ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятад энэ сарын 1-нд баталснаар дэлхийн улс орнуудын шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал, Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцэж, Канад улсаас Хонгконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэн авах гэрээгээ цуцалснаа зарласан юм.
Учир нь шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэрэг зөрчил гаргасан этгээдийг бүх насаар нь хорино хэмээн заасан юм. Энэ нь Хонконгийн эсрэг Бээжингийн хүч чадлыг өмнө байгаагүйгээр нэмэгдүүлнэ хэмээн бусад улс орнууд үзэж байна.
Шинэ хууль долдугаар сарын 1-н буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болсон. Ийн Их Британи хуучин колони байсан Хонгконгийн иргэдэд иргэншил олгохоо мэдэгдсэнээр Хятад улсын хоорондох харилцаа хурцдаж буй талаар BBC мэдээллээ.
Хятадын элчин сайд Лю Сяомин Их Британи гурван сая гаруй Хонконг хүнийг өөрийн улсын иргэнээ болохыг зөвшөөрсөн нь манай хоёр улсын харилцаанд хөндлөнгөөс оролцож буй маш бүдүүлэг хэрэг юм. Тиймээс Хонконгийн иргэдэд иргэншил олгох саналаа эргэн харна гэдэгт итгэлтэй байна” хэмээн цахим хурлын үеэр хэлжээ.
Хариуд нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Шинэ үндсэн хууль Хонконгчуудын хагас автономит эрхийг боогдуулж байна. Хятад Хонконгт эрх чөлөө олгосон гэрээг 1997 онд байгуулахдаа 50 жилийн турш хүчинтэй гэсэн боловч гэрээгээ зөрчлөө. Хонконгчууд өөрсдөө Их Британийн иргэншилтэй болохыг хүсвэл Хятад хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье. Тухайн улс хүний эрхийг зөрчсөн, улс төрийн зорилготойгоор иргэншил олгож байгаа бол иргэнийг тухайн улсад шилжүүлэхийг шүүхээс хориглох шаардлагатай. Гэхдээ Их Британид Хонконгчуудыг шилжүүлэн өгөх нь аюулгүй” гэж мэдэгдсэн юм.
Ийн Хонконгчуудыг Их британи болон Хятад хоёр булаацалдаж эхлээд байна. Үүнээс гадна Хятадын шинэ хуулийн хэрэгжилтэд АНУ, Австрали ч санаа зовж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Хонконгийн боловсролын байгууллагууд Жошуа Вонг болон бусад ардчиллыг дэмжигчдийн гаргасан номыг бүх номын сангаас хураан авсан. Энэ үйлдлийг ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг шинэ үндсэн хуулийн эхний алхам гэж үзсэн юм.
Б.Должинжав
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин