Энэтхэгт халдварын тохиолдлын тоо хэрхэн нэг сая давсан бэ?

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 34 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо нэг сая давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэтхэгт халдвараар нас барсан хүний тоо 25 мянгад хүрсэн байна.

Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сард хөл хорио тогтоох үед халдварын 500 тохиолдол бүртгэгдээд байсан юм. Харин зургаадугаар сарын 8-наас хөл хориог аажмаар сулруулж эхэлснээс хойш халдварын тохиолдлын тоо хурдацтайгаар нэмэгдэх болжээ.
1.3 тэрбум гаруй хүн амтай тус улсын хувьд үргэлж олон нийтийн анхаарлын төвд байсан. Хүн ам шигүү суурьсан хотууд олонтой тул Энэтхэг улс халдварын томоохон голомт болж болзошгүй гэж ихэнх мэргэжилтэн таамаглаж байжээ.
Энэтхэгт халдварын анхны тохиолдол нэгдүгээр сард илэрснээс хойш 170 орчим хоногийн дотор халдвар авсан хүний нийт тоо нэг саяд хүрчээ. Тус улс өнгөрсөн саруудад халдварын тохиолдлын тоогоороо Хятад болон Европын халдвар хамгийн их тархсан орнуудыг гүйцэж, саяхан ОХУ-ын ижил үзүүлэлтийг давснаар халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орнуудын гуравдугаарт бичигдэж эхэлсэн юм.
Энэтхэгт сүүлийн хоёр сарын хугацаанд сэтгэл шимшрэм мэдээллүүд гарах болсон бөгөөд эмнэлгүүдийн ор дүүрсний улмаас зарим хүн эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрчээ. Үүнтэй зэрэгцэн мужуудад иргэдийг шинжилгээнд хамруулах ажиллагааг өргөжүүлсэн нь халдварын тохиолдлын тоо нэмэгдэхэд мөн нөлөөлсөн байна.
Гэсэн хэдий ч Энэтхэгт коронавирусний халдвар авсны улмаас эмчлүүлж буй хүмүүсийн тоо харьцангуй бага буюу 340 мянга орчим байгаа бөгөөд халдвар авсан 100 хүн тутмын 63 нь эдгэрч байна. Мөн нас баралтын түвшин 2.55 хувь байгаа нь нааштай үзүүлэлт ажээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх