ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Засгийн газар Америк дахь Хятадын дипломатчдыг орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзах болон их сургуулиудад зочлоход шинэ хязгаарлалт тогтоохоор болжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, АНУ дахь Хятадын дипломатчид их сургуулийн байрнуудад очих, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзахдаа Төрийн департаментаас зөвшөөрөл авах шаардлагатай болох ажээ.
Мөн Хятадын Элчин сайдын яам болон Консулын газрууд өөрсдийн байрныхаа гадна 50-аас дээш хүнийг хамарсан соёлын үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөл авах шаардлагатай болно гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Хятадын тал тус улс дахь АНУ-ын дипломатчдад Хятадын төлөөлөгчидтэй уулзах, их сургуулийн байрнуудад очиход олон жилийн турш хязгаарлалт тогтоосоор ирсэн гэдгийг уг мэдэгдэлд онцолсон бөгөөд Бид хариу арга хэмжээ авч байна” гэж М.Помпео сэтгүүлчдэд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Америк дахь Күнзийн институтүүдийн хяналтыг чангатгах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан бөгөөд тэдгээр байгууллагыг Бээжингийн суртал ухуулгыг дэлгэрүүлж байна хэмээн шүүмжилсэн юм. Күнзийн институтүүд нь АНУ даяарх их сургуулиудад хятад хэл заадаг юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг