхийлөгч рүү өндөг, эсвэл бялуу шидэхээр найзтайгаа ярилцаж байсан ч эцэст нь больсон гэнэ. Харин алгадах талаар ямар ч төлөвлөгөө байгаагүйг шүүгчдэд хэлжээ. Шүүхийн шийдвэрийг сонссон Макрон “Ардчилсан нийгэмд хүчирхийллийг юугаар ч зөвтгөх боломжгүй” гэж хэвлэлд ярьсан байна.