Беларус 3 дахь өдрөө үймж, цагдаагийнхан жагсагчид руу бууджээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Өнгөрсөн ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн беларусчууд гурав дахь өдрөө нэгдэн тэмцжээ. 

 

Наймдугаар сарын есний үдшээс эхлэн жагсагчид Минск болон Беларусын бусад хотуудад нэгдэн, эсэргүүцлээ илэрхийлж, улмаар хууль сахиулагчид жагсаалыг хүчээр тараах гэсний улмаас мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдалд шилжсэн байна. Наймдугаар сарын 11-ний үдэш Минскийн оршин суугчид дахин цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд энэ үеэр Беларусын онцгой зориулалтын цагдаагийн отряд /ОМОН/-ынхан Рокоссовскийн өргөн чөлөөнөөс жагсагчдыг шахан, хүмүүсийг баривчилж, харин нөгөө талаас жагсагчид үүнийг эсэргүүцэн хууль сахиулагчид руу мод, чулуу, бамбар шидэж байжээ. Regnum агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчдийн ихэнх нь цагдаа нар руу элдэв зүйл шидлэн өдөөн турхирахгүй байхыг уриалсан ч хөөрч, бухимдсан иргэд байдлыг улам дэвэргэж байсан гэнэ. 

 

Цагдаагийн отрядынхан жагсагчдыг тараах, үймээнийг дарах үүднээс гэрэлт дуут гранат ашиглан, хаа сайгүй дэлбэрэх чимээ сонсогдож байсны дээр хүмүүсийг резинэн сумтай буугаар буудан, бороохойдож байсны улмаас олон хүн гэмтэж бэртэн, түргэн тусламжийн машинууд хаа сайгүй харагдсан гэж ВВС агентлагийн сэтгүүлч газар дээрээс нь мэдээлсэн байна. Сэтгүүлчийн онцолсноор, хэргийн газраас түргэн тусламжийн машинууд төдийгүй баривчлагдсан хүмүүсийг ачсан машинууд олноор хөдлөн явж байжээ. 

 

Лента.ру агентлагийн мэдээлснээр, ийнхүү хууль сахиулагчид хүч хэрэглэн тарааж байсны улмаас хүмүүс цагдаагийнхныг хармагцаа зогсоолд байгаа машин, ойролцоох байр, байшингийн орц хонгилд нуугдаж байсан гэнэ. Мөн энэ үеэр нэгэн жагсагчийг цагдаагийнхан өшиглөн, бороохойдсны дараа иргэд тагтан дээрээсээ "гутамшиг", "фашистууд" хэмээн хашгирахад цагдаагийн отрядынхан тагт руу буудсан гэж гэрчүүд өгүүлсэн байна.

 

Түүнчлэн орцонд нуугдсан эсэргүүцэгчдийг баривчлахын тулд орцны хаалгыг эвдэлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Үүнээс өмнө, цагдаагийнхнаас нуугдах боломжийг эсэргүүцэгчдэд олгохын тулд Минск хотын орцны кодуудын жагсаалтыг иргэд олон нийтийн сүлжээгээр түгээж байсан аж. Түүнчлэн зэвсэггүй хүмүүсийг буудсан мэдээлэл гарсан байна. Лента.ру агентлагийн мэдээлснээр, бутанд нуугдсан залуусыг тусгай зориулалтын цагдаагийн отрядынхан олж, зогсоол дээр өвдөглүүлэн суулгаад резинэн сумаар бууджээ. 

 

Дүйвээнээр сэтгүүлчид "хэлмэгдэв"

 

Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн дараа л эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд улмаар Беларусын томоохон хэвлэлүүдийн цахим хуудас ажиллахаа больж, хэвлэл мэдээллийнхний хувьд нөхцөл байдлыг бодитоор дамжуулах боломж хомс байгаа талаар сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд мэдээлж байлаа. 

 

Үүний зэрэгцээ Минск хотноо болсон үймээний үеэр хэвлэлийнхэн ихээхэн өртжээ. Тэр дундаа "Комсомолская правда" агентлагийн Беларусын редакцийн сэтгүүлч болон жолоочийг цагдаагийнхан бороохойдсон байна. Тэд "ПРЕССА" /хэвлэл мэдээлэл/ гэсэн бичигтэй хантаазтай байсны дээр үйл явдлыг дамжуулах бүрэн эрхтэйг илтгэсэн үнэмлэхээ үзүүлж, өөрсдийгөө танилцуулсан ч цагдаагийнхан тэдний үгийг сонсолгүй, биед нь халдсан байна. 

 

"Россия сегодня" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Илья Питалев болон Знак.ком-ын сэтгүүлч Никита Телиженко нарыг мөн л жагсаал цуглаанд оролцсон хэргээр баривчлан, саатуулах байранд хонуулсан байна. Түүнчлэн ВВС агентлагийн Орос дахь редакцийн сэтгүүлчид Минск хот дахь нөхцөл байдлыг сурвалжлах үеэр цагдаагийнхан биед нь халджээ. 

 

Human Rights Watch хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид ийнхүү энгийн иргэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн биед халдсан, тэдний эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийг мөрдөн шалгахыг НҮБ-ын дэргэдэх Беларусын тусгай илтгэгчид хандан уриалжээ. Мөн хүч хэрэглэхээ зогсоон, иргэдийн үндсэн эрхийг хүндэтгэхийг Беларусын цагдаагийнханд хандан уриалсан байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл эхэлсэн. Иргэд энэ сонгуулиар 80 гаруй хувийн санал авсан, өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ялалт байгуулсныг эсэргүүцэж, улмаар жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, эмх замбараагүй байдал болон өрнөсөн юм.


 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/521526
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх