ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн шинэ удирдагч Жозеф Байдентай утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын утсаар хийсэн анхны яриа бүхэлдээ ажил хэрэгч, илэн далангүй шинж чанартай байв. Хоёр орны удирдагчид харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
Мэдээлэлд тэмдэглэснээр, удирдагчид хоёр талын болон олон улсын тулгамдсан асуудлуудыг” хэлэлцжээ. Коронавирусний цар тахал зэрэг хурц асуудлуудтай тэмцэх, түүнчлэн худалдаа-эдийн засаг зэрэг бусад салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна.
Олон улсын сэдвүүдээс Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс АНУ дангаар гарсантай, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хадгалах болон Украины дотоод зохицуулалтын асуудал, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилга зэрэг сэдвүүдийг хөнджээ.
ОХУ-ын удирдагч Жо Байденд АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлыг эхлүүлж байгаад баяр хүргэжээ. В.Путин үүрэгт ажилдаа орсонд Жо Байденд баяр хүргэлээ. Тэрбээр дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахад онцгой үүрэг хариуцлага хүлээдгийг харгалзан үзвэл ОХУ, АНУ-ын харилцааг хэвийн болгох нь хоёр орны төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгйн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэв” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдэгдсэнээр, хоёр орны Ерөнхийлөгч нар Америкийн удирдагчийн санаачилгаар утсаар ярьжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг