Хоолой руугаа хутгалсан эрэгтэйд яаралтай хагалгаа хийж, амийг нь аварч чадлаа

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Гэнэтийн осол гэмтлийн улмаас амь нь эрсдэлд орсон иргэнд Дорноговь аймгийн Мандах сумын эрүүл мэндийн төвийнхөн анхны тусламж шуурхай үзүүлжээ. Үүний дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл, эрчимт эмчилгээний багийнхан орон нутагт нь очиж, монгол гэрт мэс засал амжилттай хийж, амийг  нь аварсан байна.

Энэ талаар Дорноговь аймгийн Мандах сумын их эмч Э.Чулуунцэцэгээс тодруулахад “Энэ сарын 15-ны өглөө 4:30 минутад “32 настай эрэгтэй хоолойгоо хэрчиж, их хэмжээний цус алдсан” гэх дуудлага ирсэн. Тухайн газар нь сумын төвөөс 90 км, аймгийн төвөөс 160 км-ийн зайтай, алслагдсан газар. Бид дуудлагын дагуу яаралтай очиход тухайн өвчтөн хүзүү, хоолой нь хүнд гэмтэлтэй, хоёр литр орчим цус алдалт, олон эрхтний хурц дутагдалтай, ухаангүй байсан. Бид яаралтай тусламж үзүүлчихээд тусламж дуудах гэсэн боловч тухайн газарт сүлжээ барихгүй байсан. Ингээд нэмэлт хүч дуудахаар 20 гаруй км газар явсан.Тэгээд аймгийн түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасагтай холбогдсон.

Дуудлага өгснөөс хоёр цагийн дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн зөвлөх эмч Х.Эрдэнэбулган, Эрчимт эмчилгээ, сэхээний эмч н.Гантамир, Ерөнхий мэс засалч Ц.Баярцэнгэл, Эрчимт сэхээний сувилагч Э.Оюунбаяр, мэс заслын сувилагч О.Уранчимэг нар ирж, хүзүүний зөөлөн эдийг нөхөх яаралтай хагалгаа хийсэн. Тухайн газар цахилгааны эх үүсвэр байхгүй учир ойр орчмын айлуудаас яаралтай мотор олж, аппарат, тоног төхөөрөмжүүдээ ажиллуулсан. Өвчтөн одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Амин үзүүлэлт нь тогтворжсон” гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх