Байден: Вакцин үйлдвэрлэлтийг түргэсгэхийн тулд дайны үеийн хууль ашиглана

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Байден: Вакцин үйлдвэрлэлтийг түргэсгэхийн тулд дайны үеийн хууль ашиглана

 

Коронавирусээс сэргийлэх вакциныг улс орондоо түгээх ажлыг түргэсгэхийн тулд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа дайны үеийн хууль ашиглана гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден мэдэгджээ. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, төрийн тэргүүний албан тушаалд очих юм.  Вакцин түгээлтийн явцыг түргэсгэхийн тулд албан тушаалдаа ормогцоо дайны үеийн хууль ашиглана. Вакцин бүтээхэд шаардлагатай бодисууд болон хамгаалалтын тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлийг түргэсгэхийг хувийн компаниудад үүрэг болгоно хэмээн Жо Байден мэдэгджээ.

Түүний дурдсан хууль нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг Ерөнхийлөгчид олгох юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш энэ хуулийн зарим заалтуудыг хэдэнтээ ашиглаж байв. Байдены үзэж байгаагаар Трампын захиргаа АНУ-д вакцин түгээх ажлыг төлөвлөсөн шигээ хурдаар гүйцэтгэхгүй байгаа гэнэ.

Трампын вакцин хуваарилах төлөвлөгөөний биелэлт саатаж байна, маш ихээр саатаж байна. Би өмнө нь анхааруулж байсанчлан, вакцин түгээх болон вакцинжуулалтын ажил зохих ёсоор явагдахгүй байгаа хэмээн Жо Байден онцолжээ.

Хэдэн долоо хоногийн өмнө Трампын захиргаа 12 дугаар сарын сүүл гэхэд 20 сая хүнийг вакцинд хамруулна гэж мэдэгдэж байсан. Энэ сар дуусахад цөөхөн хоног үлдээд байхад хэдхэн сая хүнийг л вакцинд хамруулсан байна хэмээн Байден мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар вакцинжуулалтын ажил энэ хурдаар үргэлжилвэл АНУ-ын хүн амыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахад олон жил шаардлагатай болох гэнэ.

Түүнчлэн Трамп коронавирусийн вакцин хийлгэх хэрэгтэй, мөн амны хаалт зүүж америкчуудад үлгэр жишээ болох ёстой гэж Жо Байден үзэж байгаа аж. Өөрөө тарилга хийлгэсэн нь олон нийтэд вакцинд итгэх итгэлийг баталгаажуулах зорилготой байсан гэдгийг онцлоод Трампын эмч нар нь зөвлөвөл тэр ч мөн адил коронавирусийн вакцин хийлгэх хэрэгтэй, ингэснээр вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална хэмээн Байден мэдэгджээ. 

Өмнө нь коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн Трамп одоогоор коронавирусийн вакцин тариулах төлөвлөгөөгүй байгаа гэж 12 дугаар сарын дундуур мэдэгдэж байлаа. Гэхдээ тохиромжтой үед тарилга хийлгэхээ тэсэн ядан хүлээж байна хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх