Долоон сонгуулийн таван ЕРӨНХИЙЛӨГЧ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 9-нд болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэдэн хувийн санал авч байсныг эргэн сануулъя. 

1993 он

Ерөнхийлөгчийн анхны сонгууль 1993 онд болж байв. Сонгуульд МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшигдсэн Пунсалмаагийн Очирбат анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн 57,8 хувийн, МАХН-аас нэр дэвшигдсэн Лодонгийн Түдэв 38,7 хувийн санал авч байлаа. 

 

1997 он

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Багабанди нийт сонгогчдын 60,81 хувийн, МҮАН, МСДН хамтарч нэр дэвшүүлсэн Пунсалмаагийн Очирбат 29,81 хувийн, МУНН-аас нэр дэвшсэн Жамбын Гомбожав 6,64 хувийн саналыг тус тус авч байжээ. 
 

2001 он

2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Багабанди нийт сонгогчийн 58,13 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж 36,53 хувийн, ИЗН-аас нэр дэвшсэн Лувсандамбын Дашням 3,54 хувийн санал авчээ. Нацагийн Багабанди эл сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм. 

2005 он

2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаяр саналаа өгсөн нийт сонгогчийн 53.44 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Мэндсайханы Энхсайхан 20.05 хувийн, Эх орон намаас нэр дэвшсэн Бадарчийн Эрдэнэбат 11.33 хувийн, БНН-аас нэр дэвшсэн Базарсадын Жаргалсайхан 13.83 хувийн санал тус тус авсан дүн гарч байв. 
 

2009 он

2009 оны Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг гаргахад МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаяр саналаа өгсөн нийт сонгогчийн 47.41 хувийн, Ардчилсан Намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж 51.21 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. 
 

2013 он

2013 оны Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнг нэгтгэхэд Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж 622,794 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн, МАН-аас нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 520,380 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.97 хувийн, МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Удвал 80,563 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 6.50 хувийн санал авч байлаа.

Ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.

2017 он

2017 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 517,478 сонгогчийн санал буюу 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409,899 санал буюу 30.19 хувийн санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байв. 

Ингэхдээ анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан АН-ын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, МАН-ын нэр дэвшигч Миеэгомбын Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулж, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар хасагдсан юм.

2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60.67 хувь нь буюу 1 сая 207 мянга 787 сонгогч оролцож, саналаа өгсөн.

Улмаар СЕХ Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэхэд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 611,226 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.61 хувийн, МАН-аас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд 497,067 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.16 хувийн санал авч, Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 
 

2021 он

Монгол Улсын төрийн тэргүүн ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр шинээр тодорно. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд эрх баригч нам болох МАН-аас У.Хүрэлсүх, сөрөг хүчин болох АН-аас С.Эрдэнэ, улс төрийн гурав дахь хүчин болох ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх