АНУ-ын үндэсний аюулгүй байдлын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан хэсэг бүгд найрамдахчуудын МЭДЭГДЭЛ
Бид бол АНУ-ын өмнөх үеийн Ерөнхийлөгчид болох Рональд Рейган, Жорж Х.В. Буш, Жорж В. Буш /бага/ болон өнөөгийн төрийн тэргүүн Дональд Трампын засаг захиргааны үед үндэсний аюулгүй байдлын байгууллагад ажиллаж байсан хэсэг ажилтнууд, Конгресс дахь бүгд найрамдахчуудын зарим төлөөлөл юм. Дональд Трамп Америк орныг удирдах ур чадвар, зан төлөвшил дутмаг гэдгээ өөрийн үг, үйлдэл бүрээр харуулсаар байгаа билээ. Иймд Трампын удирдлага дор оршиж буй улс орныхоо ирээдүй хойчид бид гүнээ санаа зовниж байна.
Дараах учир шалтгаануудын улмаас Дональд Трамп бус, харин өнөөгийн дэд-ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой гэсэн дүгнэлтийг бид гаргаж байгаа юм:
1. Дональд Трамп Америк орон дэлхийд тэргүүлэгч байх үйл явцад ноцтой хохирол учруулсан. Тэрээр дэлхийн тавцан дээр Америкийн нэр хүндийг гутааж, манай орны дипломат болон ёс суртахууны нөлөөг сүйтгэсэн гэж болно. Энэ хүн НАТО-г "хоцрогдсон", Европыг "дайсан" хэмээн нэрлэж, Америкийн ойрын түнш улс орнуудын удирдагчдыг дооглож тохуурхан, эртний найрсаг харьцаануудыг ч үгүй хийхээр заналхийлж байна. Иймд бусад улс орнуудын удирдагчид түүнийг итгэлгүй, тогтвортой бус, хүндэтгэл хүлээхээр түнш биш хэмээн тооцоход хүрлээ.
2. Дональд Трамп үндэсний хямралын үед улс орныг удирдан жолоодох чадваргүй гэдгээ харууллаа. Тэрээр америкийн олон нийт болон дэлхий дахиныг коронавирустэй тэмцэхэд зоригжуулан уриалахын оронд сүүлийн хагас жилийн турш баталгаагүй мэдээлэл тараан нийгмийн эрүүл мэндийн салбар дахь шинжээчдийн ажлыг тасалдуулж, төрийн албан хаагчид руу дайрч давшилсаар байгаа. Трамп америкийн ард түмний эрүүл мэндэд санаа зовнихоос илүүтэйгээр өөрөө дахин сонгогдох хүсэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байна.
3. Дональд Трамп гадны нөлөөг ашиглаж байгаа нь ерөнхийлөгчийн сонгуульд итгэх бидний итгэлийг хөсөрдүүлж байна. Тэрээр 2016 оны сонгуулийн кампанит ажилдаа туслуулахаар Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг ил тодоор гуйж, Хятадын ерөнхийлөгч Си Зиньпинээс өөрийн улстөрийн өрсөлдөгчөө "мөрдөж эхлэхийг” хүссэн, зорилгодоо хүрэхийн тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуулийг хойшлуулах санал тавьж байгаа нь ч мөн эргэлзээ төрүүлж байна.
4. Дональд Трамп дарангуйлагч удирдагчидтай эвсэн нэгдсэн нь америкийн үнэт зүйлийг хадгалж чадахгүйд хүрч байна. Тэрээр дарангуйлагч удирдагчид болон хүний эрхийг зөрчигсдийн үйл хөдлөлийг байнга магтан сайшаадаг болжээ. Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-д "хайр зарлаж”, "гялалзсан удирдагч” Си Зиньпинийг бүх насаараа Хятадын дарга байх болсонд баяр хүргэн, өөрийн улсын тагнуулын байгууллагын эсрэг Владимир Путины талд нэг бус удаа зогсож, Туркийн ерөнхийлөгч Рэжеп Эрдоганы ардчиллыг нухчин дарж байгааг ч үл хайхран түүний "агуу фэн” гэдгээ зарлаад байгаа билээ.
5. Дональд Трамп америкийн зэвсэгт хүчин, тусгай албад, дипломатуудыг ч шүүдэг болоод байна. Тэр Алтан оддын гэр бүл рүү халдаж, америкийн цэргийн хоригдлуудаар даажигнан, цэргийн хуулийн системд хутгалдсанаар цэргийнхнийг дотоод улстөрийн бодлогодоо татан оролцуулж байна. Трамп АНУ-ын тусгай албадаар тохуурхаж, дипломатуудыг "гүний улс” хэмээн хуурамчаар хөөргөдөх болжээ.
6. Дональд Трамп хуулийн дээд эрх мэдлийг сүйтгэсээр байна. Тэрбээр Хууль зүйн яамны бие даасан байдлыг үгүйсгэн, холбооны шүүгч нар руу нэг бус удаа халдаж, хуулийг ёсчлон мөрдөхийг хичээсэн төрийн албан хаагчдыг залхаан шийтгэдэг болжээ. Өөрийнх нь эсрэг мөрдлөг эхлүүлж, гэрчийн мэдүүлэг өгсөн зарим албан тушаалтнуудыг ажлаас нь халж, илчлэгчдийг сүрдүүлэн, амаа хамхих тохиролцоотойгоор өршөөл үзүүлсэн, түүний өмнөөс хилс хэрэг хүлээсэн улстөрийн андынхаа хоригдох хугацааг зогсоосон байна. Мөн түүний эрх тэгш бус үйлдлүүдийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлчидтэй маргалдан, хэвлэлийг "ард түмний дайсан” мэтээр нэг бус удаа заргалдаж байсан юм.
7. Дональд Трамп төрийн тэргүүний өндөр албан тушаалыг гутааж байна. Тэр хүүхэд мэт аашлан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр тохуурхан, үндэслэлгүй хуйвалдааны онолуудаар наймаалцаж, дэлхий дахины нүдэн дээр америкчуудыг гутаасаар байна.
8. Дональд Трамп манай үндэстнийг хувааж талцуулан, Америк орныг бүрхэг, гутрангуйгаар харах үзлийг төрүүлж байна. Тэр улстөрийн, арьс өнгөөр ялгаварлах болон үндэстэн хоорондын зөрчлийг улам дэвэргэсээр байгаа нь ард иргэдийн идэвх зоригийг мохоож, бидний өрсөлдөгчдийг баярлуулсаар байгаа. Америкийн тухай Рональд Рейганы "толгод дээрх гэрэлтсэн хот” хэмээх төсөөллөөс ялгаатай нь, Трамп "америкийн сүйрлийн” тухай ярьж, америкчуудыг бие биенийх нь эсрэг турхиран, "уурссан хүн сүрэг”, "анархистууд” улс орныг сүйтгэж болзошгүй хэмээн хардан болгоомжилсоор байна.
9. Дональд Трамп манай улс дахь цагаачид руу дайрч давшилсаар байна. Тэр дахин сонгогдох дэмжлэг хайн, дүрвэн ирэгсэд рүү чиглэсэн шударга бус явдлыг улам турхирсаар байгаа. Америк орон угаасаа дүрвэгсдийн эх нутаг гэх уламжлалт ойлголтыг үл хайхран бусад улс орнуудаас гаралтай америкчуудыг үл тоомсорлон, тэр ч байтугай, гэр бүл нь АНУ руу цагаачилж ирсэн Конгрессийн гишүүдэд хандан "гэмт хэрэг бугшсан газар нутаг руугаа буцаж явахыг” сануулсан удаатай.
10. Дональд Трамп өөрийн мэдэлд байдаг үндэсний аюулгүй байдлын байгууллагыг муу удирдаж байгаа нь Америк орны аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Трамп олон нийтийн сүлжээ /твиттер/ хуудсанд үндэслэн батлан хамгаалах, дотоод явдлын яамны төрийн нарийн бичгийн дарга нар, ерөнхий прокурор, Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчооны удирдагчид, үндэсний аюулгүй байдлын гурван зөвлөх болон бусад олон албан тушаалтнуудыг өөрийн эрх ашгийн төлөө хувийн шалтгаанаар халах буюу сольсон билээ.
Бид бусад америкчуудын адилаар түүнд маш их итгэл найдвар тавьж, улс орныг ухаалгаар удирдах байх хэмээн мөрөөдөж байтал тэрбээр өөрт нь санал өгсөн олон сая сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, дахин сонгогдоход хүрвэл маш аюултай этгээд гэдгээ олон талаар батлан харууллаа.
Харин эсрэгээр нь, энэ үндэстнийг зөвөөр удирдах зан төлөвшил, туршлага, ур ухаан Жо Байденд илүүтэй байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Тэр төрийн тэргүүний нэр төрийг сэргээж, америкчуудыг нэгтгэн, Америкийн дэлхийд тэргүүлэгч нөлөөг бататгаж, манай үндэстнийг өөрийн үнэт зүйлээ хадгалан аж төрөх урам зоригийг сэрээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Бидний зарим нь Жо Байден болон түүний намын улстөрийн үзэл бодлоос ялгаатай байр суурьтай хэдий ч үүнийг хэлэлцэх цаг хожмоо ирж таарна. Харин яг өнөөгийн нөхцөл байдалд бол манай улс орны үнэт зүйлд Трампын халдаж байгааг хязгаарлан зогсоож, ардчиллын амин сүнсийг эргээн сэргээх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд Жо Байден АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болох нь улс орны эрх ашигт илүүтэй нийцнэ гэдэгт бид хатуу итгэлтэй байгаа учраас түүний төлөө саналаа өгөхөөр шийдэцгээсэн юм.
Эх сурвалж: https://www.defendingdemocracytogether.org