Туркийн Измир хотын Прокурорын газраас 304 цэргийг баривчлах зөвшөөрөл өгчээ.
Тэднийг төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа сөрөг хүчний номлогч Фетулла Гюлентэй холбоотой гэж сэжиглэж байгаа юм. Баривчлах ажиллагааг Туркийн 50 мужид явуулж байгаа бөгөөд одоогоор 198 хүнийг баривчлаад байгаа аж.
2016 оны долоодугаар сарын 16-нд шилжих шөнө Туркт төрийн эргэлт хийхийг оролдсон юм. Гол мөргөлдөөн Анкара болон Истанбул хотод болсон бөгөөд 250 гаруй иргэн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ. Бослого үймээний дараа Туркт 80 мянга гаруй хүнийг баривчилж, цэргийнхнийг оруулаад 150 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халсан байна.
Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид сөрөг хүчний шашны номлогч Фетулла Гюленийг буруутгадаг. Харин 1998 оноос хойш АНУ-д амьдарч байгаа Гюлен төрийн эргэлт хийх оролдлогыг буруушаагаад өөрийг нь буруутгасныг няцаасан юм.